Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Үзүүр Гялангийн олдвор МЭ X зууны үеийнх болох нь ТОГТООГДЖЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Соёлын Өвийн Төв, Турк улсын ТИКА байгууллагын хамтын ажиллагаагаар Ховд аймгийн нутаг, Алтайн нуруунаас олдсон Үзүүр гялангийн олдворт он цаг тогтоох шинжилгээ хийж, үр дүнг нь өнөөдөр зарлалаа. 

Үзүүр Гялангийн олдворыг Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд энэ оны дөрөвдүгээр сард олж, олон нийтэд зарласан байдаг. 

Тэгвэл Ховд аймгийн музей, "Ховд" их сургуулийн хүсэлтээр 2016 оны зургаадугаар сарын 12-21-ний өдрүүдэд таван хүний бүрэлдэхүүнтэй Туркийн эрдэмтэд Монголд ирж уг олдвороос 9 төрлийн дээж авсан ажээ. Тэд нэг төрлөөс хоёр ширхэгээр нийт 18 дээжийг АНУ-руу шинжилгээнд явуулсан байна. 

Уг шинжилгээний хариу гарсан бөгөөд өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар сэтгүүлчдэд ийнхүү мэдээлэл өглөө. 

 

Судалгааны багт ажилласан археологич Сэбахаттин Күтүк “АНУ-руу явуулсан дээжийн шинжилгээний хариу гарсан. Уг шинжилгээгээр Үзүүр Гялангийн олдвор МЭ X зууны үеийг хамарч байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. 

X зуун гэдэг бол Түрэгийн үе дуусч Киргизүүдийн үе эхэлж байсан үе юм. Тиймээс энэ олдворыг Киргизүүдийн үед хамааралтай гэж үзэж болно. 

Гэхдээ энэ зааг үе учраас төрийн удирдлага нь солигдсон ч гэлээ хүн, ахуй амьдрал, угсаатан, соёл үргэлжилж л байсан. Тиймээс Түрэг угсаатны үргэлжлэл гэж дүгнэж болохоор байна. 

Бидний хийсэн энэ судалгаа зөвхөн он цагийг нь тогтоосон байгаа. Нарийвчилсан судалгаанууд хараахан хийгдээгүй. Цаашид нарийвчилсан судалгаа хийх төлөвлөгөөтэй байна” хэмээсэн юм. 

Одоо уг олдворын сэргээн засварлалтын ажлыг Соёлын Өвийн Төв хариуцдаг. Энэ тухай тус төвийн захирал С.Энхбат “Үзүүр Гялангийн нэг гол онцлог нь тухайн хүний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс маш сайн хадгалагдсан, баялаг олдвор юм.

Одоогийн байдлаар өмсөж хэрэглэж байсан хувцас, модон эдлэл, тогоо шанага, метал эдлэлийг нь сэргээн засварлаад ажиллаж байна. Нийт 40 орчим олдвор гарсны 20 гаруйг нь сэргээн засварлаад байгаа” гэв. 

ОЛДВОРЫН ОДОО БАЙГАА БАЙДАЛ, ГЭРЭЛ ЗУРГУУД: