Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

СОДОН ЖИЛ БА ЭНЭ ОНЫ ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТИЙН ТАЛААР

ikon.mn
2016 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2016 оны хувьд сонгууль, зуд болох хүлээлт өндөртэй, Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал, орон сууцны 8% -н зээл цаашид 5% болох улс төрийн амлалт зэрэг олон үйл явдал давхцсанаараа содон жил тохиож байгаа юм. Шинэ он гармагц УИХ -н дарга, Ардчилсан Намын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал зэрэг хүмүүс манай улсын инфляци 2.9%, 1.9% боллоо хэмээн шуугиж, зээлийн хүүг бууруулах зэрэг шинэ боломжуудын тухай ярьж эхлээд байна. Бид энэхүү нийтлэлээрээ манай улсын инфляцийн талаарх зарим ойлголтыг, мөн яагаад инфляци одоо бага байгаа, цаашид инфляцийг энэ хэвээр бага байлгах, эсхүл нэмэгдүүлэх ямар хүчин зүйлс байгааг олон түмэнд ойлгомжтойгоор хүргэхийг зорилоо. 



Эдийн засаг бол хөдөлгүүр - механизм

Эдийн засгийг бид хөдөлгүүртэй зүйрлэвэл хөдөлгүүр хэт их ажиллавал хална, харин бага ажиллавал хөрдөг, цаашлаад царцаж эхэлнэ. 2013 оноос хойш эдийн засгийн өндөр өсөлт буурч байгаа нь манай улсын хөдөлгүүр хурдаа алдаж байгааг харуулж байна. Энэ нь бидний орлого, амьжиргаа буурч, бизнесийн ашиг багасч байгааг илтгэнэ. Статистик үзвэл 2011 онд эдийн засгийн өсөлт 17.5%, 2012 онд 12.3%, 2013 онд 11.7%, 2014 онд 7.8% байсан бол 2015 оны эхний 3 улирлын байдлаар эдийн засгийн өсөлт ердөө 2.5% болоод байгаа юм. Хөдөлгүүрийг жигд, оновчтой түвшинд барих, цаашдын өөрчлөлтийг урьдчилан анзаарч байх нь макро эдийн засагчдын, бодлогын шийдвэр гаргагчдын нэг чухал үүрэг юм. 

Эдийн засаг хэт идэвхтэй үед хүмүүс арилжаа наймаа их хийж, орлого нэмэгдэх замаар худалдан авах чадвар өсч, цаашлаад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэнэ. Үнэ өсөх нь худалдан авагчийн орлогын байдлаас мөн үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчийн ашгийн байдлаас хамаарна. Товчхондоо худалдан авагч буюу эрэлт талаас, үйлдвэрлэгч буюу нийлүүлэлт талаас үнэ өөрчлөгдөхөд нөлөөлж байдаг. 

Бага инфляцийн суурь шалтгаан нь махны үнэ болон өрхийн хэрэглээний зардал

Үндэсний Статистикийн Хорооны 2016 оны 1 сарын 15 –ны мэдээгээр 2015 оны 11, 12 –р сарын байдлаар улсын хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлт буюу инфляци 2.9%, 1.9% гарсан нь ойрын хугацаанд ажиглагдаагүй бага үнийн өсөлт юм. 100 төгрөгийн бүтээгдэхүүн 102 төгрөг болсон гэсэн утгатай. Мэдээж нэг бүтээгдэхүүн биш  бидний өргөн хэрэглэдэг гол нэрийн бараануудын дундаж өсөлт юм. Нарийвчлан үзвэл улсын ерөнхий инфляци буурсан нь хүнсний бүтээгдэхүүний үнийн бууралтаас, ялангуяа мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнээс шалтгаалжээ. Түүнчлэн Баруун аймгуудад шатахууны үнэ буурсан нь нөлөөлсөн болохыг албаныхан нь өгүүлж байна. 

Зуд болох яриа ба махны үнэ

 

2015 оны эхээр манай улсын мал сүрэг 51 сая 982 мянгад хүрч, төллөлтийн үеэр даруй 70 сая дөхлөө гэсэн мэдээ цангинаж байв. Бичин жилийн зуд гэх яриа, гол аймгуудаар хуурайшилт ихтэй зун болсон зэрэг нь нь малчин олонд малаа төхөөрөх сэдлийг үүсгэж, махны нийлүүлэлт огцом ихсэв. Үр дүнд нь 2015 оны төгсгөлөөр 59 сая орчим мал тоологдож, махны үнэ ч огцом буурсан юм. 

Хавар болохоор нийлүүлэлт, нөөцлөлт хомс байдгаас эргээд махны үнэ өсөх хэв маяг зонхилсоор иржээ. Хэдийгээр Засгийн газар, Монголбанкны зүгээс 2012 оноос “Гол нэрийн бараа, үйлчилгээний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр” –г баталж, нөөцийн мах бэлтгэж, үнэ өсөхөөс сэргийлдэг ч махны үнэ хавар өсдөг хэв маяг байсаар байгааг өнгөрсөн онуудаас харж болно. 

Орлого буурч, зардал нь ихэссэн өрхүүд

Хөдөлгүүрийн хурд маань саарч, эдийн засгийн өсөлт буурч байвал бид бүтээмжгүй, магадгүй бага ажиллаж байгаа хэрэг болно. Өөрөөр хэлбэл цалин, ажил эрхлэлт багасах юм. Өрхийн цалин, орлого буурвал зардал буурах нь дамжиггүй. Шинээр орон сууцны зээлэнд хамрагдсан олон мянган өрх зээлийн тогтмол төлөлтийг сар бүр төлөх ёстой. Эдгээр өрхүүд орлогоосоо зээлээ төлж, үлдсэн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг. Өмнө нь цалингаа бүхэлд нь хүнснээс гадна үйлчилгээ зэрэгт зарцуулдаг байсан өрхүүд орон сууцны зээлэнд хамрагдсанаар дураараа үрж чадахаа байсан нь мэдээж. 

Эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт зэргээс шалтгаалан орлого буурч, зээлийн төлөлтөөс шалтгаалж зардал ихэссэн учраас өрхүүд хэрэглээгээ танаж, зардлаа бууруулсаар байна. Худалдан авагч цөөрч, ашгийн хэмжээ багасах нь тухайн бизнесийн хувьд зардлаа танахын тулд цалингаа бууруулах, магадгүй ажилчдаа цөөлөх шийдвэрт хөтөлдөг. Өөрөөр хэлбэл бизнес тэсч үлдэхийн тулд бүхий л хүч чадлаа гарган тэмцэнэ, дэлгүүрийн лангуунууд дээрх хямдралын шошгын тоо олширно, ажилчдын тоо буурна, бизнес хаагдана, хүмүүсийн орлого буурна. Эндээс үзвэл хүнснээс бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх эрэлтийн шалтгаан байхгүй байна. 

Инфляци тун бага байгаа нь сайн зүйл огт биш

Дээрхээс харвал инфляци хэт бага байх нь сайн зүйл огт биш юм. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ банкны тогтолцоог аюулгүй байлгаж, эдийн засгаа дэмнэх зорилттой байгууллага бол манай улсын Төв банк буюу Монголбанк. Монголбанкны зүгээс инфляцийг тун бага биш, зорилтот 7-8% -н түвшинд барих учиртай. Инфляци ердөө 1.9% байгаагийн цаана дээр дурьдсан бизнесүүд цөөрөх, ажилгүйдэл нэмэгдэх нөхцөл байсаар байна. 

Ам.долларын ханш ба инфляцийн хамаарал

 

Эхэнд өгүүлсэн шиг, эдийн засгийг урьдчилан харж, ажил эрхлэлтийг унагаахгүйн тулд, бизнесийг зогсоохгүйн тулд Монголбанк түрүүлж хөдлөх нь тэдний үүрэг байсан, одоо ч мөн. Яагаад тийм үйлдэл хийгээгүй гэдэг үндсэн хэсэг нь валютын ханш юм. Амтай болгон л ам.доллар ярьж, хоёр мянга давах нь гэж хол ойргүй шуугиж, ханшаар улс төр хийх нь олширч байв. Монголбанк ам.долларын ханшийг алдахгүйн тулд төгрөгийн нийлүүлэлтийн өсөлтийг хазаарлаж байсан гэх үндэслэл бий.  

Сүүлийн нөхцөл байдлын хувьд Хөгжлийн банкны төсвийн зарлагатай адилтгах санхүүжилтүүд буурч, улсын төсвийн зарлага тасрах, эрсдэлтэй орчинд банкууд зээл олголтоо танаж, тэр хэмжээгээр бизнесүүдийн санхүүжих, хөрөнгө оруулах боломж хязгаарлагдсан нь импортын зардлыг багасгаж, гадагшлах долларын хэмжээ буурснаар ам.долларын ханш огцом чангарах эрсдэл буураад байна. Аажимдаа төгрөгийн эрэлт, ам.долларын эрэлтээр дамжин ханш уян хатан хөдлөх нь дамжиггүй. 

Бага инфляци, валютын гадагшлах урсгал буурснаас шалтгаалж бодлогын хүү буурлаа

Хадгаламжийн хүү, зээлийн хүү, цаашлаад инфляцид нөлөөлж байдаг Төв Банкны бодлогын хүүг өнгөрсөн сард 13% -иас 12% болголоо. Бодлогын хүү өсвөл аажимдаа банкуудын хадгаламж, зээлийн хүү өснө, мөнгөний нийлүүлэлт буурч, дагаад инфляци буурна. Харин бодлогын хүүг бууруулсан тус шийдвэр аажимдаа банкуудын хадгаламж, зээлийн хүүг бууруулна, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ, ингэснээр инфляци өснө. Эдийн засаг сайжирна, хөдөлгүүр хурдсах боломж бий болно.  

Улс төрийн амлалт буюу 5% -н орон сууцны зээлийн тухайд

 

Шинэ он гармагц орон сууц барьцаалсан зээлийн хүүг 5% хүртэл бууруулах боломжтой талаар улс төрчид, Монголбанкны төлөөлөл хамтаар мэдэгдэл хийсэн. Үндсэн Хуулийн Цэцийн хөндсөн “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль”, “Иргэний хууль” –д оруулах зарим өөрчлөлт батлагдсанаар, мөн Монголбанкны зүгээс санхүүжилтийн асуудлыг шийдсэнээр 5 хувийн хүүтэй зээл хэрэгжих нөхцөл бүрдэнэ хэмээн араас нь Барилгын салбарын сайд мэдэгдэл хийв. 

Сонгууль дөхсөний дохиогоор бий болсон тус социалист маягийн уриан дор зээлэнд хамрагдах хязгаарлалт хийгээгүй тохиолдолд орон сууцны зээлтэй олон гэр бүлийн зээлийн дарамт буурах нь гарцаагүй. Сард нэг сая төгрөг төлж байсан бол 5% болсноор зээлийн төлөлт хоёр зуун мянга орчим төгрөгөөр бага болж таарна. Зээлийн төлөлтөөс хэмнэх тус мөнгөө хэрэглээндээ зарцуулах магадлал хамгийн өндөр. Өрхийн хэрэглээний зардлын өсөлтөөр дамжин инфляцийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. 

Орон сууцны үнийн тухайд нийлүүлэлт их байгаа учраас үнэ өсөх боломж нийлүүлэлт талаас хязгаарлагдмал. Мөн шинээр орон сууцанд орох айл өрхийн тоо тийм ч их байж чадахгүй нь эрэлт талаас орон сууцны үнэ өсөх боломж хязгаарлагдмал болохыг харуулна.

Харин “Барилга, хот байгуулалтын яам” -ны тооцоогоор зээлийн хүүг 8%-с 5% болгон шилжүүлэхэд 790 тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь юунд зарцуулагдах, хэрхэн санхүүжих нь сонирхолтой асуудал юм. Үүнийг шийдвэрлэхэд Монголбанк оролцох ба магадгүй зарим эдийн засагчдын үзэж буйгаар цаасан мөнгө хэвлэх замаар шийдвэл үнийн өсөлт, аажимдаа эдийн засагт зарим гажуудал үүсэх өндөр эрсдэлтэй. 

Жижиг эдийн засгийн тухайд

Манай улсын эдийн засаг жижигхэн, гадаад нөхцөл байдлаас хамаарал ихтэй, түүнийгээ дагаад өсөлт, бууралтын савалгаа ихтэй. Өөрөөр хэлбэл эрсдэл өндөртэй орчин. Тоон мэдээлэл, түүхээ харвал 2009 оны төгсгөл үеэр улсын инфляци тэг хүрч байсан ч, дараа онд нь 13 хувь хүрч байсан юм. УИХ -ын дарга З.Энхболд инфляци бага байна, цаашдаа ч бага байх юм шиг ойлгуулах аяс нь бидэнд урт хугацааны санах ой хэрэгтэй байгааг харуулж байна. Уг нь ажилгүйдэл өсөөд байна, улсын эдийн засгийн тэлэлт гурван улирлын байдлаар ердөө 2.5% байна шүү дээ гэж эрх баригчдыг шүүмжлэх байтал, тэд инфляци бага байгааг гайхуулж, зээл өгье, мөнгө байхгүй ч хэвлэх машин бий мэтээр мэдэгдэл хийж байгаа нь хачирхалтай.

2016 оны эдийн засгийн өсөлтийн хувьд томоохон судалгааны байгууллагууд гол нөлөөг Оюу Толгойн хөрөнгө оруулалт, түүнийг дагасан идэвхжил зэрэгтэй холбоотойгоор тайлбарлаж байгаа. Үнийн өсөлтийг  Монголбанкны зүгээс 5-7 хувь орчим байхаар хүлээлт өгч байна. Гадаад орчны зүгээс инфляцид үзүүлэх дарамт багасч байна. Учир нь АНУ –д бодлогын хүү чангарснаар эдийн засаг нь хумигдаж байгаа, цаашлаад бидэнд гол нөлөөтэй Хятад улсад мөн бууралт ажиглагдахаар байгаа юм. Энэ нь импортоор орж ирэх барааны үнэ хилийн чанадад өсөхгүй болохыг илтгэж байгаа юм. Дэлхийн банкны зүгээс манай улсын 2016 оны эдийн засгийн өсөлтийг ердөө 1% гэж хүлээж байна. Энэ нь томоохон судалгааны байгууллагуудын зүгээс манай улс дах гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхцөл байдал энэ ондоо багтаж сайжрахгүй гэж үзэж байгааг илтгэж байна. 

Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд, оны эхний хагаст нийлүүлэлтээс үүдэлтэйгээр хүнсний бүтээгдэхүүний, ялангуяа махны үнийн өсөлтөөр дамжин инфляци нэмэгдэх эрсдэл бий. Дэлхийн банк зэрэг байгууллагууд 2016 оны манай улсын өсөлтийг тун багаар хүлээж байгаа нь хүмүүсийн орлого төдийлөн сайжрахгүйн дохио болж, инфляци өсөхгүй нэгэн нөхцөл болно. 

Монголбанк бодлогын хүүг бууруулсан нь төгрөгийн нийлүүлэлтийг аажмаар нэмэгдүүлэх нөлөөтэй. Энэ нь инфляци аажмаар нэмэгдэх шалтгаан болохоос гадна ам.долларын ханш аажмаар чангарах нөхцөл болно. Энэ нь тааруу зүйл гэхээсээ бизнесийг дэмжих нөлөөтэй сайн зүйл юм. 

Харин Монголбанкны оролцоотойгоор улс төр хийж орон сууцны зээлийн хүү 5% -д хүрвэл, ингэхдээ шаардлагатай санхүүжилтийн асуудлыг мөнгө хэвлэх замаар шийдвэл одоогийн мөнгөний зөөлрөх бодлоготой зэрэгцэн төгрөгийн нийлүүлэлтэнд хүчтэй цочрол үүсгэх нь гарцаагүй. Үр дүнд нь төгрөгийн ханшийн сулралт, үнийн өсөлт болох нь цаг хугацааны асуудал. Өөрөөр хэлбэл Монголбанкны зорьж буй түвшинээс дээгүүр инфляци бий болох эрсдэлтэй. Дээр дурьдсанчлан манай эдийн засаг гэнэтийн цочролд хурдан хариу үзүүлдэг, жижигхэн гэдгийг санах хэрэгтэй. 


Бэлтгэсэн: Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш С.Дашдорж, Б.Номун