Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирэв. Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийсэн юм.
Айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон. Мөн тэрбээр Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзсан юм.
Мөн Мьянмарын төрийн албан хаагч, багш, оюутнуудтай уулзалт хийв.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Эрдэс баялаг, байгаль орчин хамгаалах сайд Он Вин, Төв банкны захирагч У Кяв Кяв Маунг нар тус тус бараалхав.