Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Эрдэнэдалай: Валют ол, өрнөөс гар, хадгаламж үүсгэ

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2016 оны 2 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Mongolia Metals and Mining’’-г үндэслэгч, шинжээч Ч. Эрдэнэдалайтай ярилцлаа.

ХӨӨС

Анх 2008 оноос санхүүгийн зах зээлд орж эхэлсэн. Тэр үеэс хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Монголын зах зээлд болж өнгөрсөн үйл явдлын талаар оны өмнө хэд, хэдэн илтгэлийн материал гаргасан. Хамгийн гол Шинжээч Dale Choi нь манай улсын зах зээл хөөс болжээ. Түүхий эдийн үнийн огцом өсөлт хөөсийг өдөөсөн байгаа юм. Энэхүү үнийн өсөлт 2002-2012 он хүртэлх хугацаанд огцом болсон. Харин 2008, 2009 онд дэлхийн хямралыг дагаад унасан боловч дахин хүчтэй сэргэсэн байдаг. Тухайн үед нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гэсэн дөрвөн гол түүхий эдийг асар их хэмжээгээр экспортолсон.

2011 онд Хятадын аж үйлдвэрлэл эрчимжих үед Австралид үер болсноор нүүрсний нийлүүлэлт нь багассан. Яг энэ үе буюу 2011 онд бидэнд нүүрсний үнийг өсгөх боломж бүрдсэн. Тэр үед коксжсон нүүрс 150 орчим ам.доллар болсныг хүмүүс санаж байгаа биз. Мөн зэс 9,000 ам.доллар, алт 1,900 орчим ам.долларт хүрсэн шүү дээ. Эдгээр нөхцөл байдал зах зээлийн хөөсийг даамжруулсан хэрэг.

Хуучин коммунист штабын дарга нар 1997 оны үед ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Үүний дараагаар ардчилал гарч ашигт малтмалын компаниуд Монголд хайгуул хийж эхэлсэн юм шүү дээ. Ингэхдээ голдуу Канад, Австралийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоод Монгол, Индонез гэх мэт бүрэн судлагдаагүй оронд хайгуул хийсэн.

Манай орон геологийн хувьд ашигт малтмал байх магадлал өндөртэй улс орнуудын тоонд ордог ч нүүрснээс өөр зүйл бараг олдоогүй байх. Тэр үед нүүрс тийм ч чухалд тооцогддоггүй байсан юм болов уу гэж би боддог. Ерөнхийлөгч асан П.Очирбат ч “Таван толгой”-г хөгжүүлэх ажил хийсэн ч дорвитой нөлөө үзүүлж чадаагүй юм.

ОЮУТОЛГОЙГООР ДЭЛХИЙД ТАНИГДСАН ТҮҮХ

Роберт Фрейдланд өөрийн үүсгэн байгуулсан жижиг хайгуулын компаниар Аляска мужид долоон сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж алтны том орд олоод дараа нь хэд нугалан зарж байсан хүн. Мөн Канад улсад цинк металлын орд нээж, түүнийгээ дөрөв орчим тэрбум канад доллараар зарж компаниа өргөжүүлсэн юм шүү дээ. Бирм (одоогийн Мьянмар) улсад 2000 оноос ч өмнө нэвтэрчихсэн байсан. Үүний дараагаар Фижи, Казакстан зэрэг оронд нэвтэрсэн байна.

Манай оронд уул уурхайн хууль батлагдаж, жижиг дунд компаниуд нэг нэгээрээ орж ирсэн үеэр Роберт Фрейдланд “Оюутолгой”-н лицензийг Австралийн “Би-Эйч-Пи” компаниас худалдаж авсан. Ингэхдээ “Би-Эйч-Пи” компанитай зөвхөн нэг жилийн хугацаанд өрөмдлөг хийгээд орд нээж чадахгүй бол буцаан олгоно гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж хайгуулаа эхэлсэн.

Энэ хугацаандаа сая километрын өрөмдлөг хийж, хайгуулынхаа ажилд 300 сая ам.доллар зарцуулсан. Үүний үр дүнд “Оюутолгой” нь Манхэттэний арлын хэмжээтэй томоохон бүлэг орд болсон. Ингэснээр Монгол Улс дэлхийн зах зээлд гарч олон улсын хөрөнгө оруулагчтай болсон юм.

17 ХУВИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУЮУ “ХӨӨС”

Ингээд 2011, 2012 оны эдийн засгийн 17 хувийн өсөлт буюу хөөс бий болсон. Энэ өсөлт үүсэхэд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Тухайлбал, Хятадын супер циклтэй түүхий эдийн үнийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулагчдын цуваа. Түүнээс гадна хоёр жилийн хугацаанд зургаан тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 мянга гаруй Хятадууд уурхай барьж үйл ажиллагаанд оруулсан.

Дэлхийн хөрөнгө оруулагчид манай улсад жилдээ 3-4 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байсны хоёр тэрбум нь “Оюутолгой” - д ашиглагдаж байсан юм. Үүний дараагаар 2012 онд монголчууд буруу сонголт хийсэн гэж үздэг. Манай улсын хувьд 2008 онд таван мянган ам.долларын эдийн засагтай байсан. Харин 2012 онд 12 мянган орчим ам.долларын эдийн засагтай болсон. Энэ мөнгөн дүнг тооцож үзвэл жилдээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2,500 ам.доллар байснаас дөрвөн жилийн дотор буюу 2012 онд нэг бүтэн нугаларч 5,000 ам.долларт хүрсэн.

Улс орны эдийн засаг, ард түмний амьжиргааны төвшин тодорхой хувиар өссөн боловч сонгуулийн үеэр үүнийг буруугаар ашиглан янз бүрийн амлалт өгч эхэлсэн нь том алдаа. АН болон МАХН, МАН ч огцом орж ирсэн орлогодоо дулдуйдан өөр, өөр зүйл ярьж, ард иргэдийн толгойг угаасан гэж болно. Хэдийгээр хоорондоо өрсөлдөн амлалт өгч байсан ч МАН гарч чадаагүй юм. Мэдээж үүнд олон хүчин зүйлс нөлөөлсөн. Уг нь МАН бид 2,500 ам.доллар байсныг таван мянга болгосон. Тиймээс дараагийн дөрвөн жилд 10 мянга болгоно гэж зоригтой, зөв бодлогоор ажиллах ёстой байсан ч огт чадаагүй.

Ер нь аль ч нам баялгийг хэтэрхий өмчлөх харамлах маягтай бодлого явуулсан нь буруу зүйл болсон. Ард түмэн ч таван мянган ам.долларт сэтгэл хангалуун байгаагүй. Тэд илүүг хүссэн болохоор АН-ыг сонгосон. Ингээд 2012 оноос хойш түүхий  эдийн үнэ аажим, аажмаар унаж эхэлсэн юм.

Түүнээс гадна Хятадын аж үйлдвэрлэл ч багассан нь эдийн засгийн өсөлтийг сааруулсан гэж болно. Манайхан ч гадаадын хөрөнгө оруулалтыг амандаа орсон шар тос шиг түлхэж, алган загасны эмгэн шиг аашилсан нь ч бас нөлөөлсөн. Амьдралд төгс юм гэж байхгүй. Гэтэл манайхан төгс төгөлдрийг бий болгож чадна гэдэгт хэтэрхий итгэсэн нь өнөөгийн эдийн засгийн хямралыг дэвэргэсэн юм шүүдээ.

ХӨӨС ХАГАРАВ

Өндөр өсөлттэй эдийн засгийн эрчийг сааруулсан олон үйл явдал дэлхийн зах зээлд болсон. Ялангуяа Хятадын үйлдвэржилт саарсан нь манайхаас худалдан авалт хийх явдал буурснаар 2013 онд хөөс хагарсан. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчидтай заргалдаж, хөрөнгө оруулалтыг гурван жилээр хойшлуулсан. Бүх үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, бонд, орлогыг гурван жилээр ухраасан юм.

Өндөр өсөлттэй эдийн засгийн эрчийг сааруулсан олон үйл явдал дэлхийн зах зээлд болсон. 

Хоёрдугаарт, эдийн засаг оргил үедээ “Тавантолгой”-г унагаасан. Гэрээнд гарын үсэг зурахад л хоёр тэрбум орж ирэх байсан. Үүнийг Сү.Батболдын Засгийн газар хийгээгүй. “Тавантолгой”-н төлөө хөрөнгө оруулагчид бараг зодолдож байсан. Энэ түүхэн том алдаа болсныг цаг хугацаа харуулна. Ингээд л Монгол Улс уналтад орж том хар нүхэнд ойчсон гэхэд хилсдэхгүй. Ийм нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулалт буурах нь тодорхой байсан. Учир нь түүхий эдийн үнэ унаж байгаа үед эрсдэл рүү гараа дүрэх хөрөнгө оруулагч ховор шүү дээ.

Энэ тохиолдолд хүссэн, эс хүссэн ч бүх юмны үнэ буурна. Тэгэхээр хөөс хагарах нь тодорхой. Тухайлбал, орон сууцны ам метрийн үнэ буурч байгаа нь ч тэр. Энэ үед найм болон таван хувийн зээл гэдэг нь арга ядсан алхам юм. Эдийн засаг агшиж байгаа үед цаашдаа ч байрны үнэ унах болов уу. Түүнчлэн импорт, экспорт ч буурч байна.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Магадгүй эдийн засгийн агшилт 2016, 2017 онд үргэлжилнэ. Харин 2018, 2019 онд дээшлэх болно гэж шинжээчийн хувьд харж байгаа. Хамгийн гол нь манай улсын өрсөлдөх чадвар муу байна. Ямар ч тохиолдолд ашиг хийдэг эдийн засагтай болох хэрэгтэй байна. Энэ удаагийн сонгуулийн дараа бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэх болов уу гэсэн горьдлого тээж сууна.

 “Оюутолгой”-д төмөр зам барих хэрэгтэй. Тэнд 14 километр бүхий далд уурхай бий. Түүнийг 200 километр болгоно. Говь нутгийн газар доор хот байгуулж болно. Эсвэл цэргийн бааз байгуулж болно шүү дээ. Эцсийн дүндээ энэ бүхэн бүгд л Монголын баялаг. Таван жилийн дараа гэхэд “Оюутолгой” дэлхийн хоёр дахь хамгийн том уурхай болно. Гэтэл одоо хэдэн муу машинаар юмаа зөөгөөд явж байгаа нь зөв шийдэл биш. 

Жишээлбэл, Чилид уурхайгаасаа шууд 100 километр хоолойгоор шугам татаж урсгадаг. Гэтэл Монголд яагаад ийм зүйл хийж болохгүй гэж. Хоолойгоор урсгадаггүй юм гэхэд төмөр замаа тавих хэрэгтэй. Үүнийг хийхэд Хятадын хилд бүх ажил нь бэлэн, биднийг хүлээж байгаа. Уг нь одоо нэгэнт нарийн царигтай төмөр зам хийнэ гээд шийдчихсэн шүү дээ. Тэгэхээр маргалдаад байх зүйлгүй.
 

Хятадын хилээс “Оюутолгой” хүртэлх замыг хамгийн түрүүнд барих нь зүйтэй. Яагаад гэвэл, таван жилийн дараа гэхэд тэр уурхай бэлэн болсон байх ёстой.

“Тавантолгой”-г ашиглахын тулд “Оюутолгой” шиг найдвартай хөрөнгө оруулагчтай, ашигтай нөхцөлтэй гэрээ хийх нь зүйтэй.

Ер нь анхнаасаа “Тавантолгой”, “Оюутолгой”-н ордыг дайрсан төмөр зам барих ёстой байсан юм. Харамсалтай нь, манай улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломжтой хоёр том уурхайг тус, тусд нь байлгах сонирхол байна.

“Тавантолгой”-н орд нэгэнт Цагаан суварга”-ыг дайрч байгаагаас хойш “Оюутолгой”-той холболт хийх нь зүйтэй. Хэрэв үүнийг хийж чадвал, зэсийн ханш дөрвөн мянган ам.доллар байсан ч ашигтай ажиллана. Мөн “Тавантолгой”-д маш сайн хөрөнгө оруулагч хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд жийрхэж, улстөржүүлж суухын оронд зоригтой хөдлөх цаг болсон. Бид “Тавантолгой”-г ашиглахын тулд “Оюутолгой” шиг найдвартай хөрөнгө оруулагчтай, ашигтай нөхцөлтэй гэрээ хийх нь зүйтэй.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ ЧУХАЛ

Ер нь улсын хөгжил тогтвортой байдлаас шууд шалтгаална гэж болно. Монголын засаглалыг эдийн засгаар орлуулж авч үзвэл, УИХ-д сууж байгаа ард түмний төлөөлөгчид ажлаа буруу хийж байна гэж болно. Үнэхээр ард түмнийг төлөөлж байгаа бол тэдний төлөө ажилладаг байх хэрэгтэй. Гэтэл, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө биш, өөрийнхөө болон халаасныхаа хүмүүсийн төлөө ажиллаж, түмнийг хохироогоод байна. Манай улсын хувьд урт хугацааны тогтвортой хөгжил маш чухал. Гэвч, тогтвортой хөгжил бүрдэхгүй байгаагаас хөрөнгө оруулагчид дайжиж, хүлээлт үүсгэж байгаа юм.

Тэгэхээр тогтвортой хөгжлийн суурь нь тогтвортой засаг юм шүү дээ. Улс төрийнхний одоо ярьж байгаа зүйл нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй гэдгийг хүмүүс ойлгодог болсон. Манай улсад чадвартай, мэдлэгтэй боловсон хүчин бий. Гадны улс оронд өндөр албан тушаал хашиж, тив дэлхийд нэрээ цуурайтуулсаар байгааг сошиал ертөнцөөс төвөггүйхэн олоод харчивдаг болсон нь нэг давуу тал. Тиймээс мэдлэг, чадвартай хүмүүсээ дэмжиж, ашиглах хэрэгтэй. Тэднээс зөвлөгөө авч, хамтарч ажиллан, улс орныхоо хөгжилд оюуны өндөр боловсролыг нь ашиглах ёстой.

Тухайлбал, Казакстан улсын хувьд хөгжил нь удаан ч гэсэн тогтвортой явагддаг. Яагаад гэвэл, тэднийх тогтвортой засагтай. Тэд хөгжлийн бодлогоо тодорхойлон түүнийгээ 25 жил хэрэгжүүлж байна. Үүгээрээ манай улсыг дагуулахгүй хөгжсөн гэж болно. Гэтэл манай улс хэдэн жилийн өмнө өссөн 12 тэрбум ам.долларын эдийн засгаа уруудуулж байна шүү дээ.

Ер нь тогтвортой байдлыг бий болгохын тулд нэн түрүүнд улс төрийн тогтвортой байдал чухал. Статистик мэдээллээс харахад сүүлийн 25 жилд Засгийн газар 14 удаа солигдсон байдаг. Уг нь энэ хугацаанд зургаан Засгийн газар байх учиртай. Гэвч энэ тоо хоёр дахин өссөнөөр хэт бужигнаан дунд цаг хугацаа алдсаар байна. Энэ нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварт нөлөөлж байна. Өрсөлдөх чадвар сайн байхын тулд тогтвортой Засаг хэрэгтэй.

Ингэснээр тогтвортой хөгжих болно. Үүний тулд хуулиа дагаж мөрдөх, биелүүлэх ёстой. Гэтэл бид өөрсдөө ороо бусгаа байхын зэрэгцээ хэдэн янзын хууль гаргаж, түүнийгээ байнга л өөрчилж байгаа нь бидний хүсч байгаа тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Ингэснээр дэлхий дахинаа Монгол Улсаа муу, муухай байгааг зарлаж байгаагаас ялгаагүй. Энгийнээр тайлбарлавал, байр сууриа олохыг хүссэн ч олж чадахгүй юм бүхэн рүү үсчиж байгаа залуу шиг харагддаг. Тухайлбал, огт мөнгө зарлагадахгүйгээр жилд 300-400 сая ам.долларыг хайгуулаар олж байсан ч, хөгжүүлээгүй.

ХӨГЖЛИЙН ГАРЦЫГ ТОДОРХОЙЛОХ 10 ҮЗҮҮЛЭЛТ

Би судалгаа хийж байгаа. Түүгээрээ Монгол Улсын хөгжлийн гарцыг тодорхойлохыг оролдож байна. Судалгаа 10 хэсгээс бүтнэ.
Манай улс хөгжих ёстой. Бид нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хэд болж байна вэ гэдгийг төр барьж байгаа хүмүүсээс шаардах эрхтэй. Хөгжлийг хэмжих хэмжүүр нь энэ. Гэтэл үүнийг ард түмэн хэзээ ч сонирхдоггүй, нэхдэггүй. Бид сайхан амьдрахыг хүсч байна гэдэг ч үүнд нөлөөлөх хүчин зүйлийг огтхон ч тоохгүй байна. Тиймээс гарцыг нь тодорхойлохыг оролдсон. Үүнийг хүмүүст мэдүүлэх хэрэгтэй юм.

Өрсөлдөх чадвар сайн байхын тулд төрийн бүтцийг данхайлгахыг хэлдэггүй. Төр бүтцээрээ томрохын оронд улсын өрсөлдөх чадварыг сайжруулах тогтвортой бодлого боловсруулан, дагаж мөрдөх цаг болсон.

Өрсөлдөх чадвар сайн байхын тулд төрийн бүтцийг данхайлгахыг хэлдэггүй. 

Сүүлийн жилүүдэд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярьж байна. Энэ нь маш зөв шийдвэр. Гэхдээ үйлдвэрлэгчдийг томруулах механизм нь зөв байж, хэрэгжинэ. Учир нь манай улсын валютын импортын бараанд явж байгааг ойлгосон хэрэг.

Гэвч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Бид ам.долларын ханш өсч байгааг шагшдаг хэрнээ,юанийн ханш хэрхэн хөдөлж байгааг огт ярихгүй юм. Үнэн хэрэгтээ дийлэнх валютын урсгал юанаар урд хөрш рүү гарч байгаа. Ам.доллараар дийлэнхдээ шатахуун импортолдог шүү дээ. Тэгэхээр үүнийг анхаарах ёстой. Хоёр улсын худалдаа яагаад гуравдагч орны валютаар хийдэг юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Үүнийг зохицуулах учиртай.

Ер нь эдийн засгийн хэвийн өсөлтийг бий болгохын тулд нэгдүгээрт, тогтвортой хөгжлийн бодлого, хоёрдугаарт өрсөлдөх чадвар гэх мэтчилэн зүйлийг дагаж мөрдвөл буруудахгүй. Мөн түүнчлэн арилжааны гэрээний халдашгүй байдлыг сахих. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах үед тохирсон тохиролцоондоо хүрэх хэрэгтэй. Энэ маш чухал. Ингэснээр гадны хөрөнгө оруулагчдад эерэг мэдээлэл болж, хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдэнэ.

Эцсийн дүндээ, өрнөөсөө гарч, валют оруулж ирэх хэрэгтэй. Харин олсон валютаа гарын салаагаар урсгалгүй, хадгаламж үүсгэх нь хүнд байдалд орох үед уснаас хуурай гарах боломж гэдгийг мартаж болохгүй. Энэ тохиолдолд эдийн засгийн савлагаанаас гарах бодит боломж юм шүү гэдгийг ойлгох цаг болсон.

Жишээлбэл, Dale Choi гэдэг хүн өөрийнхөө оюуныг экспортолж валют олж байна. Энэ ажлыг эх орондоо хийж байгаа учраас нэг талаасаа үйлдвэрлэгч гэж ойлгож болно. Мэдээж олсон мөнгөө үндэсний валют болгон Монголдоо хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Учир нь миний үйлчлүүлж байгаа газар Монгол. Бусдын адил найман хувийн зээлээ төлж байгаа учраас өрнөөсөө гарч байгаа гэсэн үг. Энэ мэтчилэн маш энгийн философиор улс орныг удирдаж болно гэдгийг энгийн жишээнээс харж болно.

Зураг