Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн хоол үйлдвэрлэлийн үнэн төрх

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 17
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Улаанбаатарт эрчимтэй хөгжиж буй салбар бол нийтийн хоол үйлдвэрлэл. Аль ч цаг үед хоол үйлдвэрлэлийн бизнес хамгийн ашигтай байдаг аж.

Гэхдээ цайны газрууд хүний эрүүл мэнд, стандартад нийцсэн хоол хийж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Зарим зоогийн газрын хоол бэлтгэдэг өрөөнөөс махны муудсан үнэр хамар цоргих энүүхэнд. Шалан дээгүүр нь шороотой төмс, элдэв төрлийн хог хөглөрч харагддаг. Ханан дээр нь жоом давхиж үзэгдэх нь ч бий.

“Барс” захын ойролцоо цайны газар ажиллуулдаг Б.Чимэгийн цайны газраар үйлчлүүлсэн хижээл насны эрэгтэй “Та нар өөрсдийнхөө хийдэг хоолноос иддэг үү. Хүмүүст зарж байгаа хоолноосоо идэхгүй, тусдаа хоол хийж иддэг юм биш биз” хэмээн ихэд эргэлзсэн аястай асуулаа.

 Зарим зоогийн газрын хоол бэлтгэдэг өрөөнөөс махны муудсан үнэр хамар цоргих энүүхэнд. 

Тэгтэл цайны газрын тогооч эмэгтэй “Та юу хэлээд байна аа. Хийсэн хоолноосоо идэхгүй өөр юу идэх юм бэ” хэмээн ширэв татав.

Цайны газрын эзэн Б.Чимэг “Зарим газар хүмүүсийг хуурдаг болохоор итгэл алдарчээ. Би үйлчлүүлэгчээ хүндэтгэдэг. Махны ченж эмэгтэй “Тэмээний мах хямдхан байхад аваач” гэхэд нь үгүй ээ, ямааны мах авмаар байна. Хонины махны үнийг дийлэхгүй бол ядаж ямааны махаар хуушуур хийсэн нь дээр шүү дээ” гэж хэлдэг. Гэтэл ихэнх газар тэмээний махаар хуушуур, буузаа хийдэг юм билээ.

Тэмээний мах цэвэрхэн байдаг ч гэлээ говьд өсөөгүй болохоор нэг л хэрэглэж дасахгүй юм. Миний хийсэн хоол хүнд шим тэжээл болох ёстой гэж би боддог. Түүнээс хор болоосой гэж хүсэхгүй шүү дээ. Би энэ ажлаа олон хүнийг хооллож буян үйлдэж байна гэж үздэг” гэж ярилаа.

Нийслэлийн хэмжээнд 4,000 гаруй гуанз, цайны газар, ресторан, кафе үйл ажиллагаа явуулдаг байна. Жил ирэх тусам энэ тоо өсдөг талаар холбогдох мэргэжилтнүүд хэллээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн жил хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 329 газрыг шалгажээ.

Эдгээрээс 108 нь буюу 33 хувь нь бага эрсдэлтэй, 195 буюу 59 хувь нь дунд зэрэг эрсдэлтэй, 26 буюу найман хувь нь их эрсдэлтэй байжээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Бамх”, “Тэси”, Баянзүрх дүүрэгт байрлах “Их ялгуусан очир”, “Хүслийн арал” зэрэг компаниас ихээхэн зөрчил илэрчээ.

Хүнс үйлдвэрлэх зориулалтын дагуу баригдаагүй, агааржуулалтын системийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу хийгээгүй, талбайн хэмжээ хүрэлцэхгүйн улмаас бүх зүйлийг нэг өрөөнд хийдэг нь хүнс бохирдох эрсдэл үүсгэдэг гээд олон талаар зөрчилтэй байжээ. 

Зоогийн газрыг удаан хугацаагаар түрээслэн ажиллуулдаг нь хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл үүсгэдэг тухай НМХГ-аас дүгнэжээ. Зарим газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулаагүйгээс стандарт эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх нөхцөл бүрддэггүй аж.

Шалгалтаар 2,643 зөрчил илэрсэн бөгөөд “Зочин бродвей”, “Номадс хоспалити”, “Өгөөмөр алтай” зэрэг 87 аж ахуйн нэгжид 34,923 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй 11 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Мөн хоолны газруудын багаж хэрэгсэл, ажиллагсдын гар, хувцас болон тоног төхөөрөмжөөс дээж авч шинжлэхэд 621 зүйл нь бохирдолтой гарсан байна. Хоолны газрын хөргөгч, тогооч, ажилчдын хормогч, хутга, халбага, сэрээ,аяга, таваг, вандан, бэлэн бүтээгдэхүүн хиам, зуушнаас нянгийн бохирдол илэрчээ. 

Энэ нь угаалга, халдваргүйтгэлийг зааврын дагуу зөв хийдэггүй, ажилчид нь эрүүл ахуйн дадал эзэмшээгүй, ажлын байранд гар угаах нөхцөл боломжоор хангагдаагүйтэй холбоотой гэж дүгнэсэн байна.

Нийтийн хоол үйлдвэрлэлийн газрууд хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөж ажилладаггүй талаар ч шүүмжилж байв. Түүнчлэн баар, кафе зэрэг газар үйлчлүүлэгчдийг хүндэтгэдэггүй, хэт чанга хөгжим тавьдаг. Энэ нь үйлчлүүлэгчийн тав тухыг алдагдуулахаас гадна ажилчдын сонсголын эрхтэнг гэмтээх эрсдэлтэй байдаг аж. Хүнсний аюулгүй байдал ноцтой болсон өнөө цагт хоол үйлдвэрлэлийн байгууллага стандартаа мөрдөж ажиллах хэрэгтэй гэдгийг ч хяналтын байгууллагынхан анхааруулжээ. 


О.Нямдаваа: Нийтийн хоол үйлдвэрлэлийн стандартыг шинэчлэх шаардлага гарсан

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын улсын ахлах байцаагч О.Нямдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийтийн хоолны газрууд ямар стандарт мөрдөх ёстой вэ?

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт заавал мөрдөх стандарт гэж бий. Ангилал, зэрэглэл үндсэн шаардлагын MNS4946 гэсэн стандартыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байна. Гэхдээ удахгүй шинэчлэх байх.

2005 оны стандарт учраас зарим зүйлийг шинэчлэх шаардлага тулгарсан. 

Гаднаас сав, баглаа боодолтой шороо, тоостой бүтээгдэхүүн оруулж ирдэг. 

Мөн олон улсын хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн дадал гэсэн стандартыг монгол хэлээр орчуулаад 2011 оноос мөрдөж байгаа. Үүнээс гадна хоолны газрын нийтлэг журамд ажилчдын эрх, үүргийг заасан байдаг.

Мөн хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй. Эрх зүйн орчны хувьд ийм байна.

-Өнгөрсөн жил хяналт шалгалтаар нэлээд олон байгууллага зөрчилтэй гарсан байсан. Энэ жилийн хувьд ямар байна вэ?

-Хоолны газарт ажлын байртай холбоотой зөрчил цөөнгүй илэрдэг. Орон сууцны нэгдүгээр давхрыг өргөтгөөд, хоолны газар болгоод ажиллуулдаг учраас шаардлагад нийцдэггүй. Ийм газар талбай багатай байдаг.

 Хоолны газар бол зай талбай хүрэлцээтэй, халуун ажиллагаа явуулдаг өрөө, хүйтэн цех, бэлтгэлийн өрөө, бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх өрөө, гаднаас бүтээгдэхүүн хүлээж авах цэг гээд бүх зүйл тусдаа байх ёстой. Гэтэл зориулалтын биш байранд бүх үйл ажиллагааг нэг дор явуулдаг.

Гаднаас сав, баглаа боодолтой шороо, тоостой бүтээгдэхүүн оруулж ирдэг. Халуун ажиллагаа нь ч явагдаж байдаг. Хоол хийхийн хажуугаар төмс ногоогоо арилгадаг гээд стандартад нийцэхгүй зүйл их гардаг. Энэ бүхнээс хоол хүнсэнд гаднын бохирдол орох нөхцөл бүрддэг. Мөн ажилчид эрүүл ахуйг хангах тал дээр хангалтгүй байдаг.

-Нийтийн хоолны чанар, аюулгүй байдал өнөөдөр эрсдэлтэй байна гэсэн үг үү?

-Хоол үйлдвэрлэлд олон хүчин зүйл нөлөөлж байна. Үүний нэг нь миний ярьж буй барилга байгууламж. Нөгөө талаар ариун цэвэр, угаалга цэвэрлэгээ нөлөөлдөг. Энэ бүхнийг бид нийтэд нь хяналтын хуудсаар шалгадаг. 

Шалгалтаар бага эрсдэлтэй гэж үнэлэгдвэл сайн байна гэсэн үг. Их эрсдэлтэй байвал шаардлага хангахгүй байгаа гэж үзнэ. Ийм үнэлгээ тавиулбал үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Ингээд шаардлага хангасан тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээж өгдөг.

Энэ жил нийслэлийн хэмжээнд хоолны 360 орчим газрыг шалгалтад хамруулж буй. Долдугаар сарын эхээр шалгалтын дүн мэдээ нь гарна. Одоо шалгалт ид явагдаж байгаа.

-Стандартыг яагаад шинэчлэхээр болсон юм бэ?

-Хоол үйлдвэрлэлийн салбарт одоо мөрдөж буй стандарт бол 2005 оных. Тэгэхээр шинэчлэх хугацаа нь болсон. Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалж явсаар байгаад 10 жил өнгөрчихлөө. 

Хоол үйлдвэрлэлийн салбарын дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад хоолны газрын төрөл ангилал нэмэгдээд байна. Лонж гэсэн ангилал манай стандартад байхгүй байх жишээтэй. Тиймээс өөрчлөх шаардлагатай байгаа юм. Одоогийн мөрдөж буй стандартад зоогийн газар, кафе, баар, ресторан гэсэн л ангилал ордог. Тэгэхээр хөгжлийн чиг хандлагаа дагаад хоол үйлдвэрлэлийн салбарын шинэ төрлийн үйлчилгээнүүдийг стандартад оруулах ёстой.

Зураг