АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхимийн багш Д.Гантуяагаар ахлуулсан баг “Агаарын бохирдлын ургийн жин, амьгүй ба дутуу төрөлтөд үзүүлж буй нөлөөлөл”-ийг судалжээ.
Судалгааг 2013-2015 онд хийсэн бөгөөд судалгааны багт НЭМС-ийн багш Д.Гантуяа, Л.Ундрам, О.Чимэдсүрэн, Т.Эрхэмбаатар нар ажилласан байна.
Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч бодисуудын ихэссэн агууламж нь ургийн жинг бууруулахад нөлөөлж байгааг тогтоожээ. Тухайлбал, хүхрийн давхар исэл 30.48 грамм, азотын давхар исэл 42.96 грамм, нүүрстөрөгчийн дутуу исэл 29.96 грамм, том ширхэгт тоосонцор 34,88 граммаар тус тус нийт 138.28 граммаар жирэмсний тээлтийн хугацаанд ургийн жинг бууруулж байна.
Баянгол, Чингэлтэй дүүрэгт бага жинтэй төрсөн нярайн түвшин харьцангуй өндөр байна. Бага жинтэй нярай өвлийн улиралд хамгийн их төржээ.
Дутуу төрөлтийн түвшинг судлахад Баянгол дүүргийн эхчүүдэд 1,000 амьд төрөлтөнд 15.5 байсан бөгөөд дутуу төрөлт хавар ихсэх хандлагатай байгаа аж.
Хүхрийн давхар исэл ба том ширхэгт тоосонцрын бохирдол нөлөөлснөөр ураг хэвийн хугацаанаас 12.1 долоо хоног ба 8.89 долоо хоногийн өмнө дутуу төрөх магадлалтай байна.
Амьгүй төрөлтийг судлахад эхчүүдийн ихэнх нь Сонгинохайрхан (24.2%), Баянзүрх (23.4%) дүүргийн харьяалалтай байжээ.
Хүхрийн давхар ислийн агууламж тээлтийн эхний, дунд, сүүлийн гурван сард 10 нэгжээр ихсэхэд ураг амьгүй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл тээлтийн эхний гурван сард ихссэнээр амьгүй төрөх эрсдлийг нэг дахин нэмэгдүүлдэг байна. Харин нүүрстөрөгчийн дутуу исэл тээлтийн бүх хугацаанд нөлөөлснөөр амьгүй төрөх эрсдлийг мөн нэг дахин нэмэгдүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!