Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Яаж үгүй гэж хэлж сурах вэ?

ikon.mn
2016 оны 5 сарын 16
NPC&MANDAL
Зураг зураг

- Сэтгэлзүйч зөвлөж байна -

“Би сургуульд байхдаа найз нарынхаа тооны хичээлийн даалгаврыг нь хийж өгөхөөс авахуулаад гуйсан хичээл бүрийг нь хийж өгдөг байлаа. Хожим нь надад таалагддаггүй залуутай хоолонд урихад нь ч татгалзаж чаддаггүй байв. За тэгээд танилуудынхаа урмыг хугалахгүйн тулд хийж өгсөн түмэн ажил, надад таарахгүй байсан хувцсыг худалдаж авч байсан тохиолдлуудыг тоочоод баршгүй.

Би ердөө л найрсаг зангаасаа болж “үгүй” гэж хэлж чаддаггүй байлаа. Нэг л өдөр би өөрийнхөө хүссэнээр байж чадахгүй байгаагаа ухаарсан. Надад маш хэцүү байна, би цаашид ийм байдалтайгаар амьдарч чадахгүй нээ” хэмээн нэгэн эмэгтэй надад хандсан юм. Энэ эмэгтэйтэй адил хүмүүс олон байдаг. 

Бидэнд хүч бага үлдэх тусам түүнийгээ бүр ч илүүтэйгээр зарцуулдаг нь тун сонирхолтой хэрэг шүү. “Үгүй” гэж хэлж чадахгүй байх нь нэг төрлийн депрессийн шинж тэмдэг бөгөөд Харвардын судлаачдын хийсэн судалгааны дүгнэлтээр бол ядуу хүмүүсийн 5 хорт зуршлын 1 ажээ.

Уг “өвчин” нь сэтгэхүйн онцгой чадварыг бий болгож байдаг. Тухайлбал, хүн бусдын татгалзаж байгаа ямар ч ажлыг биелүүлж хүмүүсийг аз жаргалтай болгох гэсэн хүчтэй хүслээс эхтэй байдаг байна.

ХЭЗЭЭНЭЭС ИЙМ БОЛЧИХОВ?

  • Дуулгавартай хүүхдийн зан 

Хүүхэд маш жаахан байхдаа ч “үгүй” гэж хэлж чаддаг.

Хэрэв эцэг эх болон түүнийг хүрээлэх томчууд хүсэл сонирхолд нь нухацтай хандалгүй өөрсдийн л байр суурийг хамгаалсаар байвал хүүхэд бусдын байр суурь илүү үнэ цэнэтэй, харин өөрийнх нь тийм ч чухал биш юм байна гэсэн мэдрэмж түүнд төрдөг.

Алдаа гаргах вий гэсэн айдас түүнийг хамтрагчид болон удирдлагуудтайгаа үг дуугүй хэлснийг нь биелүүлдэг болгодог. 

Энэхүү мэдрэмж нь хурцадсаар эцсийн дүндээ өөрийгөө бага үнэлж, бусдын ашиг сонирхлыг илүүд үздэг нэгэн болдог.

Улмаар дуулгавартай, бусдаас хараат, зөрчилтэй нөхцөл байдалд, ялангуяа дээд шатны хүмүүстэй, удирдлагуудтай зөрөлдөх тохиолдолд бие даан учраа олж чадахгүй байх гэсэн айдастайгаар амьдардаг. Алдаа гаргах вий гэсэн айдас түүнийг хамтрагчид болон удирдлагуудтайгаа үг дуугүй хэлснийг нь биелүүлдэг болгодог. 

  • Өөрийгөө баатар хэмээн мэдрэх хүсэл

Ойр дотныхондоо туслах чин хүсэл, тэдний урмыг хугалахгүй гэх эрмэлзэл нь “үгүй” гэж хэлж чадахгүй байх гол шалтгаан болдог. Заримдаа энэхүү шалтгаан нь өөр зүйлийн ч илрэл байдаг.

Энэ бол хүүхэд насанд байдаг шиг агуу хүчтэй гэдгээ мэдрэх ухамсаргүйн хэрэгцээ юм. Харин 35-40 насны хүн үргэлж татгалзаж чадахгүй зан үйл гаргах нь сэтгэл зүйн үүднээс дүгнэвэл сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, юунаас илүү таашаал авч байгаа, харин юунаас илүү ачааллаж байгаа ялгаж чадахгүй байна гэсэн үг гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

ХӨНДЛӨНГИЙН ХҮНД ЗӨВЛӨХӨД

Бид “за за тэгэлгүй яахав” гэж үргэлж хариулдаг хүнтэй тулгарвал түүний хэр үнэнээсээ хариулж байгааг мэдэхэд амаргүй байх болно. Үүгээрээ тэр биднийг хүсээгүй ашиглагч хүн болгож ч мэднэ.

Хүн чинь ер нь амархан давардаг талтай. Та түүний эхний “за” гэх үгэнд бүү итгээрэй, асуулт эсвэл хүсэлтээ дахин давтаарай /шаардлагатай гэж үзвэл хэд хэдэн удаа/. Энэ нь түүний зөвшөөрлийн жинхэнэ сэдлийг ойлгоход тус болдог. Чухамдаа өөрийгөө сайн чагнаж чадахгүй байгаа хүний дотоод дуу хоолойг та чангаар хэлж өгч байгаа хэрэг.

ЮУ ХИЙХ ВЭ?

  • Өөрийнхөө тухай бод. Хэрэв та бусдад татгалзахад хэцүү байгаагаа мэдэрвэл өөртөө амрах боломжийг гарга.
     
  • Завсарлага ав. Хурдан шулуухан хариулт өгөх гэж бүү яар. “Тийм”, “үгүй” хоёрыг дэнсэл.
     
  • Гуйлтыг хойшлуул. Таны татгалзлын хариу нь танд хүсэлт тавьсан хүнтэй тогтоосон харилцааг тасалж байгаа хэрэг биш юм. Зөвхөн тухайн нөхцөл байдалд л хамаатай хэрэг.
     
  • Асуулт тавь. Хэрэв таныг дарамталж байгааг мэдэрвэл шууд л “Яагаад надад тулгаад байгаа юм бэ?” гэж асуу. Энэ нь таныг санаачилгыг гартаа авч, өөрийгөө золиос гэх мэдрэмжээс ангижруулах болно.
     
  • Шалтгаанаа тодорхой хэлж, байр сууриндаа хатуу бай. Татгалзсан хариу таны байр суурийг л илтгэх учиртай, тэрнээс тухайн үеийн сэтгэл хөдлөлийг тань биш. Эс бөгөөс харилцагч чинь цаг үеэ олоогүй бололтой хэмээн бодон дахиад оролдлого хийх болно шүү. 

Бэлтгэсэн: Сэтгэл зүйч Ц.Энхжаргал 

(ЭнПиСи Энд Мандал ХХК, гүйцэтгэх захирал)

Зураг