Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

RIP Blackberry!

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Нэгэн үе Blackberry нь том брэнд байлаа. Жил бүр хэдэн арван саяараа зарагддаг энэ брэндийг барих нь нэр хүндийн хэрэг байсан гэхэд болно. Гэвч 2007 онд iPhone гарч, дараа нь Android-ууд гарсны дараа Канадын компани эрчимтэй унаж эхэлсэн юм.

Зургаан жилийн турш өрсөлдөөнд тэсэж үлдэх гэж тэмцэлдсэний дараа тэд өнгөрсөн аравдугаар сард гар утас үйлдвэрлэх ажлаа гадны компанид аутсорсинг хийхээр болсноо мэдэгдэж байлаа.

Харин өчигдөр тэд Blackberry брэндийг Хятадын TCL компанид зарж байгаагаа зарлалаа. TCL нь Blackberry брэндтэй гар утсыг үйлдвэрлэх, сурталчлах, зарах, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх бүх ажлыг хариуцна. Канадын Blackberry Limited компанид зөвхөн програмыг нь хариуцах ажил үлдэж байна.

Гэхдээ энэ гэрээнд бас онцгой нөхцлүүд бий. Тухайлбал TCL нь Энэтхэг, Индонези, Балба, Бангладеш, Шри Ланкын зах зээлүүдэд ажиллах эрхгүй аж.

Учир нь эдгээр орнуудад Blackberry брэндийн нэр хүнд өндөр хэвээр байгаа тул Канадын компани нэг хэсэг өөрсдөө ажиллах гэнэ.

Гэсэн хэдий ч Blackberry брэнд урьдынх шигээ нэр хүндгүй болж байна. TCL нь чанартай сайн гар утас хийдэггүй, нэр хүнд муутай үйлдвэрлэгч тул Blackberry брэнд эцсийн замдаа орж байна гэж үзэхэд болно. TCL өмнө нь Алкател брэндийг ийм замаар авсан ч юм болгож чадаагүй. Palm брэндийг өнгөрсөн нэгдүгээр сард авсан ч одоо болтол юу ч хийж чадсангүй.

Нэг үгээр хэлбэл Blackberry брэндэд “RIP” (Rest In Peace) гэж хэлэх цаг нь болжээ.

 

Эх сурвалж: TheNextWeb