Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын Эмирт итгэмжлэх жуух бичгээ барив

ikon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт 2017 оны 2 дугаар сарын 7-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Кувейт Улсын Эмир Элчин сайд З.Чинтүшигийг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзсан юм.

Элчин сайд З.Чинтүшиг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дотно мэндчилгээг Кувейтийн Эмирт уламжилж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө  идэвхтэй ажиллахаа нотлохын зэрэгцээ Эрхэм дээд Эмирийн дэмжлэгийг хүлээж ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Кувейт Улсын Эмир Монгол, Кувейтийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж,  Монгол Улсад зочлон очих бүрд хүндэтгэлтэй хүлээн авдагт онцгойлон талархал илэрхийлэв. Мөн тэрбээр шинэ Элчин сайдын ажиллах хугацаанд хоёр талын харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гээд ажлын өндөр амжилт хүслээ.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Кувейт Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Хамад Аль-Сабах, Эмирийн Ордны хэрэг эрхлэх асуудал хариуцсан дэд сайд Шейх Али Жарра Аль-Сабах зэрэг албаны хүмүүс байв.


З.Чинтүшиг ХБНГУ-ын Чөлөөт их сургууль, АБНЕУ-ын Америк их сургуулийн араб хэлний ангийг төгссөн. Араб, герман, орос, англи хэлтэй. 2008 онд ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газраас ажлын гараагаа эхэлсэн.

Москва дахь ЭСЯ-нд атташе, Кайр дахь ЭСЯ-нд атташе, 2012-2014 онд Америк, Африкийн газрын дэд захирал, 2015 оноос Москва дахь ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч.

З.Чинтүшиг нь Кувейт Улсад Монгол Улсыг төлөөлөн суух араб хэлтэй анхны Элчин сайд юм.


Эх сурвалж: ГХЯ