Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Үхэл”-ийн тойрогт тооцогдох Өмнөговь

Б.Даваатогтох, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 17
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол сэдэв байлаа. Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн төслөөр АН, МАН-ынхан санал зөрөлдсөн ч анхны хувилбарт багахан засвар оруулаад баталсан юм.

 СЕХ-ноос боловсруулж, оруулж ирсэн төслөөр тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоохдоо баримталсан зарчим нь зарим талаараа ойлгомжгүй байсан нь үнэн. Тэр тусмаа хүн амын тоо тэнцүү хоёр аймагт ногдох сонгуулийн мандатын тоог ялгаатай тогтоосноос гишүүд хоорондоо барьцах шалтгаан болж байв. Тэрхүү маргаан дагуулсан тойргийн нэг бол Өмнөговь аймаг.

Газар нутаг нь том ч хүн амынх нь тоо харьцангуй бага. Тэр утгаараа 2012 оноос хойш ганц мандаттай болсон. Харин хүн амын тоо, газар нутгийн хэмжээгээр нь хувь тэнцүүлж олгодог сонгуулийн тойргийн мандат хуваарилалтаар тус тойрог энэ удаа хоёр мандаттай болсон.

Тиймээс өмнийн говьд нэр дэвшихээр горилогчдын жагсаалтад өөрчлөлт орсон юм.

Харин намаа төлөөлөх нэр дэвшигчид хэн байхыг нэрлэхээс өмнө өнгөрсөн хугацаанд Өмнөговьчуудын сонголт ямар байсныг эргэн сануулъя. 1992 оны УИХ-ын сонгуульд МАН /тухайн үеийн МАХН/-аас нэр дэвшсэн Р.Цагаанхүү, Д.Идэвхтэн нарыг төлөөллөөрөө илгээсэн. Харин 1996 оны УИХ-ын сонгуулиар Өмнөговьчуудын санал өөрчлөгдөж, “АХ” эвслээс нэр дэвшсэн Ч.Отгонбаяр болон Ардчилсан намын Ц.Баярсайхан нарыг төлөөллөөрөө сонгов.

2000 оны ээлжит сонгуулиар “салхи” дахин эргэж, МАН-аас нэр дэвшсэн Б.Долгор ялалт байгуулж, тус аймгаас сонгогдсон анхны эмэгтэй төрийн түшээгээр тодорсон.

Нөгөө суудлыг нь мөн л МАН-аас нэр дэвшигч Ц.Оюунбаатар “өвөртөлсөн” юм. Өмнөговьчуудын улс төрийн сонголт үргэлж хувьсан өөрчлөгдөж байдгийн бас нэгэн жишээ нь 2004 он. Энэ удаа Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Баярсайхан болон “Эх орон-Ардчилал” эвслийн Д.Бат-Эрдэнэ нарт тэд боломж олгов.

Харин дөрвөн жилийн дараа АН, МАН-аас нэр дэвшигч Х.Бадамсүрэн, Ц. Баярсайхан нар дөрөө харшуулан Өмнөговийнхны төлөөлөл болон УИХ-д суулаа. Ийнхүү таван удаагийн сонгуульд хоёр мандаттай байсан Өмнөговь аймаг 2012 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэг болж цөөрөв.

Харин тэр ганц суудлыг нь Д.Бат-Эрдэнэ авч, УИХ-д ажилласнаас хойш бүрэн эрхийн хугацаа нь бараг дуусаж байна.

Өнгөрсөн зургаан удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээс харахад Өмнөговь аймгийг алаг тойрог хэмээн нэрлэж болно.

Өнгөрсөн зургаан удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээс харахад Өмнөговь аймгийг алаг тойрог хэмээн нэрлэж болно. Учир нь МАН, AH, “АХ” болон “Эх орон-Ардчилал” эвслээр нэр дэвшсэн эрхмүүдийг алагчлалгүй сонгож байсан юм.

Харин ирэх сонгуулиар тус тойрогт нэр дэвших эрхмүүд эхнээсээ тодорч байна. Тухайлбал, эрх баригч Ардчилсан намаас УИХ-ын Д.Бат-Эрдэнэ болон аймгийн Засаг дарга Б.Бадраа нарын нэрс эхний ээлжинд тодорчээ. Д.Бат-Эрдэнийн хувьд дахин сонгогдох магадлалтай хэмээн үзэж буй.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо нэлээд тулж ажилласан. Харин аймгийн Засаг даргын албыг хоёр дахь удаа хашиж буй Б.Бадраа УИХ-д үзэх туйлын сонирхолтой. Тиймээс ч өнгөрсөн оноос эхлэн сонгуулийн бэлтгэлээ базааж эхэлсэн. Сөрөг хүчин болон МАН-аас нэр дэвшихээр албан бусаар мандатаа авсан анхны хүн нь Л.Энхболд. 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодсон ч энэ удаад даагаа нэхэхээр зэхэж байгаа аж. 

Өмнөговь аймгийг төвийн эрчим хүчний сүлжээнд холбох болон Даланзадгад хотыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг санаачилж, “шав”-ыг тавьж байсан гэдэг. Харин өөр нэгэн хувилбар нь Х.Бадамсүрэн. Гэвч тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдах Зэсийн баяжмал хайлуулах, цэвэрлэх үйлдвэрийн төслийн нэгжийн захирлаар ажиллаж буй. Тиймээс эхэлсэн ажлаа дуусгахаар энэ удаагийн сонгуульд өнжих шийдвэр гаргасан аж. Тиймээс ЗГХЭГ-ын дарга асан Б.Долгор уг тойрогт очно хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоосон учир Өмнөговийн нэг мандатыг Б.Долгорт өгөх магадлал өндөр. Нөгөө талаараа “үхэл”-ийн тойргийг эмэгтэйчүүдэд олгодог улс төрийн намуудын “муухай зан”-тай холбоотой гэж үзэх нь ч байна.

Харин УИХ-д гуравдагч хүчний үүрэг гүйцэтгэж буй МАХН-аас Шадар сайд Ц.Оюунбаатарын нэр дуулдаж байсан ч тэрбээр энэ удаа татгалзаж, Хан-Уулыг сонгосон аж. Товчхондоо, Өмнөговьд гол хоёр намын тулаан өрнөнө.

Зураг