Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хотжилт дагасан ажилгүйдэл

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 26
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Энэ оны эхний сарууд шувтарч, дэлхийн эдийн засгийн энэ оны өнгө бараг тодроод ирлээ. Энэ онд эдийн засаг тун эмзэг байх нь. Ийм дүгнэлтийг манай гарагийн тэргүүлэх экспертүүд, шилдэг шинжээчдийн баг хийж байна. 

188 орныг эгнээндээ элсүүлсэн Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн төлөвөө саяхан танилцуулсан. Дэлхийн банк тэргүүтэй байгууллагууд Монгол Улсад хандан эдийн засгийн бүтцээ солонгоруулахыг сүүлийн жилүүдэд захих болсон.

Энэ удаа ч үүнийгээ дахин санууллаа. Мөн ажилгүйдэл хэмээх анхаарлын тэмдгийг давхар дайв.

 Дэлхийн банкны дээр өгүүлсэн хотжилт дагасан ажилгүйдлийн тэлэлт гэдэг нь энэ.

Тус банкны тайланд дурдсанаар манай уул уурхай, барилга, үйлчилгээний салбар хумигдаж, томоохон хотуудад ажилгүйдэл газар авчээ.

Хотжилт дагасан ажилгүйдэл хүрээгээ тэлж, 2014 оноос ядуурлын шугамд дөхөх иргэдийн тоо олширсон. Иймд эдийн засгийн мөчлөг дагасан ажилгүйдлийг анхаарлынхаа гадна үлдээхгүй байхыг санууллаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт аж ахуйн нэгжийн 60 хувь нь төвлөрдөг Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин хоёр дахин өсөж, есөн хувьд хүрсэн тухай Монголбанкны инфляцийн төлөв байдлын тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, Дэлхийн банкны дээр өгүүлсэн хотжилт дагасан ажилгүйдлийн тэлэлт гэдэг нь энэ.

Түүхий эд “үнэгүйдэж”, хөрөнгө оруулалт татарч Монголын эдийн засгийн хурд ухрах араагаа татаж ч магадгүй нь. Зөвхөн уул уурхай гэлтгүй бүх салбар хэмнэлт, таналтын горимд шилжиж буй. Тиймээс төр ч, хувийн хэвшил ч ажиллах хүчээ танах, халах зэрэг аргаар тэсэж үлдээхээр чармайж буй нь нууц биш.

Үүнээс үүдэн гудамж “метрлэж”, лааз өшиглөсөн хүн олширсныг хэн, хүнгүй хэлэх болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ талаар хангалттай ярьж, бичиж байна.

Тэгвэл эдгээрийг түр хойш тавиад, хөдөлмөр эрхлэлтийн тоон үзүүлэлтүүд юу өгүүлэхийг сонирхъё. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас (УБСЕГ) өмнөх оны хөдөлмөр эрхлэлтийн тайланг танилцуулсан.

Монгол Улсын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн онд 2014 оноос 0.6 хувиар өсөж, 8.3 хувьд хүрчээ. Энэ сүүлийн таван жилийн дээд цэг. Тэгвэл энэ өсөлт нь яг хэдэн Монгол хүн ажилгүй болсныг хэлээд байна вэ?

  • Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн онд 0.6 хувиар өсөж 8.3 хувьд хүрчээ.
     
  • Энэ нь сүүлийн таван жилийн дээд түвшин.
     
  • Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо 96.5 мянга болов.
     
  • Дэлхийн банк ажилгүйдлийг хумихад анхаарахыг санууллаа.
     
  • Хөгжиж буй орнууд хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо бэхжүүлэхийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зөвлөв.

Яг таг хэлэх тодорхой тоо албаныханд алга. Гэвч бүрэн биш ч баттай тооны араас хөөвөл, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 18.6 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авчээ. 

Энэ тэтгэмжийг өмнө нь цомхотголд орсон иргэнд олгодог байсан. Харин өнгөрсөн оноос Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орж, өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан болон захиргааны санаачилгаар халагдсан тохиолдолд олгохоор болсон юм.

Тэгэхээр ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэд бүгд өнгөрсөн онд ажлаасаа гарсан гэсэн үг. Тэднийг ажилгүй болсон бүх иргэн гээд шууд ойлгож болохгүй.

Гэхдээ өнгөрсөн онд хамгийн багадаа ийм тооны хүн ажилгүйчүүдийн эгнээнд элссэнийг илтгэнэ. 

Дээд боловсролтой залуус өндөр цалинтай, таатай ажлын байр, харин ажил олгогч техникийн мэдлэгтэй боловсон хүчин хайж байна. 

Бас нэг баттай байж мэдэх дүнг хэлье. Уул уурхайн салбар хумигдсанаар сүүлийн гурван жилд 9.3 мянган хүн ажилгүй болсныг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс (ХЭҮСМҮТ) тогтоожээ.

Ингэснээр улсын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо 96.5 мянгад хүрчээ. Үүний 48.8 мянга нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлж, ажил идэвхтэй хайж буй. Харин хоёрдугаар сарын байдлаар долоон мянган сул ажлын байр эзнээ хүлээж байсан гэж ХЭҮСМҮТ-өөс мэдээлэв. 

Уул уурхай, барилга зогсдог өвлийн цагт ийм тооны сул ажлын байр байна. Энэ салбарууд сэргэхээр ажлын байрны эрэлт ч өснө. Ингэхээр ажилгүйдэл таван жилийн дээд цэгтээ тулаад байгаагийн эсрэг талд сул ажлын байр ч бараг 10 мянгад дөхөж байна. Хэрэв дээрх сул зайг эзэнтэй болгочихвол хөдөлмөр эрхлэлтэд эергээр нөлөөлөх нь тодорхой.

“Энэ нь олон жил ярьж буй хөдөлмөрийн зах зээлийн зөрүүнээс үүдэлтэй. Дээд боловсролтой залуус өндөр цалинтай, таатай ажлын байр, харин ажил олгогч техникийн мэдлэгтэй боловсон хүчин хайж байна. Зарим ажлын байр үнэндээ дээд боловсролтой иргэнд гологдож байна” гэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирал С.Чойноров “Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үеэрээ өгүүлжээ.

Тиймээс ч хөгжиж буй орнуудад хөдөлмөр эрхлэлтийн бод-логоо бэхжүүлэхийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ILO) зөвлөж байна. НҮБ-ын дэргэдэх тус байгууллага ирэх хоёр жилийн хөдөлмөрийн зах зээлийн төлөвийг өнгөрсөн улиралд танилцууллаа. Женевт төвтэй энэ байгууллага хөгжиж буй орнуудын хөдөлмөр эрхлэлт огцом буурч, дэлхийн үзүүлэлтийг хойш нь чангаана гэж дүгнэв. Бас энэ байдал ирэх хоёр жилд үргэлжлэх аж.

“Иймд түүхий эдээс хэт хамааралтай, хөгжиж буй орнууд хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо бэхжүүлэх нь зүйтэй. Дэлхийн эдийн засаг тогтворгүй буй энэ цагт хөдөлмөр эрхлэлтийн тууштай, оновчтой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгааны албаны захирал Раймонд Торрес зөвлөжээ.

Тиймээс улс орнууд иргэдээ ажилтай болгохоор олон арга сүвэгчилж байгааг судлаачид тэмдэглэж байна. Үүний шинэ бөгөөд тод жишээ нь экспортын зээл. Үйлдвэрлэгч орнууд бага хүүтэй, урт хугацаатай зээлийг гадаадын улсууд олгоно. 

Хариуд нь өгсөн мөнгөөрөө өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдаж авахыг санал болгоно. Энгийнээр тайлбарлавал, өөрийгөө ажилтай болгохын тулд миний бүтээгдэхүүнийг худалдаж ав хэмээн хэрэглэгчид мөнгө өгч буй. Ийм төрлийн экспортын зээлийг ч Монгол Улсад олгохоо гадаадын орнууд мэдэгдээд байгаа. Ингэж нэг ч гэсэн иргэнээ ажилтай үлдээж, хөдөлмөр эрхлэлтээ хамгаалахаар улс орнууд хичээж байна.

Тэгвэл энэ мэт арга ашиглахыг Монгол Улсад Дэлхийн банкнаас зөвлөлөө. “Улс орнууд өөрсдийн давуу талаа ашиглан ажлын байр бий болгож байна. Монгол шиг орнууд уламжлалт салбартаа түшиглэн илүү олон ажлын байр бий болгох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбар нь ажилгүйдлийг хумих нэг арга. Засгийн газраас ч энэ салбараа дэмжиж, хөгжлийг нь эрчимжүүлэх хэрэгтэй” гэж Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан ерөнхий эдийн засагч Судир Шетти хэлсэн юм. 

Зураг