Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гажиг сонголт буюу бие даагчдын мөрөөдөл биелэх вий

Ж.Нарангэрэл
2016 оны 5 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

“Чоно борооноор” гэгчээр парламентын гишүүд нь сонгуулийн тойргоо хэрхэхээ шийдэж чадахгүй мунгинаж байх зуурт 2016 оны УИХ-ын сонгуульд 80 гаруй бие даагч нэр дэвшихээр болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. 

Монгол Улсад анхны ардчилсан сонгууль 1992 онд болсноос хойш сонгогчид долоо дахь удаагаа сонголтоо хийх гэж байна гэсэн үг. Гэхдээ УИХ-ын 76 суудлын төлөө 1992 оны анхны сонгуульд 18 бие даагч нэрээ дэвшүүлж байсан бол 1996 онд 35, 2000 онд 27, 2004 онд 15, 2008 оны сонгуульд 45, 2012 оныход 26 хүн өрсөлдөж байжээ.

Харин энэ удаа бол 80 гаруй гэж байгаа. Ёстой л “зуун ямаанд жаран ухна” гэгчээр хэн дуртай нь гурван сая гаруйхан монголчуудын төлөө зүтгэнэ хэмээн хөөрцөглөчихсөн, аз нь таарвал УИХ-ын гишүүн болно гэчихсэн тууж явна. 

Тэд үнэхээр монголчуудад, сонгогчдод өөрсдийгөө таниулж чадсан хийж, бүтээсэн гавьяатай хүмүүс үү гээд харвал бас үгүй.

Дуучин, өмгөөлөгч, хөл, толгойгоо олохгүй бужигнаж яваа намын гишүүд гээд өөрийгөө олонд танигдсан гэж бодсон хүн бүр л өрсөлдөх юм байх. Нэг утгаараа сонгогдох эрхээ эдэлж буй хүмүүс л юм даа. Болохгүй гэх газаргүй. 

Хэрвээ өмнөх туршлагуудаар энэ удаа бие даагчид олноороо ялалт байгуулчихаад, өнөөгийнхөөс долоон дор шийдвэрүүдийг гаргаад эхэлбэл тэдэнтэй хэрхэн хариуцлага тооцох болж байна. Учир нь энэ удаа иргэд, сонгогчид улстөрчдөд итгэл нь алдарчихсан, хэнбугай ч байсан ялгаагүй гэсэн бодолтой болсныг нуух юун.

Тиймээс өнөөгийн парламентын зарим гишүүн шиг аз нь шовойгоод тангараг өргөн гишүүний зөөлөн сэнтийд залрах магадлал өндөр. Юутай ч 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр оймс болоод ойр зуурын янз бүрийн зүйлд хавчуулагдаж, чирэгдэж парламентад хөл тавьсан хүн хэд хэд бий.

Тэр ч байтугай өрсөлдөгчдийнхөө явуургүй тэмцлийн үр дүнд ялалт байгуулсан хүмүүс ч бий. Энэ тухай Эрдэнэтчүүд одоо хэр нь ярьж, толгойгоо сэгсэрдэг юм билээ. Учир нь Орхон аймагт хоёр мандатын төлөө 15 нөхөр өрсөлдсөн байдаг. 

Энэ удаагийн парламентад бие даагч хэмээн орж ирээд өдгөө бүгд аль нэг нам бараадчихсан таваргаж яваа хүмүүс баталчихсан.

Тухайн үедээ сурталчилгааны үеэр МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очир нь ойр тойрныхондоо хандан “Нэгт миний нэрийг дугуйлчих, нөгөөх нь нэгэнт гарч ирэхгүйгээс хойш Л.Цогийг тэмдэглэчих” ухааны зүйл ярьж явж.

Гэтэл хүчтэй өрсөлдөгч АН-аас нэр дэвшигч Д.Одхүү нь ч ялгаагүй “Дамба-Очирт битгий өгөөрэй, надаас гадна Цогийг л дугуйлчихгүй юу” гэх мэтээр ярьсан гэнэ. Эцэст нь сонгуулийн дүн гарахад мань хоёрын нэр байхгүй.

Харин ч жийгээд байсан Л.Цог нь ялалт байгуулчихсан байж. Хэдийгээр энэ нь ам дамжсан яриа боловч амьдралд байх л асуудал. Ийм зарчим хаа ч үйлчилдэг. Өөрөөр хэлбэл бие даагчид болон жижиг намаас нэр дэвшиж буй хүмүүсийн тухайд өөрөө өрсөлдөхөөс гадна хэн нэгний захиалгаар санал хуваахын тулд өрсөлдөгчийн байр сууринд очдог нь ч нууц биш.

Тэгэхээр иргэдийн амьдрал ядуурч, сонгогчдын гомдол дээд цэгтээ хүрэх шахам байгаа энэ үед бие даагчид бөөнөөрөө парламентад сонгогдчихвол тэд үнэхээр Монгол Улсын төлөө шударгаар зүтгэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.

Учир нь өнөөдрийн бие даан нэр дэвшигчид өнөөг хүртэл юу хийж, бүтээсэн нь олны хүртээл болж амжаагүй яваа. Ердөө л цахим ертөнц хийгээд өөрсдийн салбартаа тодорхой хэмжээнд нэр хүндтэй болсон хүмүүс. Тийм байтал хууль тогтоох дээд байгууллагад өөрийгөө амжилттай ажиллаж, ард түмний төлөө дуугарч чадна гэдэг санаснаар бүтэх үйл биш. Үүнийг нь ч энэ удаагийн парламентад бие даагч хэмээн орж ирээд өдгөө бүгд аль нэг нам бараадчихсан таваргаж яваа хүмүүс баталчихсан.

Тэгэхээр бие даагчдад итгэх ямар үндэслэл байгаа вэ гэдэг нь сонирхол татахаас аргагүйд хүрч байна. Эсвэл монголчууд бүгдээрээ ээлжлээд төр барьж, өөрсдийн ахуйгаа дээшлүүлэх гээд байгаа юм уу. Уг нь биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг.

Гэтэл одоо бол эсрэгээрээ үйлчлээд байгаа нь энэ бие даагчдын буухианаас илэрхий харагдаж байгаа болов уу. Үнэхээр сонгогчдын итгэл алдарсан үеийг ашиглаад бие даагчдын мөрөөдөл биелчихвэл яах бол...

Зураг