Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэллээ.
Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн.
Тиймээс ч энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна.
Эдгээр 100 гаруй нэр төрлийн барааг чанар стандартын шаардлагын дагуу 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж салбар яамны зүгээс үзжээ.
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын уг тогтоолыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.
Ингэснээр бид Хятад төмс ногоог өндөр үнээр худалдаж авах, эсвэл дотоодын төмс ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдаж авах гэсэн сонголттой болж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!