Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг нөмөрсөн үер

Р.Оюунцэцэг, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 19
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Хойд хөршийн нийслэл Москва хотод даваа гарагт орсон хугас өдрийн бороо 100 мм-ийг зааж, гамшгийн хэмжээнд хүрчээ. Хэрэв бороо 12 цагийн хугацаанд 100 мм давсан бол тус улс онц аюултай үзэгдэлд тооцдог.

Тэгвэл үлэмж хэмжээгээр орсон энэ удаагийн бороо эл хязгаарыг давснаар Москвагийн хур тунадасны түүхэнд дээд амжилт болон бичигдэв.

Үүнээс cap хүрэхгүйн өмнө урд хөршид мөн үерийн гамшиг нүүрлэсэн. Тус улсын Хэбэй, Хэнань зэрэг төвийн хэд хэдэн мужийг хамарсан үер 200 орчим хүний амийг авч, хоёр сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэв. Байгалийн гамшигт уг үзэгдэл 8.6 сая хүнд сүр хүчээ үзүүлж, 70 гаруй мянган иргэнийг орон гэргүй болгожээ.

Тариалангийн 15 мянган ам километр бүхий талбай тэр чигтээ усанд автсан гээд БНХАУ-д учирсан нийт хохирол 10 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

 Байгалийн гамшигт уг үзэгдэл 8.6 сая хүнд сүр хүчээ үзүүлж, 70 гаруй мянган иргэнийг орон гэргүй болгожээ.

Үндсэндээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн үер дэлхий нийтийг чичрүүлж байна.

АНУ, Мексикээс эхэлсэн усан бороо ОХУ, БНХАУ, Франц, Герман, Бельги, Украин, цаашлаад Энэтхэг, Пакистан, Мьянмар зэрэг олон орныг дайрч, ихээхэн хэмжээний хохирол учруулаад байгаа юм. 

Парист л гэхэд Сиена голын усны түвшин 1982 оноос хойш тохиож байгаагүйгээр үлэмж нэмэгдэж, бүр зургаан метрээр дээшилсэн байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн орнууд хохирлоосоо салж амжаагүй байхад үер дараагийн улсад нүүрэлсээр.

Манай улсын хувьд ч ялгаагүй он гарснаас хойш 17 удаагийн үертэй нүүр тулжээ. Үндэсний их баяр наадмын өмнөхөн Баян-Өлгий аймагт 30-хан минут үргэлжилсэн аадар борооны улмаас 150 гаруй өрх орон гэргүй болсон. Эндээс үүдэлтэй хохирлыг 2.2 тэрбум төгрөг хэмээн тооцоод буй бол үүний дараахан Увс аймагт болсон үер 1.7 тэрбумын хохирол учруулжээ. Гамшгийн золиосонд хүний амь ч эрсэдсэн.

Бороо хур элбэг байгаагаас томоохон гол мөрнүүд үерлэсэн. Үүний улмаас он гарснаас хойш 90 гаруй хүн усанд осолдож, амь насаа алдсан тухай Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв.

Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бий болж буй цаг агаарын хувьсалд хүн төрөлхтөн хүчин мөхөстөж, тоолж баршгүй их хэмжээний хохирол амсаад байна. Ерөнхий зургаараа бол хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ нэмэгдэж байгаагаас агаарын дундаж температур өсөх болсон. Харин өнгөрсөн онд далайн гадаргуугийн агаарын температур эрс нэмэгдэж, Эл-Нино үзэгдэл идэвхжсэнээс ийнхүү үерийн аюул цэнхэр гарагийг бүрхээд байгаа талаар мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

“Монгол орны хувьд конвенцийн гаралтай буюу газрын гадарга хүчтэй халснаар тухайн орчныхоо чийгтэй агаарыг хөөргөж, үүл дэгдээн бага талбайд усархаг бороо орох үзэгдэл нэмэгджээ.

Ер нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр конвенцийн гаралтай, хүчтэй аадар бороо ихсэх буюу эрс тэс уур амьсгалын нөхцөл бүрдэх хандлагатай байгаа” хэмээн Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч, доктор Г.Даваа тайлбарлав.

Бусад орны хувьд ч хур тунадасны хэмжээ эрс нэмэгджээ. Бөмбөрцгийн Зүүн хойд, Дундад Өрнөд, Great Plains буюу Их талыг энэхүү үргэлжилсэн бороо илүү хамарч буй. Тухайлбал, Зүүн хойд бүс нутгийн хур тунадасны улирлын нэг хувийг эзэлдэг байсан аадар бороо өдгөө 67 хувьд хүртлээ нэмэгдсэн бол энэ үзүүлэлт Дундад Өрнөдөд 31, Great Plains-т 15 хувиар нэмэгдсэн байна.

Үүний шалтгааныг мөн л агаар илүү халуун хэрнээ чийгтэй болсонтой холбон тайлбарлаж байна.

Хэрэв хүлэмжийн хийн ялгарал цаашид энэ хэвээр өссөөр байвал хур тунадасны хэмжээ энэ зууны төгсгөл гэхэд дэлхий даяар 40 хувь нэмэгдэнэ гэсэн тооцоог эрдэмтэд урьдчилан гаргаад буй. Гэтэл үзүүлэлт хэдийнэ 20 хувийн өсөлттэй байгаа юм байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалдаг эрдэмтэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр хуурайшилт, хур тунадас хоёр хоёулаа нэмэгдэх боломжтой, эсэх талаар маргалдсаар ирсэн. Тэгвэл сүүлийн жилүүдэд тохиож буй байгалийн хачирхалтай, гэнэтийн үзэгдэл энэ бүхэн боломжтой гэдгийг нотлон харуулж байна.

Олон улсын гамшгийн мэдээллийн сангаас өнгөрсөн 15 жилийн турш хиймэл дагуулын зургийг ашиглан хийсэн судалгаагаар 2000 онд долоон удаа гамшигт үзэгдэл тохиолдож байсан бол 2014 онд 123 болтлоо нэмэгдсэн талаар Science сэтгүүлд нийтэлжээ. Энэ хугацаанд нийт 1,000 удаа гамшиг болсныг дурдсаны дээр Ази, Европын орнуудад зонхилж буйг онцолсон байна.

Тийм ч учраас улс орнууд үер уснаас хамгаалах арга сэдэж, хөрөнгө хаяж эхлэв. Энэ сард л гэхэд Дэлхийн банк Пакистан, Энэтхэгт үерээс хамгаалах төсөлд 800 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн.

Харин Их Британи 24 сая фунт стерлингийг яг ийм зорилгоор зарцуулахаар төлөвлөжээ.

Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ийнхүү улс орон харгалзахгүй нэмэгдэж, учруулах хохирол нь өссөөр байгаа. 

Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ийнхүү улс орон харгалзахгүй нэмэгдэж, учруулах хохирол нь өссөөр байгаа.

Үнэндээ энэ нь гайхаж цочоод байх зүйл биш болжээ. Бараг л орсон бороо болгон үерлэх хандлагатай байгаад бид дасах хэрэгтэй болох нь шиг байна. 

Өнгөрсөн сарын 28-нд Улаанбаатар хотод орсон бороог дурдаж болно. Зөвхөн Баянзүрх дүүргийн хэсэгхэн газрыг хамарсан эл борооны шалтгааныг нарийвчлан судалж буй. Бетон, асфальтан хучилт хар өнгөтэй тул илүү их халдаг байна. Ингэснээр тухайн орчны чийгтэй агаарыг хөөргөснөөр үүл дэгдэж, тэр орчиндоо усархаг боpoo болон ороход нөлөөлдөг аж.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр Монгол Улсын хэмжээнд 21-23-нд бороо хур багатай байх нь. Өнөөдөр л гэхэд баруун, төв, өмнө зүгийн нутгийн зарим газар, 19-нд ихэнх нутгаар бороо орно. Өөрөөр хэлбэл, зарим нутгаар хоёр өдрийн турш бороо үргэлжлэн орно гэсэн үг.

12 цагт 30 мм хур тунадас орвол үер, 50 мм хүрвэл гамшигт үзэгдэл хэмээн манай улсад тооцдог. Өнөөдөр, маргааш орох бороо үер болон бууна гэхийг үгүйсгэх арга алга. Яагаад гэвэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө бид хүчин мөхөс. Түүнийг урьдаас таамаглах аргагүй хэвээр байна. 


Дахиад үер буухыг үгүйсгэхгүй

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Л. Оюунжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ зун хур бороо элбэгтэйн дээр үер цөөнгүй болж байна. Өмнөх онтой харьцуулахад байгалийн үзэгдэл хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Онцгой байдлын ерөнхий газраас 16 аймгийн 17 суманд үертэй байна гэсэн тоо гаргаж байгаа. Энэ нь хохирол гарсан хэсгээ хамааруулан үзэж буй. Харин цаг уурын байгууллагын хувьд үерийн аюулыг хур борооныхоо хэмжээ, эрчимжлээс хамааруулан тооцоолдог.
Манайд тэр тоог гаргахад хүндрэлтэй. Учир нь жижиг станц нэг л газар ороод өнгөрсөн бороог аюултай үзэгдэл гэж тогтоох боломжгүй байдаг.

Гэхдээ энэ зуны хувьд 12 цагт 30 мм-ээс дээш орсон буюу үер буусан газар нэлээд олон байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Увс аймгийн Улаангомд хагас өдөртөө 52 мм бороо орсон. Хэмжээгээр нь аваад үзвэл энэ бол цаг агаарын гамшигт үзэгдэл юм. Ер нь хур тунадас олон жилийн дунджаас их байгаа. Гэхдээ энэ нь цаашид ч нэмэгдсээр байна гэсэн үг биш.

-Байгалийн гамшигт үзэгдэл, үер ус уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа гэж тайлбарладаг. Та шалтгааныг нь илүү тодруулахгүй юу. Мөсөн бүрхүүл энэ жил их хайлсантай холбоотой гэсэн тайлбар ч гараад байгаа?

-Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд конвенцийн гаралтай буюу түр зуур үүсэж, хөгжиж сарнидаг цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа гэсэн судалгаанууд гарсаар байгаа. Ерөнхийдөө халалт, чийглэг агаар нөлөөлдөг.

Мөсөн бүрхүүлийн хувьд ч үгүйсгэх аргагүй. Агаарын дундаж температур нэмэгдэж байгаагаас мөсөн бүрхүүл хайлж, усан гадаргын талбай нэмэгдсэнээр их хэмжээний ууршилт бий болж, үүл үүсэх үндсэн нөхцөл нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.

-Цаашид цаг агаарын төлөв, хандлага ямар байгаа вэ?

-Энэ сарын 18,19-нд баруун зүг, төв, өмнө зүгийн нутгийн зарим газар, 19-нд ихэнх нутгаар бороо орно. Үер ус бууж болзошгүй. Яагаад гэвэл тухайн үед газрын хөрс хэт халсан байвал аадар орох нөхцөл болдог. 

Газрын хөрс халснаар чийгтэй дулаан агаар хүйтэн агаарт шилжихэд ийм нөхцөл бүрддэг. Наймдугаар сарын 20-22-нд бороо хур багатай байх тул тариаланчид энэ үеийг тааруулаад тариа будаагаа хураахад таатай байх болов уу.

Зураг