Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оффшор дансны эргэн тойронд

Э.Мөнхзаяа
2016 оны 5 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум(ICIJ)-аас энэ сарын 9-нд дэлхийд оффшор үйлчилгээгээрээ дөрөвдүгээрт бичигддэг Панамын “Mossack Fonseca” хууль зүйн фирмийн 200 мянга гаруй үйлчлүүлэгчийн мэдээллийг бүрэн эхээр нь цацсан.

Уг мэдээллээс үзэхэд Панамд оффшор данс эзэмшдэг гэх дэлхийн 12 төрийн тэргүүн байна. Энэ шуугианд холбогдсон төрийн тэргүүнүүдийн тоонд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын гэр бүл, Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Дэвид Гюннлейгссон, АНЭУ-ын Ерөнхийлөгч, Абу-Дабигийн эмир Халифа Бен Заид Аль-Нахайян, Саудын Арабын хаан Салман ибн Абдул-Азиз Аль Сауд, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри нар багтжээ. 

Үүнээс гадна алдартай жүжигчин, тамирчин, сайд нар, нэр хүндтэй улстөрчид, тэдний ойр дотныхон, гэр бүлийнхэн ч нэлээд багтжээ. Панамын баримтууд дэлгэгдсэнтэй холбогдуулан дэлхий дахинд ямар үйл явдал өрнөж байгааг хүргэе.


“Mossack Fonseca”-г үүсгэн байгуулагч огцорчээ

“Mossack Fonseca” фирмийг үүсгэн байгуулагч, Германы хуульч Юрген Моссак Панамын Засгийн газрын дэргэдэх Гадаад хэргийн асуудал эрхэлсэн зөвлөлийн албан тушаалаа хүлээлгэн өгчээ.

Энэхүү зөвлөл нь албан бус статустай байсан бөгөөд Моссак эндээс цалин авдаггүй байсан гэнэ. 

Азербайжаны Ерөнхийлөгчийн хүүхдүүд ашгийн төлөө байгууллага ажиллуулж болно

Панамын баримтуудад дурд­санаар Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын гэр бүл Лондон дахь үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгөө хянах зорилгоор оффшор эзэмшдэг гэнэ. 2005 онд Алиев Азербайжан дахь алтны зургаан уурхай, Их Британи дахь компани, гурван оффшорынхоо эрхийг шилжүүлсэн. Гэвч үнэн хэрэгтээ уурхайнууд нь Алиевын гэр бүлийн эзэмшилд шилжжээ.

“Mossack Fonseca”-гийн мэдээллээр бол Алиев болон түүний гэргий Мехрибан нар 2003 онд Британийн Виржиний арлуудад “Rosamund International Ltd” фирм байгуулжээ. 2008 онд энэхүү компанийн хуульзүйн эрх Алиевын 19 настай Арза, 23 настай Лейла охидод нь шилжсэн байна.

Алтны уурхай эзэмшдэг энэхүү компанийн Алиевын охидод ирдэг хувь нь хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгддэг аж. Алиевын хэвлэлийн албаныхан “ВВС” агентлагт өгсөн мэдэгдэлдээ “Азербайжаны хуулиар Ерөнхийлөгчийн хүүхдүүд ашгийн төлөө байгууллага ажиллуулж болно” гэжээ. 

Их Британи шалгалт хийж эхэлжээ

Панамын баримтад дурдсанаар тус улсын Лордын танхимын зургаан гишүүн, парламентын гурван гишүүн асан, түүнчлэн одоогийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны талийгаач эцэг Иэн Кэмерон нар оффшорт данстай болох нь батлагджээ.

Их Британийн засаг захиргаа татвараас зайлсхийх үзэгдэлтэй тэмцэх арга хэмжээ авахын тулд эдгээр асуудлыг судлахаар баримтын хуулбарыг нь хүссэн байна. Тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон эхнэрийн хамт аавынхаа оффшор сангийн хувьцааг эзэшдэг байсан ч Засгийн газрын тэргүүн болохоосоо өмнө зарсан гэдгээ хүлээжээ. 

Исландын Ерөнхий сайд огцров

Засгийн эрхэнд гарахдаа л оффшортой тэмцэнэ хэмээн дуугарч байсан Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Дэвид Гюннлёйгссон эхнэрийнхээ хамт Панамд оффшор компанитай болох нь илэрчээ.

Ингээд дөрөвдүгээр сарын 4-нд Рейкьявикийн гудамжинд иргэд цугларч, Ерөнхий сайдаа огцрохыг шаардав. Интернэтээр түүнийг огцруулах өргөдөлд хүмүүс гарын үсгээ зурж, нэгхэн өдрийн дотор 23 мянга гаруй хүн саналаа илэрхийлжээ. Ингээд дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд огцорсон юм. 

ОХУ оффшортой холбоотой баримтуудыг шалгана

“Mossack Fonseca”-гийн барим­туудад ОХУ-ын Ерөнхийлөгчийн дотны хүн гэгдэх хөгжимчин Сергей Ролдугин, ах дүү бизнесмэнүүд болох Аркадий, Борис Ротенберг, Эдийн засаг, хөгжлийн сайд Алексей Улюкаев, Москва хотын даргын тээвэр хариуцсан орлогч Максим Ликсутов, Төрийн думын гишүүд болох Виктор Звагельский, Михаил Слипенчук, Сулейман Геремеев, Александр Бабаков нар багтжээ.

Баримтууд дэлгэгдэхээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баруунынхныг Путин болон түүний хүрээллийнхний эсрэг мэдээллийн дайралт бэлтгэж байна гэж байсан.

Дараа нь баримтууд нийтлэгдсэний дараа Песков “Кремлийн зүгээс нийтлэгчдийг шүүхэд өгөх төлөвлөгөөгүй байна” гэж байсан юм. Харин ОХУ-ын Ерөнхий прокурор Оросын иргэдийн оффшортой холбоотой баримтуудыг шалгана гэж мэдэгдээд, дөрөвдүгээр сарын 27-нд Панамын засаг захиргаанд “Панамын баримт”-ыг шалгах хүсэлт явуулжээ. 

Испанийн Засгийн газрын гишүүн уучлалт гуйлаа

Энэхүү дуулиант баримтуудтай холбогдож, албан тушаалаа өгсөн хоёр дахь том улстөрч бол Испанийн Аж үйлдвэр, үйлдвэрлэл, аялал жуулчлалын сайд Хосе Мануэль Сория юм.

Оффшорын дуулианаас болж дөрөвдүгээр сарын 15-нд огцорсноо зарласан тэрбээр Ардын намаасаа ч гарч, улс төрийн карьертаа цэг тавьж буй юм.

Багамын арлууд, Жерсид оффшор компанитай байсан тэрбээр 1995 онд улс төрийн карьераа эхлэхээс өмнө үйлдвэрлэл эрхэлж байсан ч оффшорын дуулианд холбогдсоноосоо болж Засгийн газар, Ардын нам, хамтран зүтгэгчид, сонгогчдодоо асар их хохирол учрууллаа хэмээн уучлалт гуйсан байна. 

БНХАУ мэдээллийг гадагш цацахгүй байна

Дуулиант баримтуудаас харахад хятадууд оффшор компани байгуулахдаа нэлээд гаргуун бололтой.

БНХАУ, Хонг Конг, Тайваньд 79 мянган оффшор компани эзэмшигч байгаа нь Европын холбооны бүх улс, АНУ, Япон, Орос болон БРИКС-ийн улсуудын оффшоруудыг нийлүүлснээс ч олон гэсэн үг юм.

Дуулиант баримтуудаас харахад хятадууд оффшор компани байгуулахдаа нэлээд гаргуун бололтой. 

“Панамын баримтууд”-тай холбоотой дуулианд улстөрчид, бизнесмэнүүд, хэвлэл мэдээллээр байнга нэр нь цуурайтдаг алдартнууд олон байна. Тиймээс Хонг Конгийн засаг захиргаа Франц, Энэтхэгийн жишээг дагаж, мөрдөн шалгах тусгай бүлэглэлд хандахаар төлөвлөж байна.

Хонг Конгод Инноваци, технологийн сайд Николас Ян Вэй, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хенри Тан Ин, улстөрч Майкл Тянь Пук нарын нэр оффшорт бүртгэгджээ.

Үүнээс гадна санхүүгийн нууц үйл ажиллагаанд БНХАУ-ын дарга Си Жиньпиний төрөл төрөгсөд, Хятадын томоохон албан тушаалтнууд багтсан боловч хэвлэл мэдээллээр цензурдэж, мэдээллийг гадагш цацахгүй байна. 

Украины Ерөнхийлөгчийг хариуцлагад татах үндэслэлгүй

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ч бас энэхүү дуулианд нэр нь хутгалдсан. Тэрбээр 2014 онд сонгуульд оролцохын өмнө “Roshen”-ы чихрийн бизнесийн хувьцаагаа зарахын оронд Британийн Виржинийн арлуудад шилжүүлжээ.

Тэрбээр Японд айлчлах үеэрээ оффшортой шийдэмгий тэмцэнэ гэж мэдэгдэж байсан. Үүнээс гадна тэрбээр оффшорыг татвараас зайлсхийхийн тулд байгуулаагүй гэж мэдэгджээ. Украины Авлигын эсрэг үндэсний товчооны тухай хууль, эрүүгийн хуульд зааснаар өнөөгийн Ерөнхийлөгчийг оффшортой холбогдуулан хариуцлагад татах үндэслэл байхгүй гэнэ.

Зураг