Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

4 салбарын ААН-үүд 1%-ийн татвар төлөхөөр боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр 10:00 цагт эхэлсэн Улсын Их Хурлын чуулганы хаалттай хуралдаан оройн 19 цаг 07 минутад нээлттэй горимд шилжин  үргэлжлүүлэн хуралдлаа.

Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж, Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн "2017 оны төсөвт тусгагдаагүй татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх учир төслийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн дөрвөн салбарын хүрээнд нь дэмжээд, гарах үр дагаврыг нь тодорхой хугацаанд харах нь зүйтэй.

Иймээс татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг нэмэх талаар Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар дахин санал хураалгах шаардлагатай байна" гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг төсөлд нэмэх талаар гишүүдийн гаргасан саналуудыг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, М.Оюунчимэг, М.Билэгт нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжив.

Уг хууль батлагдсанаар татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй,

  1. хүнсний үйлдвэрлэл,
  2. хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл,
  3. барилгын материалын үйлдвэрлэл,
  4. газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу 90 хувийн хөнгөлөлтийг тухайн аж ахуйн нэгжид үзүүлэхээр болж байгаа юм.

 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: