Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Түвшинтөгс: Хүндрэлийн эсрэг тууштай бодлоготой байх нь чухал

ikon.mn
2016 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгстэй эдийн засагт тулгамдаж буй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр эдийн засгийн хүндрэлээс сургамж авч, бодлогын алдаагаа засах ёстой хэмээн үзэж байна.

-Дэлхийн банк манай улсын эдийн засгийг энэ онд улам хүндэрнэ гэж таамаглаж байна. Харин та энэ оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн тодорхойлох вэ?

-Эдийн засгийн идэвхжил төдийлэн сайжрах шинж тэмдэг энэ оны хувьд харагдахгүй байна. Өнөөгийн удаашрал цаашид үргэлжлэх, хэвээр хадгалагдах магадлал өндөр байна. Тэгэхээр нөхцөл байдал эерэг байх боломж улам хязгаарлагдах эрсдэлтэй гэсэн үг.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Монголбанкны гаргасан төсөөллийг харахад эдийн засгийн өсөлт гурван хувиас хэтрэхгүй, үүнээс ч бага байхаар тодорхойлогдсон.

Зарим нь эдийн засгийн өсөлтийг нэг хувиас доогуур гарна гэж урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа. Миний хувьд ч ялгаагүй ижил байр суурьтай байна. Төсөөллийн шинжилгээ хийж үзэхэд, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гурван хувиас өндөр гарах магадлал харагдахгүй байгаа юм. Хэрэв төсвийн орлогыг бүрдүүлж буй уул уурхайн түүхийн эдийн үнэ сэргэж, улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх жилийн үзүүлэлтээс эрс сайжирсан тохиолдолд дээрх төсөөлөл өөрчлөгдөх боломжтой.

-Богино болон дунд хугацаанд ямар эрсдэл бидэнд тулгарч болзошгүй байна вэ?

-Эдийн засгаа нийтэд нь авч үзвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд  нэлээд том сөрөг шоктой тулгарлаа. Энэ нь хоёр эх үүсвэртэй байсан. Эхнийх нь гадаад нөхцөл байдал буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хүчтэй уруудсан явдал. Үүнээс болж эдийн засаг сөрөг цохилтод орсон. Хоёр дахь нь бодлогын алдаа улам даамжирсан. Эдгээр нь эдийн засгийн нөхцөл байдлыг улам эмзэг болгож, хүндрэл гүнзгийрэхэд хүргэсэн.

Хөрөнгө оруулалтын орчны тогтворгүй байдал, түүхий эдийн зах зээл тааламжгүй байгаагаас үүдэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ маш бага түвшинд хүрлээ. Бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн төслүүдийн үр ашиг хангалттай түвшинд хүрэхгүй байна. Үүнээс гадна өрийн удирдлагын хувьд ч ялгаагүй сорилт, бэрхшээл тулгарсан хэвээр байна.

Өөрөөр хэлбэл, төсвийн нөхцөл байдал нэлээн хүндэрсэн гэсэн үг. Тэгэхээр сая дурдсан сөрөг шокууд энэ онд хадгалагдах эрсдэлтэй байгаа юм.

-Нөхцөл байдал богино хугацаанд сэргэхгүй нь гэж ойлголоо. 

-Тийм ээ. Байдал огцом сайжрах шинж төлөв харагдахгүй байна. Ойрын хугацааны эрсдэл бол тогтворгүй байдал. Эдийн засаг өөрөө тогтворгүй байгаа нь хүлээлтэд нөлөөлөхүйц эрсдэл болчихоод байна. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөө үзүүлэх бодлого, эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал.

 Эдийн засаг өөрөө тогтворгүй байгаа нь хүлээлтэд нөлөөлөхүйц эрсдэл болчихоод байна. 

Мөн эдийн засгийн бодлогын залгамж холбоо алдагдах бус хадгалагдах учиртай. Энэхүү хоёр хүчин зүйлээс их зүйл шалтгаална. Бидний хувьд бодлогын алдаанаасаа суралцах, түүнээсээ сургамж авах хэмжээнд ирсэн.

Дэлхий нийтийг бүхэлд нь хамарсан 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг манайх давж гарсан. Өнөөдөр 2013, 2014 оны эдийн засгийн хүндрэлийг туулж байна. Энэ бүхнээс сургамж авч, бодлогын алдаагаа давтахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хүндрэлийн эсрэг зогсож чаддаг бодлоготой байх нь чухал. Бодлого нь тууштай байх учиртай.

-Бид хямрал, хүндрэл, бодлогын алдаанаасаа сургамж авч чадаж байна уу?

-2008, 2009 оны хямралаас сургамж аваагүй нь одоогийн хүндрэл, бэрхшээлийн эх үүсвэр болсныг үгүйсгэхгүй. Өнөөгийн нөхцөл байдал, үр дагавараас одоо сургамж, авах, эсэх нь тодорхой биш байна. Хямрал, хүндрэл нь хүн болгоны хүсээд байх зүйл биш юм.

-Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө хэр байна вэ. Эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар хэзээ уул уурхайгаас илүү үүрэг гүйцэтгэх бол?

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналттай байгаа боловч төсвийн орлогын тавны нэгийг бүрдүүлэх түвшинд байна. Тэгэхээр уул уурхайн салбарын ач тус буурсан гэж дүгнэх нь эртдэх яриа. Алт болон зэсийн салбарыг л аваад үзэхэд аль хэдийнэ хөдөө аж ахуйн салбартай дүйцэх түвшинд ирсэн байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд тогтвортой өсөлтийг бий болгож ирсэн.

-Мөнгөний бодлогын хүүг бууруулсан. Энэ нь эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг зөөллөх болов уу. Тэр тусмаа зээл олголтын хэмжээг нэмэгдүүлэх үү?

-Бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 12 хувь болгосон. Хүү буурснаар богино хугацаанд эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх нь бага. Гэхдээ бодлогын хүүг нэг хувиар бууруулсан нь хүүгээ өсгөж ирсэн өмнөх бодлогуудаас өөр бодлогын шийдэл болсон.

Үүнийг мөнгөний бодлогын түвшинд том алхам гэж үзэж болно. Нөгөө талаас Төв банк бодлогын нэг нэгжээр бууруулсан нь хүүгээ хурдацтай бууруулж байна гэсэн үг.

Хүү буурч байгаа нь зээл олголтын хэмжээ болон олдоцыг сайжруулахад нөлөө үзүүлэх боловч эдийн засгийн идэвхжил, түүний нөхцөл байдал ямар байхаас нийт зээл нэмэгдэх, эсэх нь шалтгаална. Эдийн засгийн идэвх сэргэсэн тохиолдолд арилжааны банкууд сайн чанарын төслүүдэд зээл олгож эхэлнэ.

Бодлогын хүү буурахаар арилжааны банкууд Төв банкны үнэт цаас эсвэл Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан мөнгөө зээл болгох магадлал нь нэмэгддэг. Товчхондоо, банкны өөрийнх нь зээлийн бодлого, нийт эдийн засгийн нөхцөл байдлаас дээрх байдал хамаарна.

-Төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,000 төгрөг давчихлаа. Ханшийн дарамт улам нэмэгдэж байна. Тэгэхээр Монголбанкны зүгээс хэрхэх ёстой вэ?

-Монгол Улс орж, гарах валютын урсгалаа хянадаггүй. Валютын урсгалаа хянадаггүй бол ханшийг чөлөөтэй орхихоос өөр сонголтгүй. Өөрөөр хэлбэл, ханшийг хүссэн хэмжээндээ байлгах боломжгүй л дээ. Мөнгөний бодлого хэрэгжүүлж буй эдийн засагт валютын орох, гарах урсгалд нь хязгаарлалт тавиагүй тохиолдолд ханшийн түвшнийг шууд тодорхойлж, зорилт тавих нь үр дүн багатай.

Гадаад валютын дуудлага худалдааны хувьд үүнийг өнгөрсөн бүх цаг үед хийж ирсэн. Энэ нь өөрийн гэсэн шалтгаантай байдаг. Төлбөр тооцооны гүйлгээ хийхэд валют байх ёстой. Уг хэрэгцээ шаардлагыг хангаж байх үүрэг нэг талаар Монголбанканд ногддог. Ихэнх тохиолдолд банкны систем өөрөө хангадаг боловч  зохих түвшинд Төв банкны үүрэг, оролцоо чухал.

-Монголбанкны бодлогын үр нөлөөг зарим  улстөрч валютын ханшаар хэмжих нь бий.

-Энэ асуудлыг цөөнгүй жил ярьж байгаа боловч энэ асуудлыг тойрсон тодорхой бус байдал огт өөрчлөгдөхгүй байна. Ойлголцлын зөрүү нь өнгөрсөн хугацаанд алга болсонгүй. Төгрөгийн худалдан авах чадварыг хадгалж байхаар Төв банкны тухай хуульд томъёолсон. Нэгэнт иймэрхүү ерөнхий байдлаар томъёолсон учраас үүнийг хэрхэн дүгнэх, яаж ярих нь та бидний харах өнцөг болж байна.  

Миний хувьд Монголбанкны төгрөгийн тогтвортой байдлыг инфляциар төлөөлүүлж байгаа. Жил бүр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийн зорилтот түвшнийг тодорхойлж, зорилт тавьдаг. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадварыг Төв банк инфляциар дамжуулан онилдог гэсэн үг. Харин ханшийг ерөөсөө онилж байгаагүй.

-Төв банкны зорилтот түвшнээс инфляци одоогоор хоёр дахин бага буюу нам түвшинд байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах үндэслэл болсон гэж Мөнгөний бодлогын зөвлөл үзэж байгаа. Инфляци цаашид тогтвортой байх боломж бүрдсэн үү. Төв банкны өмнө ямар сорилт байна вэ?

-Инфляци нам түвшинд тогтвортой байх нь чухал. Ингэснээр эдийн засагт бодит эерэг нөлөө үзүүлнэ. Түүнээс богино хугацаанд буурах нь үзэгдэл төдий. Өөрөөр хэлбэл, инфляци дунд болон урт хугацаанд нэг оронтой тоонд тогтвортой хадгалагдах нь чухал гэсэн үг. Инфляци нь их савламтгай үзүүлэлт.

Тиймээс зорилтот түвшинд тогтвортой байвал энэ нь зээлийн хүү буурах шалтгаан болно. Инфляци ядаж л ирэх 18 сарын дотор долоон хувиас хэтрэхгүй байх нь эдийн засагт эерэг мессеж юм. Энэ нь тогтвортой байдлыг илэрхийлнэ. Тогтвортой байдлыг хангасан тохиолдолд хадгаламжийн хүү буурна, өрсөлдөөний зарчмаар зээлийн хүү буурна. Зээлийн хүү буурах суваг нь энэ.

Инфляци нэг оронтой тоонд орсон нь өмнөх үед огт байгаагүй үзэгдэл биш.

Инфляци нэг оронтой тоонд орсон нь өмнөх үед огт байгаагүй үзэгдэл биш. Өмнө бид одоогийн түвшний инфляцитай байсан. Ирээдүйн 36 сарын дотор инфляци нэг оронтой тоонд хэлбэлзэх юм бол хандлага эргэж байна гэж ойлгож болох юм. Түүнээс нэг удаагийн бууралтыг хандлага эргэлээ гэж хэлэх боломжгүй.

Богино хугацааны үзэгдлийг дунд болон урт хугацаанаас нь салгаж ойлгох хэрэгтэй. Сүүлийн 15 жилээ аваад үзэхэд инфляци дунджаар 10 хувь байсан. Энэхүү олон жилийн дундаж үзүүлэлт болох 10 хувийг өөрчлөх нь илүү чухал байгаа юм. Үүнийг нэг оронтой тоонд оруулж ирэх нь Төв банкны хувьд томоохон сорилт.

-Орон сууцны ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох эрх зүйн орчин бүрдчихлээ. Улмаар найман хувийн хүүг гурван нэгжээр бууруулж, тав болгох боломжтой гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Үнэхээр ийм боломж өнөөгийн эдийн засагт байна гэж та үзэж байна уу?

-Орон сууцны зээлийн хүүг одоогийн нөхцөлд наймаас тав болгох нь миний хувьд төдийлэн чухал асуулт биш санагддаг. Хүүг өөрчлөх асуудал дээр миний хувьд байр сууриа илэрхийлэх сонирхол алга. Бид энэ асуудлын цаад нарийн мөн чанарыг нь ойлгохгүйгээр зөвхөн өнгөн хэсгийг нь өнөөдөр яриад байна.

Зах зээлийн хүү нь 15-16 хувь байхад найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг гаргасан. Зах зээлийн хүүгээс хоёр дахин бага хүүг цэвэр татаас байдлаар санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бодлогоор хүмүүст татаас өгч байна. Татаас ардаа мөнгөтэй байх ёстой.

Хэдийгээр Монголбанк уг хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа боловч Төв банкны алдагдлыг Засгийн газар төлөх ёстой, хуулиараа. Найман хувийн зээлийн хүүгийн зөрүү явцын дунд Засгийн газрын өр болох эрсдэлтэй.

Өр дотроо төсөвт дарамт учруулах томоохон өр болж таарна. Өөрөөр хэлбэл, энэхүү хөтөлбөрийн зээлүүд их хэмжээгээр эрсдэлд орсон тохиолдолд төсөв дээр томоохон дарамт ирнэ. Төсвийн ачааллыг жигдэрүүлсэн, татаасыг хэрхэн санхүүжүүлэх нь ойлгомжтой байх ёстой. 

-“Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулсан. Хөрөнгө оруулалтын тодорхой хэсэг нь оны эхний хагаст орж ирнэ гэсэн хүлээлт байна. Энэ нь эдийн засаг дахь сөрөг хүлээлтийг өөрчилж, нөхцөл байдлыг дээрдүүлэх хөшүүрэг мөн үү?

-Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь энэ оны хувьд тийм ч өндөр биш байхаар харагдаж байна. Үйл ажиллагаа нь зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалтад чиглэж байгаа. Эхний үе шат шигээ эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхгүй байх.

Тодорхой түвшинд ажлын байр бий болж, ажил, үйлчилгээ явагдаж, худалдаа нэмэгдэх боловч өмнөх үетэй нь харьцуулах боломжгүй. Нэмэлт хөрөнгө оруулалтын нийт дүн ганцхан жилд орж ирэхгүй. Тэгэхээр эдийн засгийн сөрөг хүлээлтийг өөрчлөх боловч нөхцөл байдлыг бүхэлд нь дээрдүүлж чадах, эсэх нь эргэлзээтэй.

Ярилцлагыг: Б.Баяртогтох