Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Сайн хашаа” сантехникийн сайн шийдэл

Э.Туул
2016 оны 5 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын утаа, хөрсний бохирдлыг гэр хорооллынхон л бий болгож байгаа хэмээн шүүмжлэх нь бий. Угаасаа тэнд хүн амьдарч байгаа юм чинь дулаацахын тулд гал түлэх нь мэдээж.

Хоол хүнс хэрэглэж байгаа юм чинь түүнийгээ гаргах ч ёстой. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн удирдлагууд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” хэмээх ажлыг эхлүүлж, эдүгээ олон айл яндангаасаа салж, тохилог сууцандаа ороод буй.

Харин одоо гэр хорооллын хамгийн их бохирдолттой цэгт амьдарч буй иргэддээ анхаарал хандуулж, Засгийн газраас “Сайн хашаа”-ны эзэнд зээл олгож, амьдрах орчноо сайжруулахад нь анхаарч эхлэв. “Гэр хорооллын дахин төлөвлөлт” ажлын үргэлжлэл гэж хэлж болохуйц “Сайн хашаа” хөтөлбөрийг Ерөнхий сайд санаачилсан. 

Тэрбээр “Шийдлийн цаг”-аараа Сангийн яамны холбогдох хүмүүс болон Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарыг байлцуулан хотыг хөрсний бохирдол, утаанаас салгах арга бол гэр хорооллыг барилгажуулах явдал, сантехникийн сайн шийдлийг олох явдал хэмээн тайлбарласан төдийгүй энэ хөтөлбөр аль хэдийнэ ажил хэрэг болж, Засгийн газар ээлжит хуралдаанаараа гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмыг баталсан. 

Хөтөлбөрт гэр хорооллын 200 гаруй мянган айлаас эхний ээлжинд хөрс, утааны хамгийн их бохирдолттой хэсэгт амьдардаг 69,200 өрхийг хамруулахаар төлөвлөжээ. Үүний санхүүжилтэд зориулж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахаар шийдвэрлэсэн байна.  

Мөн тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй айл өрхүүдэд зориулж, 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн таван хувийн хүүтэй олгох бөгөөд зээл авах үндсэн шалгуур нь Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд нийцсэн байх юм байна.

Хашааны газрыг барьцаалж олгох тус зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох учиртай. Тэгэхдээ энэ зээлийг иргэдэд бэлнээр олгохгүй. 

 Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох бүтээн байгуулалтын том ажил гэж ойлгох хэрэгтэй. 

Учир нь “Сайн хашаан”-нд сантехникийн шийдлийг хийж, инженерийн шугам сүлжээг тавих учраас шууд тэр ажлыг гүйцэтгэх компанитай холбож өгөх юм билээ. Бүр тодруулбал, хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргах юм байна.

Улмаар сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцох шаардлага хангасан компаниас сонголтоо хийж, банканд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлэх ажээ. Энэ бол түүхэндээ анх удаа хийгдэж буй ажил. Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн айл бохир хийхэд 2.4, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3.5, халаалтын асуудлыг шийдэхэд дөрвөн сая төгрөг буюу нийт 9.9 сая төгрөг хэрэгтэй гэжээ. 

Мөн тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн дийлэнх нь орлого багатай байгаа. Тиймээс эхний хоёр жил төлбөр авахгүй, түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулах аж. Үүнээс гадна нийслэлийн Засаг дарга зээл авахад айлуудын өөрсдийнх нь санаачилга чухал гэдгийг онцлохын зэрэгцээ, хөрш айлууд нийлж хөтөлбөрт хамрагдвал илүү оновчтой, өртөг зардал нь хямд байх боломжтой хэмээсэн.

Хэрэв анхнаасаа инженерийн үйлчилгээг хангаж өгсөн бол хэн ч өөрийн амьдарч буй орчноо санаатайгаар бохирдуулж амьдрахгүй нь тодорхой. Тиймээс л энэ нөхцөлийг хангахаар төр засаг, нийслэлийн зүгээс ажиллаж эхэллээ. 

“Сайн хашаа” хөтөлбөр бол хашаа будах, хаалга үүдэнд хээ тавих гэж байгаа тухай ойлголт биш. Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох бүтээн байгуулалтын том ажил гэж ойлгох хэрэгтэй. Сонгууль гэж туйлширч, улстөржилгүйгээр ахуй амьдралаа бодож, ирээдүйгээ харах цаг болж. Хийх аргыг нь хөрөнгө мөнгөтэй нь шийдээд өгчихлөө. Одоо иргэдийн идэвх оролцоо л чухал байна.

Зураг