Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

ДНБ-ий 25 хувьтай тэнцэх нууц хөрөнгө ил болов. Тэгээд?!

Өглөөний сонин
2016 оны 2 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг

-АТГ 2016 онд төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдүүлэхдээ Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдан нууц хөрөнгөө ил болгосон хүмүүсийн шинэ орлогыг мэдээлэхгүй- 

Өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ноос Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2015 оны эцсээр зургаан их наяд төгрөгийн объект, үл хөдлөх болон бусад хөрөнгө ил болж бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 20 орчим их наяд төгрөгөөр хэмжигддэг гэвэл шинэ монголчуудын олноос болон татвараас нууж явсан хөрөнгө даруй ДНБ-ий 25 хувьтай тэнцэж байна гэсэн үг юм. Ил тод байдлын хуулиар ил болсон дээрх хөрөнгийг эзэмшигчдийн ихэнх нь төрийн албан хаагчид болохыг эх сурвалжууд мэдээлсэн.

Үүнтэй зэрэгцэн яг одоогийн байдлаар УИХ-д нэгэн тогтоолын төсөл өргөн баригдаад буй бөгөөд батлагдах тохиолдолд дээрх хуульд хамрагдаж чадаагүй улстөрчдийн ар гэр, ах дүү хамаатан болох 200 мянган хүн нуусан хөрөнгөө ил болгон бүртгэлжүүлэх бололцоо нээгдэх аж.

Ил болсон дээрх хөрөнгийг эзэмшигчдийн ихэнх нь төрийн албан хаагч байгаа нь бас нэг анхаарал татахуйц “шинж тэмдэг” гэж үзэж болох байх. Нууц явсан хөрөнгийг ямар эх үүсвэрээр бий болгосныг “мөрдөж үзвэл” мөнөөх олон жилийн турш яригдсаар ирсэн авлига хаана, хэрхэн шингэж ирснийг баримжаалж болмоор...

Гэвч Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд “хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүү, албан татварын тайлан, бусад орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэсэн заалт багтсан учраас хөрөнгийн эздийг зарлах эрхзүйн бололцоо байхгүй.

Хуулиар энэ мэдээлэл нийтэд ил болохгүй гэсэн үг боловч “нууцыг'’ хариуцаж буй этгээдүүдээр дамжуулан улстөрчид, улс төрийн намууд хэзээ нэг цагт өөрсдөө мэдээллийг гартаа оруулж нэг нь нөгөөгийнхөө эсрэг “зэвсэг” болгон ашиглахыг үгүйсгэх аргагүй.

АТГ хоёр тусдаа данс “хөтөлнө”

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжихтэй хамт ил болгосон хөрөнгөө төрийн албан хаагчид хуулийн дагуу АТГ-т гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэмж бичих аж. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг дэх хөрөнгө, орлогын хэмжээ ийнхүү огцом өсч байгаа ч хөрөнгийг нийтэд зарлахыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хязгаарласан байгаа.

Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ тогтоосон хугацаанд заавал гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Үүнийг АТГ Төрийн мэдээлэлд нийтэлж олон нийтэд хүргэж ирсэн. 

Ийм тогтолцоо Авилгын эсрэг хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Монгол Улсад хэвшээд байсан бол энэ удаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Авлигын эсрэг хуулиуд хоорондоо зөрчилдөж байгаагийн улмаас зайлшгүй эвдэгдэхэд хүрчээ.

Учир нь АТГ 2016 онд төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдүүлэхдээ Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдан нууц хөрөнгөө ил болгосон хүмүүсийн шинэ орлогыг мэдээлэхгүй. 

Хөрөнгө нэмэгдсэн ба нэмэгдээгүй гэсэн хоёр тусдаа данс хөтөлж, хуучин дансаа олон нийтэд зарлахаар болж байгаа юм. Энэ байдал хэдэн жил үргэлжлэх вэ. Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг дахин хөшигний ард нуугдах уу зэрэг асуултад хариу өгөх хүн өнөөдөр Монгол Улсад алга байгаа юм.

Зураг