Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь “Өсөлтөд Хүрэх Зам 2017” буюу 2017 оны бодлогын голлох баримт бичгээ боловсруулан гаргалаа.
АмЧам Монгол нь АНУ-Монгол улсын хооронд худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэх, Монголд Америкийн хөрөнгө оруулалтыг татах зорилгынхоо хүрээнд 2017 онд хийж хэрэгжүүлэх бодлогын гол чиглэлүүдээ энэхүү баримт бичигтээ тусган оруулдаг юм.
АмЧам Монгол нь өсөлттэй, амжилттай, хүчирхэг бизнесүүд болон хувийн хэвшлийн оролцоо, хүчин чармайлтын үр дүнд Монгол улсын өмнө тулгамдаж буй нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн олон тооны асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж байна. 2017 онд АмЧам Монгол нь Монголд бизнес эрхэлж буй гишүүн байгууллагуудаа амжилтанд хүрэхийг дэмжих, тэдний амжилтын түүхийг сурталчилах замаар Монгол улсын бизнесийн орчин, чөлөөт зах зээлийн цаашдын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн төлөө идэвхийлэн ажиллах болно.
2017 онд АмЧам Монгол нь стратегийн гол дөрвөн чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах ба үүнд гишүүн байгууллагуудад таатай нөхцөлтэй санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлэх, хөдөө аж ахуй болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжих замаар эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх, сайтар төлөвлөсөн, тууштай, ил тод, тодорхой эрх зүй, зохицуулалтын орчинг бүрдүүлэх болон гишүүн байгууллагуудын амжилтын түүхийг сурталчилах замаар хөрөнгө оруулалтыг татах зэрэг чиглэлүүд багтаж байна.
Монгол Улсад хөрөнгө оруулалт татах олон тооны ажлын хүрээнд АмЧам Монгол 2017 оны 6-р сард АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтаар удирдуулсан АНУ-руу хийх бизнесийн айлчлалыг зохион байгуулж АНУ-ын шинэ засаг захиргаанд Монгол улсыг таниулан сурталчлах, Монгол улсад хөрөнгө оруулах сонирхол бүхний Америкийн хөрөнгө оруулагчдад гишүүн байгууллагуудын амжилтын түүхийг танилцуулахаар бэлтгэн ажиллаж байна.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Татаж авах: АмЧам Монгол_Өсөлтөд Хүрэх Зам 2017
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!