Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх дэлхийг нарны эрчим хүчээр хангахын тулд Сахарын цөлийн 1%-ийг ашиглахад хангалттай

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Хүмүүс мэдлэгээ хуваалцдаг Quora сайтад “Дэлхий нийтээр цөмийн эрчим хүч рүү шилжих боломжтой юу? Ингэвэл дэлхийн дулаарлыг хязгаарлаж чадах уу?” гэсэн асуулт тавигдаж олон хүн хариулт өгсөн байна.

Тэдгээрийн дотроос UC Berkeley сургуулийн PhD, профессор, цөмийн материалын эксперт Мехран Моалемийн хариулт тун сонирхолтой байлаа.

Түүний үзэж байгаагаар бид дэлхий нийтийг зөвхөн нарны эрчим хүчээр хангах боломжтой гэнэ.

Би Цөмийн инженерчлэл болон бусад эрчим хүчний эх үүсгүүрүүдийн талаар хичээл заадаг. Бас дэлхийн өөр өөр цэгүүдэд зургаан нарны эрчим хүчний үйлдвэр байгуулах ажилд сүүлийн хоёр жил ажилласан.

Хэдийгээр би цөмийн салбарын хүн боловч энэ талаар өөр байр суурьтай байна. Энгийн математик тооцоолол хийж үзье.

Дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээ (нүүрс+газрын тос+усны үүсгүүр+цөм+сэргээгдэх) 2015 онд 13,000 MTOE (Million Ton Oil Equivalent) байсныг Дэлхийн Эрчим Хүчний Хэрэглээ ба Статистик материалаас харж болно. Энэ нь жилийн турш 17.3 Терават эрчим хүч хэрэглэсэн гэсэн үг.

Тэгвэл бид дэлхийн гадаргын хааш хаашаагаа 335 км талбайг нарны эрчим хүчний хавтангаар бүрхэхэд, өнөөдрийн хүрээд байгаа боломжит үр ашгийн хэмжээний дунджаар тооцоход л 17.4 Тераватаас давсан эрчим хүч үйлдвэрлэнэ.

Ийм талбайн хэмжээ 111,000 км.кв гэсэн үг. Тэгвэл Сахарын цөлийн нийт талбай 9.3 сая км.кв. Энд хоногийн 12-оос дээш цаг нь нартай байдаг, дэлхийн нарны эрчим хүчний гол эх үүсгүүр.

Эндээс дүгнэвэл Сахарын цөлийн газар нутгийн 1.2 хувийг тоноглоход бид бүх дэлхийг зөвхөн нарны эрчим хүчээр хангаж чадна.

Бусад эрчим хүчний эх үүсгүүрүүд болох нүүрс, газрын тос, салхи, газрын гүн, цөмийн эрчим хүчний аль нь ч ингэж чадахгүй. Ийм төсөл хэрэгжүүлэхэд нэг удаа таван их наяд ам.доллар гарна. Энэ бол хямралын үед Обамагийн банкнуудыг аврахад гаргасан мөнгөнөөс ч бага. Энэ бол АНУ-ын үндэсний нийт өрийн дөрөвний нэг, Дэлхийн нэг жилийн нийт ДНБ-ий 10 хувь. Харьцангуй бага мөнгө.

Хориос гучин жилийн дотор нарны эрчим хүчээр бүгдийг сольж чадна. Шингэн түлш нэг хэсэгтээ хэрэглэгдэх боловч яваандаа нарны эрчим хүчээр үйлдвэрлэгдсэн устөрөгчийн түлшээр солигдоно.

Тэр үед өнөөдрийн түлш дамжуулах хоолой, хадгалах савнууд зөвхөн устөрөгчийг түгээхэд ашиглагдана. Их хэмжээний устөрөгчийг нөөцлөх циркон, титан баттерейнууд бий болох байх.

Дашрамд дурдахад 1 Гигават цахилгаан (1Gigawatt electric) цөмийн станц байгуулах зардал 3 тэрбум ам.доллар байдаг. Аюулгүй ажиллагаа, ураны хангамж зэргийг нь шийдэж чадсаны дараа 17.3 Tв эрчим хүчийг зөвхөн цөмийн эх үүсвэрээс гаргаж авахад 52 их наяд ам.доллар болно. Нарны эрчим хүчээр шийдэхээс 10 дахин их гэсэн үг.

Энэ бүхнээс харвал хамгийн зөв сонголт бол нарны эрчим хүч. Магадгүй талбай хүрэлцэхгүй, нарнаас хол, эсвэл шумбагч хөлөг онгоцонд зэрэг онцгой хэрэглээнд л цөмийн эрчим хүч зохимжтой байх.

 

Эх сурвалж: Forbes