Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Харшлын дарангуйлал

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 13
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг харшлын өдөр болгон тэмдэглэдэг. Арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлж байна. 

Дэлхий дахинд тархалт нь жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид тэмдэглэжээ.

Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж буй аж.

Харшлын гаралтай өвчнөөр шаналж яваа хүмүүсийн 24-өөс 30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна. 

Харшлын гаралтай өвчнөөр шаналж яваа хүмүүсийн 24-өөс 30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна.

Судлаачид 2020 он гэхэд нийт хүн амын 50 хувь нь харшлын гаралтай өвчнөөр өвчлөх магадлалтай гэж үзжээ. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон байна.

Судлаач эмч нарын хийсэн судалгаанаас харахад голдуу ургамлын тоосноос харшлах тохиолдол их байгааг онцолжээ. Доктор Б.Сангидорж Улаанбаатар хотод харшил үүсгэдэг 31 овгийн 76 зүйлийн 120 төрлийн ургамал байгааг судалж тоосжилтын үе нь дөрвөөс арваннэгдүгээр cap хүртэл үргэлжилдэг болохыг тогтоосон байна.

Түүнчлэн С.Мөнхбаярлах эмчээр ахлуулсан багийнхны хийсэн судалгаанаас харахад Улаанбаатарын амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 нь шарилж, лууль, согоовор. ерхөг, хус, улиас зэрэг мод, ургамлын тоосонд, 31.6 хувь нь гэрийн болон агуулахын тоосны хачиг, жоом, хөгцийн мөөгөнцөр зэрэг тасалгааны тоосонцорт мэдрэг болохыг тогтоожээ.

2014 оны байдлаар улсын хэмжээнд харшлын гаралтай өвчлөлийн 71,935 тохиолдол бүртгэгдсэн нь арьсны төрлийн нийт өвчлөлийн 56.5 хувийг эзэлж буй аж. Мөн Арьсны өвчин судлалын үндэсний төвөөр 2014 онд 57,146 хүн үйлчлүүлсний 28,989 нь харшлын гаралтай өвчлөл байжээ.

Сүүлийн гурван жилд харшлын гаралтай өвчлөл эрс нэмэгдсэн гэж тус төвийн статистикч хэлж байв. 2015 онд л гэхэд 53,819 хүн үйлчлүүлсний 46.1 хувь нь харшлын гаралтай эмгэгтэй байсан тухай эмч нар ярьж байлаа.

Биднийг Даваа гарагт Арьсны өвчин судлалын төвөөр ороход өглөөний 10.00 цагийн орчимд тус эмнэлэгт үзүүлэхээр дугаарлаж буй хүмүүсийн тоо 280 болсон байв. Энэ нь манай улсад арьсны эмгэг болон харшлын өвчлөл ямар хэмжээнд хүрснийг харуулах бодит жишээ. Нэгэн өндөр настан Арьсны өвчин судлалын үндэсний төвд хэвтэх дугаар аваад 15 хоног ор хүлээсэн тухайгаа ч учирлаж зогссон.

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд харшлын эмгэг хүрээгээ тэлж буй талаар эмч нар ярьж байна. Самар, чипс, хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүнээс харшилтай болсоор байгааг онцоллоо. Ямар нэг зүйлээс харшилтай болбол насан туршийн өвчин болдог байна. Харшилсан зүйлээ дахин хэрэглэх бүрт сэдэрч, байнга арьс загатнадаг болдог тухай эмч нар анхаарууллаа.

Дэлхий нийтээрээ харшлын эмгэгтэй тэмцээд хүчрэхээ больжээ. Сүлжээний эм бэлдмэлүүд цөөнгүй байдаг ч өндөр үнэтэй бүтээгдэхүүн үргэлж хэрэглэж, улмаар эдийн засгийн дарамтад ордог тул хувь хүн өөрөө л болгоомжтой бас өвчнөө сэдрээхгүй байхад анхаарч, хоолны дэглэм, эмчийн зөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй юм байна.

Дэлхий нийтээрээ харшлын эмгэгтэй тэмцээд хүчрэхээ больжээ. 

Монгол эмийн замбараагүй хэрэглээтэй орон болохоор эмийн хордлогод орж, харшилтай болох үзэгдэл гарсаар байдаг тухай Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч нар ярилаа.

Эмийн харшил хамгийн хүнд эмгэгт тооцогддог тул хүн бүр болгоомжлоход илүүдэхгүй аж. 


Ц.Уранчимэг: Харшлыг дур мэдэн эмчилж болохгүй

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, арьс гоо заслын тэргүүлэх зэргийн эмч Ц.Уранчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Харшлын гаралтай өвчлөл нэмэгдэж байна гэж ярих боллоо. Юунаас шалтгаалж нэмэгдээд байна вэ?

-Дэлхий нийтээрээ харшлын эрин зуун ирлээ гэж яриад байна. Үйлдвэржилт, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалж харшлын өвчлөл нэмэгддэг.

Дөрөвдүгээр сараас нарны харшлын идэвхжил ихэсдэг. Мөн ургамал цэцэглэх үеэр тоосонцрын харшил сэдэрдэг.

Мөн ургамал цэцэглэх үеэр тоосонцрын харшил сэдэрдэг.

Манай эмнэлгийн ачаалал хавар нэмэгддэг. Харшлын улирал эхлэхээс өмнө бид угтуулах эмчилгээ хийж байна. 

Шарилжны харшилтай хүмүүст вакцин хийж байгаа. Мөн ОХУ-аас шинэ эм оруулж ирсэн. Үүнийгээ хүмүүст хэрэглэж байна.

Тарилга, цацлагаа өөрийн эмнэлгийн лабораторид хийдэг. ОХУ-аас оруулж ирсэн эмийн үнэ нэлээд өндөр. Бид дэлхийн харшлын эсрэг өдрийг тохиолдуулан өвчтөнүүдэд цувралаар зөвлөгөө өгч байна. Мөн эмч нарт зориулсан сургалт зохион байгууллаа.

-Шарилжны харшлын эсрэг вакцин хийж байгаа гэлээ. Зарим хүн эмчилгээнээс хасагдсан вакцин хийж байна гэж шүүмжилж байна. Танай эмнэлгийн хийж буй вакцин хэр баталгаатай вэ?

-Олон улсын стандартад нийцсэн вакцин хийж байгаа. Дэлхий нийтээрээ тарилгаас татгалзаж буй тул бид ч гэсэн татгалзаж буй. Өвчтөн өөрөө вакцинаа авч яваад эмчийн зааврын дагуу хэрэглэж болно.

Гадуур яагаад тийм яриа гарсныг хэлж мэдэхгүй юм. Өнгөрсөн жил хийсэн өвчтөнүүдийн харшлын урвалыг сааруулсан. Дахин сэдрээгүй болохоор тодорхой хэмжээний үр дүнтэй эмчилгээ болсон гэж үзэж байна. Хүмүүс сураглаж ирдэг болсон. Түүнээс олон улсын стандартаас хассан эмчилгээ хийгээгүй.

-Харшил яагаад бүрэн эдгэрдэггүй юм бэ. Нэгэнт харшилтай болчихвол олон жил өвчилдөг юм билээ?

-Удамшлын гаралтай байдаг. Аав, ээж нь хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 70 хувьтай. Тухайн хүний дархлаатай холбоотой учраас харшил сэдрээд байдаг. Нэг зүйлээс харшилбал дараа нь хоёроос гурван төрлийн ургамлаас харшилдаг болчихдог. Харшил нь арьсны болон амьсгалын замын гэсэн төрөлтэй.

Тухайн бодист хэр мэдрэгээс хамаарал харшилтай болдог. Харшил үүсгэдэг аллергийг зайлуулж чадаж байвал харшил сэдэрдэггүй. Хүмүүс мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч байх хэрэгтэй. Өөрөө дур мэдэн эмчилж болохгүй. Үүнээс болоод харшил хүндрэх тохиолдол бий.

-Угаалгын нунтгийн харшилтай хүн тухайн бодисыг гурван жил хэрэглэхгүй байхад бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Гурван жил харшил төрүүлэгч зүйлийг хэрэглэхгүй байхад мэдрэг чанар буурна. Гэвч бүрэн төгс эдгэрэхгүй. Сүүлийн үед элдэв төрлийн угаалгын бодис, эмийн замбараагүй хэрэглээнээс шалтгаалсан харшил түгээмэл байдаг.

Ялангуяа эмийн замбараагүй хэрэглээнээс болоод эмнээс харшлах тохиолдол их гардаг боллоо. Тухайн эмийн бодист харшилтай бол дахин хэрэглэх хэрэггүй. Өвчин намдаах үйлчилгээтэй парацетамолоос хүмүүс их харшилж байна. Парацетамолд харшилтай бол энэ эмийн найрлагатай бүх эмийг хэрэглэж болохгүй.

-Сүүлийн үед сүлжээний эмийг сайн гэж сурталчлах боллоо. Энэ нь хэр үр дүнтэй эмчилгээ вэ?

-Сүлжээний эмийг хэрэглэж байх явцад харшлын мэдрэг чанар дарагддаг. Хэрэглэхээ больчихоор дахиад сэдэрдэг. Тиймээс байнга хэрэглэх болно шүү дээ.

Сүлжээний эм өндөр үнэтэй байдаг болохоор эдийн засгийн хувьд амаргүй л байх. Гэхдээ сүлжээний эмийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

-Хатгуур эмчилгээ үр дүнтэй гэж хүмүүс ярих юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Зөгийн хатгуур эмчилгээ гэж сонсож байсан. Хэрэглээд сайжирлаа гэж хэлсэн хүн алга. Бас хатгуур эмчилгээ хийлгээд харшил улам сэдэрчихлээ гэж ирсэн хүн одоохондоо гараагүй байна. Сайн судлагдаагүй эмчилгээний талаар хэлэхэд хэцүү л дээ. Би үр дүнтэй гэж хэлж чадахгүй.

Зураг