Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ, БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийж буйг Төрийн ордноос шууд дамжуулан хүргэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний хооронд айлчиллаа. С.Лавров сайд болон бусад төлөөлөгчидтэй хэлэлцээр хийлээ. С.Лавров сайдтай бараг хоёр цаг гаруй олон асуудлаар ярилцлаа.
Товчхон хэлэхэд ОХУ-тай шийдэгдээгүй эдийн засаг, мөнгө санхүү, улс төрийн асуудал алга.
Хамгийн гол нь өмнө нь хийсэн яриа хэлэлцээрийн биелэлтийг хангах ажил үлдээд байна.
Айлчлалын нэг том зорилго Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д айлчлах айлчлалын бэлтгэл ажил байсан. Ерөнхий сайдыг энэ оны эхний хагаст ОХУ-д айлчлуулахаар тохирлоо.
Манай хувьд чухал ач холбогдолтой хэд хэдэн хэлэлцээр байна. Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх тухай олон хэлэлцээ бий. Ерөнхий сайдын айлчлалаар энэ асуудлаа эцэслэхээр тохирлоо.
Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр байгуулах зарчмын ажлаа хоёр тал шийдлээ.
Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа байгуулах тухай хэд хэдэн асуудлаа шийдэхээр боллоо.
100 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэх асуудлаа ярилаа. ОХУ-ын тал өнгөрсөн хавар их өрийн асуудлыг шийдсэн учраас энэ асуудлыг шийднэ, гагцхүү хоёр тал төслөө тохирох хэрэгтэй, ОУВС-гийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байгаа гэсэн хариу өгсөн.
Бид энэ мөнгөөр Улаанбаатар төмөр зам, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа.
Мөн ОХУ-ын банкнаас 200 сая ам.долларыг Хөгжлийн банк авахаар ярьж байгаа.
Эгийн голын усан цахилгаан станцын талаар дэлгэрэнгүй ярилаа. Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтран ажиллана.
Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулснаар Байгаль нуурын орчинд хор хөнөөлтэй үгүйг судалж, эрдэмтдийнхээ үгийг сонсож шийдвэрлэхээр боллоо" гэв.
БНХАУ-д хийсэн айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил:
"Өчигдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай дэлгэрэнгүй яриа хэлэлцээр хийлээ.
Мөн БНХАУ-ын дэд даргад бараалхаж хоёр орны асуудлаар санал солилцлоо.
Хоёр улсын хооронд байгуулахаар бэлэн болоод буй хэд хэдэн асуудлууд байна. Юуны өмнө Монголын "Талын зам" санаачилгыг БНХАУ-ын "Бүс ба зам" санаачилгатай уялдуулна.
Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах санамж бичиг байгуулах зэрэг олон асуудлыг ярилцлаа.
Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, тээвэрлэлт явуулах хэлэлцээрийг БНХАУ-ын тал соёрхон баталсан байна. Энэ нь худалдааны хувьд чухал ач холбогдолтой. Энэ хэлэлцээрээр нэмэлт 5 боомт ашиглах боломж бүрдэж байна. Мөн манай ачааг гуравдагч улсын хөлөг онгоцоор тээвэрлэх боломжтой болсон.
Манай талаас БНХАУ-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлэхийг санал болгосон. БНХАУ-ын хувьд сайн хөршийн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн.
БНХАУ ч мөн адил ОУВС-тай тохиролцоо хийж байгааг сайшааж, хамтын ажиллагаагаа тогтвортой төлөвлөхөд ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж байна.
БНХАУ-аас Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, ОУВС-гаар дамжуулан дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
Хоёр төв банкны хооронд байгуулсан своп хэлэлцээг сунгана гэдгээ илэрхийлсэн. Мөн манай хүсэлтийн дагуу своп хэлэлцээрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг нааштай шийднэ гэдэгээ хэлсэн.
Өмнө нь олгохоор шийдсэн хөнгөлөлттэй зээлийнхээ хэрэгжилтийг судлахаар болсон. Тухайлбал өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян манайд өгөхөөр тохирсон 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдээгүй байгаа бөгөөд үүнийг шийдэхээр боллоо.
Энэ мөнгийг манай тал гэр хорооллыг орон сууцжуулахад ашиглана, мөн хоёр орны боомтын Монголын талын дэд бүтцийг сайжруулахаар тохирлоо".
Гэрэл зургууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!