Пүрэв гараг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, ипотекийн зээлийн хүүгийн талаар мэдээлэл хийлээ.
Тус хууль тэтгэврийн даатгалын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий нөөц сан байгуулах, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх, санхүү хөрөнгийн зах зээлтэй уялдуулах, ахмад настны ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилготой. Даатгуулагчийн нэрийн дансны хуримтлалыг бодитоор хуримтлуулж, тэтгэврийн хагас хуримтлал, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих суурь тавигдаж байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас явуулсан үр дүнтэй хөтөлбөр бол ипотекийн зээлийн хөтөлбөр. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, улс орны хэмжээнд 77 мянга орчим айл өрх шинээр орон сууцтай болсон гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэллээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд энэ эх үүсвэрийг ашиглахаар Монгол банк болон арилжааны банкууд хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ипотекийн зээл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бол одоо Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын эх үүсвэр буюу даатгуулагчдын шимтгэлийн орлогоос бүрдсэн хуримтлалаас санхүүжнэ. Энэ сан зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй цаашид үр ашигтай бусад томоохон хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно. Мөн 2030 оноос энэ сан ирээдүйн тэтгэврийн гол эх үүсвэр болох юм гэв.