Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхэнд байгаагүй их хэмжээний хэрэглэгчийн мэдээллийг хакеруудад алдсанаа Yahoo зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Yahoo компани асар их хэмжээний хэрэглэгчийн мэдээллээ хакеруудад алдсаныг зарлалаа.

Хамгийн багадаа 500 сая Yahoo хэрэглэгчийн мэдээллийг 2014 оны сүүлээр алдсан болох нь тогтоогджээ. Yahoo компани энэ ажиллагааг аль нэг улсын засгийн газрын дэмжлэгтэй явагдсан гэж үзэж байгаагаа мэдэгдэлдээ онцолсон байна.

Алдагдсан мэдээлэлд хэрэглэгчийн нэр, имэйл хаяг, утасны дугаар, төрсөн он сар өдөр, кодлогдсон нууц үгс, баталгаажуулах асуулт, хариултууд багтсан гэнэ.

Харин төлбөр тооцооны мэдээлэл, банкны картын мэдээлэл алдагдаагүй гэж үзэж байгаагаа Yahoo дурджээ. 500 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан нь түүхэнд тохиолдож байгаагүй дээд үзүүлэлт юм.

Өмнө нь Myspace сүлжээ 360 сая хэрэглэгчийн мэдээллээ алдаж байсан нь хамгийн томд тооцогдож байв.

Саяхан харилцаа холбооны Verizon компанид $4.8 тэрбумаар зарагдахаар болоод байгаа Yahoo компанийн хувьд энэ нь маш муу хэрэг. Учир нь дээрх явдал Yahoo-гийн наймаа, үнэ ханшид нь сөргөөр нөлөөлөх вий гэж хөрөнгө оруулагчид нь болгоомжилж байна.

Verizon компани энэ асуудлаар мэдэгдэл гаргахдаа “бид өөрсдийн ашиг сонирхолд яаж нөлөөлөхийг судалж байна. Дүгнэлт гартал ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй” гэжээ.

 

Эх сурвалж: Business Insider