Гадаа цас, гарт минь “Цас”. Нэг нь над руу, харин нэг рүү би уусаж байна. “Ай, цасны аниргүй” хэмээсээр “Цас” над руу нэвтэрч байхад ай ч гэхгүй нөгөө нь хэмгүй зөөлнөөр бударч байлаа. Энэ гайхалтай мөч надад ирэхийн тулд хорвоо юуг тааруулсан тухайг нэг өгүүлбэрт багтаавал;
Архитектор болохоор суралцаж байсан турк эр Орхан Памук гэгч нэг л өдөр зохиолч болох нь өөрийнх нь төрмөл чанар гэдэгтэй эвлэрч уран зохиолын замд шуудраад, овоо амжилттай хэдэн романы ард гарч, улмаар 2002 онд “Цас” гээч роман бичсэний дуулиан, шуугиан Туркийн хилээс давж, дэлхий дахинд гайхагдаж байхад энд, Монголд эсрэгээрээ Б.Баясгалан гэгч охин хожим зохиолч болно гэдэгтээ бат итгэсэн ч чингэхийн тулд ертөнц, нийгмийн тогтолцооны учир, утгыг мэдэх нь зүй гэж үзээд онхи ондоо улс төр судлаачийн мэргэжил дүүргээд, төгсөөд үүнийг ор тас хаяна гэдгээ чухам сайхан гүйцэлдүүлж байх үед нь утга зохиолд ухаангүй хайртай Ж.Тэгшзаяа найз нь Сингапураас богц дүүрэн номтой ирсний дотор мөнөөх Памук маань “Цас” романы англи хэл дээрх эх байж таарсан нь чухам хувь заяаны тохиолоор Б.Баясгаланд очиж, мань хүн тун няхуур гурвантаа уншсаны эцэст ухамсарт амьдралынхаа анхны томоохон орчуулга руу ханцуй дүрэхээр шийдээд, өөрийнх нь хэлсэнчлэн “урсаж яваа амьдралынхаа дундуур ааг, зоог хийн” таван сарын дотор орчуулж дуусгаад хувь тохиол бүрдээгүйн тул таван жил хав дарсаныгаа сая нэг хэвлүүлсэн тэр өдөр үүнийг бичиглэгч би бээр түүнтэй хэргээр таарч номын дээжээс гардахад тэргүүн нүүр дээр нь “Ж.Тэгшжаргал дүүдээ хүндэтгэн өргөе. Хүч чадалд нь ямагт итгэгч Б.Баясгалан. 2015.10.21”гэж бичсэн тэрхүү тэмдэгт өдөр надад тэмдэглэлт өдөр шиг санагдаж, түүнээс дөрвөн өдрийн дараа саарал хотод маань энэ жилийн анхны цас лавсан буух мөчид тэврэн суусан маань тэр билээ.
Хэрэг явдал товчхондоо ийм гэвч, үүний цаадах адал сониныг нээж мэдэх гэсэндээ тэр нэгэн Бямба гарагт “Цас” романы орчуулагч, “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалантай уулзаж дор таны унших харилцан яриаг өрнүүлсэн юм. Болгооно уу.
-Ийм хэмжээний романыг шууд сэтгэлийн хөдөлгөөнөөр барьж аваад орчуулах боломжгүй байх. Үүнийг та хэрэгтэй гэж орчуулав уу, дуртай болоод сонгов уу?
-Анх уншаад дууссаны дараа романы бичлэг нь надад таалагдсан. Бидэнд энэ цагт дэлхийн уран зохиолын туурвил зүй хаана явна гэсэн нэг тийм чиг баримжаа хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл орчуулагдаад гарч байгаа нь хэдэн зууны өмнөх, үгүйдээ л 70, 80 жилийн настай ном байх.
Тиймээс яг одоо хүмүүс юу бичиж, юу уншиж байгаад томоохон, тулхтай баримжаа болох Орхан Памукийн “Цас” гэх энэ роман бол орчин үеийн роман яаж бичигддэг, туурвил зүй хаашаа яваагийн том жишээ юм. Эхэндээ өөрсдийгөө зохиолч болно гэж бодож яваа найз, нөхдөдөө харуулах юмсан гэж бодсон бол хоёр, гурав уншсанаа дараа энэ ер нь монголчуудад тун хэрэгтэй, ялангуяа энэ цаг үед уншигдах ёстой юм байна гэж бодоод орчуулахаар шийдсэн.
Бид их сонин эрин үед амьдарч байгаагаа өөрсдөө анзаарч байна уу, үгүй юү. Нүүдэлчид суурин иргэншилтэй нүүр тулж буй шилжилтийн үе. Энэ үед иргэншил хоорондын зөрчлөөс эхлээд хүний төрж өссөн газар, хөгшин залуугийн хэмжүүр, боловсрол, үзсэн харсан зүйлсийн ялгаа ихэсч үнэт зүйлийн зөрүү үүсчихлээ. Үнэт зүйлсийн зөрөө үүсэх хэрээр хоорондоо ойлголцохоо байсан нь одоо тэмцлийн хэлбэр рүү шилжлээ. Нэг хэсэг нь барууны жишгээр ч юм уу, дэлхийн жишгээр хөгжих, тэнд амжилт олсон төрийн тогтолцоог байгуулах, түүн доор амьдрах хүсэлтэй байхад нөгөө хэсэг нь хуучин түүх, нүүдэлчин ахуйгаа санагалзаад байдаг. Ингээд нийслэл хотруугаа морьтой уулгалан орж ирээд төрийн ордон руугаа нум сумаар харвахыг харах сонин үед амьдарч байна шүү дээ. Тэр хүмүүс галзуу солиотойдоо ийм юм хийж байна гэж үү? Үгүй. Үнэт зүйлийн зөрчил бид нарын дунд ингэтлээ хурцадсанытод жишээ л энэ.
Нөгөө талаас, бид нарыг гутаагаад байгаа ч юм шиг, дорд үзээд ч байгаа юм шиг, гаднын соёлыг өөриймшүүлэх гээд үзээд байгаа харагддаг энэ хүмүүс чинь бас тийм орчинд өсөж, тийм газар орон үзээд, яваад ирсэн учраас ингэх нь зүй гэж бодогдоно. Тиймээс “Цас” романыг уншсан хүмүүс Түрэг гэхээсээ гадна өөрсдийгөө бас харж, уугуул мөн чанараа ахин нэг эргэцүүлж, ингэснээрээ дотоодын ойлголцол сайжрах болов уу гэж найдсан.
-Нийгмийн хурц зөрчлүүдийг алиных нь ч талд оролгүй, гэмгүй гаргачихдаг энэ арга барил Памукийн нэрийн хуудас. Энэ нь бас таны дээр хэлсэнчлэн орчин үеийн туурвил зүй гээд байгаагийн нэг илрэл үү?
-“Цас” дээр орчин үеийн романы туурвил зүйн чиг баримжаа тод харагдсан гэж шүүмжлэгчид үздэг нь үнэн. Үүнийг тайлбарлахын тулд өмнөхийг дурдахаас аргагүй. Ф.Ницще “Бурхан үхчихлээ” гэсэн. Барууны ертөнцийнхний урдаа барьж явсан гул барьж ясан ганц үнэнийг ингээд хага шидчихээр хүмүүс итгэл үнэмшилгүйдэж, амьдралын утга учир нь замхарчихсан.
Залгаад дэлхийн I, II дайн дэгдэж, маш олон хүнийг хядаж, цус нөжтэй нь хутгаад ирэнгүүт нээрэн бурхан гэж байхгүй юм байна, бид нарыг дээрээс хардаг хэн ч байхгүй гэдэгтэй эвлэрч, итгэл үнэмшлийн тэнхлэггүй болсон. Эндээс өнөөх абсурд урлаг гээч нь төрж гарлаа шүү дээ.
“Цас” дээр орчин үеийн романы туурвил зүйн чиг баримжаа тод харагдсан гэж шүүмжлэгчид үздэг нь үнэн.
Дайн дууссаны дараа дэлхий ертөнц өөрийгөө ахин нэгтээ эмхэлж цэгцлэх, уран бүтээлчид нь ч шинэ итгэл үнэмшил өөрсдөдөө бий болгох хэрэгцээ, шаардлага гарсан. Бурхан гэж байхгүй юм бол хүн болгон өөрөө өөртөө ямар нэг итгэл үнэмшил олж авах ёстой юм байна гэж үзэх болсон. Үүний тод төлөөлөгч нь Ж.П.Сартр. Тэр “Бурхан үхээ л биз, ямар хамаатай юм. Хүн гэдэг өөрөө өөрийнхөө л бүтээл. Хүн өөрөө өөрийгөө бүтээдэг” гэсэн.
Энэчлэн уран бүтээлчид өөр өөрийн үнэнийг бий болгож эхэлснээр үнэн цор ганц байх албагүй, олон үнэн нэг дор зэргэцэн орших боломжтой болж ирж байгаа юм. Харин орчин үеийн урлагт үнэний хуваагдал нь бүр нарийсаад хоёр эсрэгцсэн үнэн нэг дор зэргэцэн орших боломжтой гэдгийг гаргаж ирж байна. Манай улс орон барууныхныг дагаж хөгжих ёстой гэсэн үзэл, нөгөө талд тэрийг сөрж зогссон үзэл хэдийгээр бие биенээ үгүйсгэж буй ч нэгэн зэрэг хоёулаа үнэн. Энэ санаа, арга барилыгОрхан Памук “Цас” роман дээрээ айхтар том хөгжүүлсэн.
Тэр хоёр эсрэгцсэн үнэнийг хоёулаа үнэн шүү гэж маш тэнцвэртэйгээр харж бичдэг. Өмнөх зуунуудад зохиолчид өөрийнхөө эгог уншигчдад маш их тулгадаг байсан. Хүн гэдэг чинь ийм шүү дээ, бурхан чинь ийм шүү дээ гэдэг байсан бол дараа нь модернистууд чи миний бичсэнийг ингэж, ингэж, ингэж ойлгож болно гэдэг хувилбарууд гаргаж өгсөн. Харин одоо зохиогчийн эго, хувийн үзэл хандлага бүтээлээс онхи алга болоод зүгээр бодит байдал бол энэ энэ, бас энэ, бас энэ юм аа л гэж байна. Зохиолч заавал задлан шинжлэл хийж, уншигчдадаа ямар нэг юм тулгахгүйгээр өөртөө биш үнэний талд үйлчлэх... Орхан Памук үүнийг мастер түвшинд хэрэгжүүлдэг зохиолч.
-Орчуулга хийхэд зохиолчийн арга барил, бичлэгийн хэлбэрээс гадна тухайн зохиолын хийц, уур амьсгалыг мэдрэх хамгийн чухал байх. Ялангуяа зохиол бүртээ өөрийгөө давтахгүй байхыг зорьдог, тэр тоолондоо шинийг туршдаг хэмээдэг Памукийн бүтээл дээр ажиллах бүр ч амаргүй байв уу?
Зохиол нийгэм, улс төрийн сэдэвтэй учраас Түрэгийн түүхийг уншиж ойлгохоос эхэлсэн. Бүр тэртээ Оттоманы эзэнт гүрнээс эхлээд Ататюрк, улмаар түүнийг нас барсны дараа юу болсон тухай, нэмээд исламын түүхийг судалж, бүр сүүлдээ Коран судрыг хүртэл барьж авсан. Эд нар ер нь юу номлосон юм, шашины итгэл үнэмшил нь хаашаа юм гээд л... Инээдтэй ч гэмээр нь, очиж үзээгүй болохоор зохиолын гол үйл явдал өрнөж буй Карс хотыг интернэтээс зургийг нь хайж хараад зуны, өвлийн төлөв, цас орсон байдал гээд бас, болж өгвөл гудамжнуудынх нь байрлалыг тогтоочих гээд Google map-аар хүртэл харж, тэнд очсон мэт өөртөө санагдуулах арга сэдэж байлаа(инээв). Гэх мэтчилэн орчуулагчийн хөдөлмөрийн цаана нүдэнд харагдахгүй зүйлс маш их байдаг.
-Карсад дөтлөхийн тулд бас Турк кино, дуу олныг үзэж, сонсов уу?
-Туркийн нөлөө бүхий найруулагчид өөрсдөө Истанбулийн төвд өсчихсөн, барууны хэв маягийн хүмүүс болохоор тэр нэг тосгоны амьдрал, хөдөө рүү явж өгөхгүй байсан. Тийм болохоор яг “Цас” романы уур амьсгалыг кинонууд нь надад нэг их нээж өгөөгүй. Харин ухаж, ухаж нэг баримтат кино олсон нь нэлээн дөхсөн шүү. Хүмүүс нь суурин газар бараадаад, залуус нь Истанбул руу сурахаар яваад эзгүйрчихсэн тосгоны тухай өгүүлдэг юм.
Тэнд яг л манай хөдөөгийн амьдрал байгаа байхгүй юу. Түрэг авгайчууд замын машин зогсоогоод, хотод сургууль сурч байгаа хүүхдэдээ шуудайтай гамбир явуулах гэсэн юм гэж хашгираад л... Бид аргагүй л нэг амьдрал, нэг л нийгмийн үзэгдлийг адилхан туулж яваа үндэстнүүд юм байна гэдгийг мэдрүүлсэн. Би өөрөө хөдөө төрж өссөн, тэр амьдралыг мэдэх учраас энэ романтай анхнаасаа ойлголцох нь тодорхой байсан л даа.
-Энд ярихдаа, бас романдаа ч та Туркийн Түрэг гэж нэрлээд байна. Орчин үеийн Турк чинь өнөө эртний Түрэгээсээ шал өөр биз дээ. Яагаад ингэж сонгосон бэ?
-Роман хэвлэгдсэний дараа олон хүн ингэж асуусан. Ингэхийг нь би бас урдаас мэдэж байсан. Олон хүнтэй санал солилцож, түүхчидтэй уулзсаныхаа дараа Түрэг гэсэн нь зүгээр юм гэж сонгосон. Угсаа гарвалаар нь хөөгөөд үзвэл кыргыз, казахууд, туркууд өөрсдөө ч түрэгийн үр сад мөн. Гэтэл яг энэ гал голомтыг нь авч үлдэж буйгаа ухамсарлаад, үр үндэс нь гэж өөрсдийгөө тооцоод, улмаар байгуулсан улсаа Түрэг буюу Турк гэж нэрлээд, энэ нэрийг, энэ түүхийг авч үлдье гэсэн ардынх нь сонголтыг хүндэтгэх ёстой юм шиг санагдсан. Түрэг, Турк гээд дуудлага ондоо мэт боловч нэг нь монгол, нөгөө нь олон улсын л дуудлага шүү дээ. Угтаа нэг утга санаа бүхий үг.
-Орчин цагийн тулхтай романыг орчуулсан нь бидэнд, энд, Монголд албан ёсны эрхтэй нь хэвлэгдэж байгаа нь бас Орхан Памукт сайн хэрэг боллоо. Харин “Цас” роман танд юу өгөв. Орчуулагчийн хувьд түвшин ахихад туслав уу?
-“Цас” бол миний уран зохиолын анхны орчуулгуудын нэг байсан. Энэ зохиолыг би 24-тэйдөө орчуулж дуусгасан. Яг хэвлэлгүй хэдэн жил дарсан, үүний дундуур өгүүллэгийн хэд гурван түүвэр гаргасан маань “Цас”-ын дараа орчуулагчийн хувьд ямар хэмжээнд хүрч вэ гэдгийг маань харуулсан байх. Надад ямартай ч энэ ном бичгийн хүний хат суулгасан. Текстийн ард удаан суух, юманд шантраад байлгүй няхуур хандахад сургасан. Бас би ийм насандаа ийм хэмжээний ном орчуулсан юм чинь цаашид ингэнэ ч, тэгнэ ч гэсэн зориг төрүүлсэн.
-Та өдрийн аль үед хамгийн бүтээлч байдаг вэ?
-Шөнийн 01.00 цагаас үүрийн 06-07 хүртэл юм уу даа. Эрүүл мэндэд хортой гэж олон хүнээс сонсдог ч хорвоогийн гэрэл унтраад, хот аниргүй болоод ирэхээр өөрийн эрхгүй сэргээд ирдэг. Санаа гэж ундраад л... Ийм л үеүүдэд “Цас”-ыг орчуулсан. Тэр нь ч романы уур амьсгалтай дүйцсэн болов уу гэж боддог. Үйл явдал, орчин нь бүүдгэр, харанхуйд өрнөөд байдаг учраас зуны наранд цэцэг, навч, шувуу болж суугаад орчуулах аргагүй ном байсан л даа.
-Та анхнаасаа л уран зохиолтой холбогдох, улмаар зохиол бичнэ гэдгээ мэдэж байсан гэж ярьсан. Харин яагаад тэс өөр, тэгээд бүр улстөр судлалаар төгссөнийг тань асууя гэж бодож байлаа.
-Би улстөр судлалаар сурна, дараа нь орхино гэдгээ анх сонгож, ангид нь элсэхдээ л мэдэж байсан. Мэргэжил сонгохын хувьд уран зохиолоор, үгүй ядаж сэтгүүлчээр суралцах боломж байсан ч нэгэнт роман бичнэ гэж боддог, тэгэхийн тулд энэ улс орон, нийгмийн тогтолцоо яаж явж ирсэн, түүний тухай тодорхой ойлголттой байх ёстой гэж бодсон учраас “хэрэгтэй” гэж энэ мэргэжлийг сонгосон.
-“Цас” дээр бол их хэрэг болсон биз?
-Хэрэг болсоон. Үүнээс гадна амьдралынхаа дөрвөн жилийг зарцуулсан учраас тэнд нэг тэмдэглэл, дурсгал хэрэгтэй шүү дээ. Би улстөр судлалын анги төгссөнийх улстөрийн роман орчуулсан юм аа гэж дурсах хэрэг байна даа (инээв).
-Нэг өгүүллэг сонгож орчуулахын тулд 50 өгүүллэг унших хэрэг гардаг гэж та өмнө ярьж байсан. Ингэхэд унших номуудаа, тэр дундаа гадаад номууд хаанаас олж, яаж сонгож уншдаг вэ?
-Хуучин номын захуудаар сардаа нэг явж, англи номууд түүдэг. Бас номын зэх зээлд тулхтай, итгэж үнэмшиж болохуйц сэтгүүлүүд дээрх рэвью, редакторуудынх нь дүгнэлт сэлтийг харж байгаад хүмүүст захьдаг. Бэлгэнд бас их ирдэг. Тэмдэг цуглуулдаг хүнд тэмдэгүүд нь өөрөө ороод ирдэг шиг л.
-Манайд гарч буй орчуулгын бүтээлүүдийг та бас хардаг байх. Бид барууны сонгодог гэж хэлбийгээд хятад, орос номуудаа орчуулахгүй байгаа нь харамсалтай санагддаг. Танд юу гэж бодогддог вэ?
-Санал нэг байна. Манайд хоёр хөршийгөө уран зохиолын түвшинд судлах хэрэгцээ байна. Саяхан манай “Тагтаа паблишинг”-аас Нац.Энхбаярын орчуулгаар “Орчин үеийн Хятад яруу найраг” антолог гарлаа. Зарим хүн яагаад хятад ном орчуулав, та нар өөрсдөө хятад биш биз? гэсэн хандлага гаргахыг хараад харамсалтай санагдсан.
Гэтэл энийг уншаад бид одоогийн хятад хүмүүсийн хамгийн их эмзэглэж байгаа зүйл нь юу юм, баяр хөөр нь юу вэ, тэр хүмүүс юунд уйлж, юунд инээж, ямар нөхцөлд ямар ааш араншин гаргаж буйг дөнгөж илээд өнгөрөхөд л мэдэж болмоор. Яруу найргаас ингэж харагдаж байхад үргэлжилсэн үг, баримтат утга зохиолын номууд гарвал бүр л тодорхой харагдана. Хятад, орос хэлтэй орчуулагчид маань үүнийг харж байгаа болов уу гэж бодож байна.
-Дуртай зохиолчтойгоо ямар нэг түвшинд харилцах гоё. Орхан Памуктай албан ёсны эрх авахаар холбогдож, харилцах ямар байсан бэ?
-Орхан Памукаас анх өөрийнхөө үзгээр гарын үсгээ зурсан гэрээний маань хувь ирэхэд бараг үнсэх нь холгүй баярлаж, догдлоод, тэр эрчээрээ өнөө гэрээнийхээ зургийг интернэтэд тавьж хүмүүст гайхуулаад л, гоё байсан. Ийм түвшинд зохиолчтой харилцаж, түүндээ догдлох сайхан.
-Таны орчуулгадаа баримталдаг ёс зүй, хориг цээр юу вэ?
-Яруу найраг орчуулах тухайн зохиолчтой өрсөлдөж байгаа хэрэг, харин хүүрнэл бол тэр зохиолчийнхоо боол нь байх ёстой гэдэг үг бий. Миний баримтлал гэх үү дээ. Яруу найрагтай хамт гоо сайхан явж байдаг учраас үгчлэн буулгах боломжгүй, өөрийн хэлээр дахин бүтээх болдог. Хүүрнэлийн хувьд бол эсрэгээр, харин ч үг, өгүүлбэрийнх нь утга санааг эвдэлгүй, яг тэр хэвээр нь буулгадаг.
-Олны төдийлэн мэдэхгүй мундаг зохиолч, зохиол бүтээлээс санал болгооч гэвэл та хэнийг, юуг нэрлэх вэ?
-Зарим нэг мундаг, гарамгай зохиолчдын өмнүүүр орчин үеийн мэдиа, уншигчдын давалгаа сохорсон юм шиг өнгрсөн тохиол бий. Төдийлэн яригдаад байдаггүй, уншигчид хөөж олоод унших магадлал арай цөөн гэвэл би Чехийн зохиолч Богимил Храбалыг нэрлэнэ. Зөвлөлт засаг задарч, үндэстэн нь хаашаа явах вэ гэдэг асуулттай тулгарч байхад энэ хүн үүнийг биеэрээ туулалцаад, угсаатныхаа мөн чанар, үзэл санааг эрж, зохиол бүтээлээ туурвиж байсан.
Тийм учраас зохиолууд нь улс төрийн сэдэвтэй ч, түүнийгээ маш ухаалаг, хурц, заримдаа бүр уйлмаар ч юм шиг гаргадаг. Улмаар пост зөвлөлтийн зохиолч болохоороо Нобелийн гадуур өнгөрсөн. Бүгд л түүнийг гайхамшигтай зохиолчийг мэддэг хэрнээ албаар ч гэмээр юм уу, зорилготой ч гэмээр юм уу дуугүй өнгөрчихсөн. Богимил Храбалыг олон хүн мэдээсэй гэж би хүсдэг.
-Ойрд уншсан дотоод номуудаас таны урмыг хугалаагүй нь юу вэ?
-Д.Төрбатын “Могойн чуулган”. Үүнээс өөр гэвэл би ойрд ихэвчлэн эртний монгол хэл, эх хэлээ гайхамшигтай хэрэглэсэн хуучин номуудыг хөөж уншиж байгаа. Эх хэлээ үнэхээр сайхан эзэмших хүсэл бий учраас монгол хэлний чадамж хөөгөөд байх шиг байгаа юм.
-Уншигчид богино хугацаанд маш хурдан өөрчлөгдөж, хөгжлөө. Харин энэ өөрчлөлттэй дотоодын зохиолчид маань эвлэрэхгүй, нэг талаас хоцорч ч яваа биш биз гэмээр харагддаг. Та тэгж боддог уу?
-Үнэн. Уншигчид их хөгжөөд, хэл устай хүмүүс олшроод, олон газар явж ном үзээд заавал тухайн ном орчуулагдахыг хүлээхгүй өөрөө олоод уншчихдаг болсон нэг хэсэг байна. Тэд маань өнөө хэдийгээ түрий бариад, дотоодод мундаг зохиолч байхгүй гэсэн хандлага гаргаж байгаа бол нөгөө талд, манай зохиолчид бид “мундаг” юм бичихээр унших хүмүүс олдохгүй, уншигчид алга гэж байна. Би хувьдаа эхний талыг монгол руугаа арай жаахан өнгийгөөгөөд өгөөсэй гэж хүсдэг.
Харин бид нар гайхамшигтай юм бичээд байхад уншигчид алга гэж буй хэсэг маань арай жаахан хөгжөөсэй, өөрсдөө хэл сурч, дэлхийн ертөнцийн уран зохиолтой танилцаж, гаднын нүдээр, уншигчдынхаа нүдээр өөрийн зохиолуудаа эргээд нэг хараасай гэж боддог. Уншигчдадаа тоогд л гэж хэлэх гээд байна. Бүтээгч хүн хэзээ ч уншигчаасаа хоцрогдсон байж болохгүй, бүр хол тасарч байж л араасаа дагуулна шүү дээ.
-Иймэрхүү зөрчлөөс болоод зарим сайн ном, сайн авторууд огт тоогдохгүй үлдчих нь бий. Таны хувьд хүмүүс анзаараагүй өнгөрсөн нь харамсалтай санагддаг зохиолч, бүтээл юу вэ?
-Пүрэвжавын Баярсайхан байна. Уншигчид тэр бүр мэдэхгүй байх. “Гэрэл гэгээг хүснэ”, “Хотын онгон”, “Гүн ертөнц” гэх мэт номуудтай. Яагаад энэ хүн нас бараад арваад жил болсон хэрнээ, өдийд аль хэдийнэ уншигчдын эрлийн халбагаар шүүрдэгдээд гараад ирэх байтал тун цөөхөн хүрээнд, зохиолч найзуудынх нь дунд л яригдаж байгааг гайхдаг.
Бас Гүржавын Нямдорж гэж Хөвсгөлийн яруу найрагч бий. Богино шүлэг, хайкунууд нь мундаг, их гоё сэтгэлгээтэй гоё яруу найрагч байсныг нь номыг нь хальтхан сөхөөд л мэдчихэж болмоор. Түүний хүүрнэл зохиолууд удахгүй хэвлэгдэх гэж байна гэсэн. Хэвлэгдээсэй, маш олон хүнд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
-Нэг зүйлийг асууя гэж аль дээрээс бодож байлаа. Хоёр жилийн өмнө Г.Аюурзана ахиж орчуулга хийхгүй гэж хэлээд өөрийн бүтээлүүд рүүгээ орсон. Нэгэн үед нөлөөлсөн олон сайн орчуулга хийсэн хүний гавьяа ийн чимээгүй дарагдчих нь хайран санагдсан. Түүний орчуулгын бүтээлүүд танд ямар нөлөө үзүүлсэн талаар ярихгүй юу?
-Сайхан асуулт байна. Миний номын сан том, жижиг нийлсэн 20 нүдтэй. Тэр 20 нүдний нэгийг Г.Аюурзанын орчуулгын бүтээл, арван хар ном, нөгөө улаан цуврал, өөрийнх нь зохиол, бүтээл эзэлдэг. Энэ хүний бүтээлүүдэд тусад нь орон зай гаргаж өгөх ёстой юмаа гэж гэр бүлийнхээ хүнд наргиа болгон хэлдэг ч, үнэний ортой юм. Номын сангууд номгүй, номын дэлгүүрийн тухай яриад ч хэрэггүй, шинэ ном гэхээр Чейзийн цувралаас өөр юмгүй үед анх Г.Аюурзанын арван хар боть гарч, монголчууд ашгүй нэг унших юмтай золгосон.
Эдгээр ном бидний үеийнхнийг хэн болгосон бэ, яаж нөлөөлсөн бэ гэдэг үнэ цэнэ маш том. Тиймээс түүний үйл хэрэгт үргэлж талархалтай ханддаг. Дараа нь www.ayurzana.mn вэбсайт нээгдэхэд би өөр рүү нь и-мэйл бичиж байсан. “Танд баяр хүргэе. Та бидэнд маш сайхан үлгэрлэл үзүүлж байна. Зохиолч хүн зөвхөн уран бүтээлээр амьдарч болдог юм, тийм боломж байдаг гэдгийг харууллаа. Цахим ертөнцөд зохиолч хүний орон зай дагнаад гарч ирж байгаа нь, зохиолч хүний статусыг өөр түвшинд аваачиж, орчин үеийн сэхээтний маш өөр имижийг гаргаж ирсэнд тань талархаж байна” гэдгээ бичгээр, нэр усаа бүтнээр нь тавиад илгээж байсан. Орчуулгын сонголт, чанарын тухайд бол ярих зүйлгүй. Дээр нь мундаг яруу найрагч, зохиолч. Нэмээд энэ бүх үлгэр дуурайл нь бидэнд маш ихийг өгсөн.
-Та англиас орчуулдаг. Үүн дээрээ нэмээд өөр хэлэх сурах бодол бий юу?
-Түвд хэлний үсэг, дүрмийг үзээд орхисон. Одоо нэг сайхан хэрэглэх, ярианы түвшинд биш юмаа гэхэд бичгийн түвшинд ашиглах хэрэг бий. Герман хэл сурч байснаа цаашид лавшруулъя гэж бодож байна. Үүн дээр нэмээд дорно дахины нэг хэл сурах, ханзны соёл руу нэвтрэх хэрэгтэй юм шиг санагдаж байгаа.
-“Тагтаа Паблишинг” Орхан Памукийн хэд хэдэн номын эрх авсныг сонссон. Үүнээс гадна таны хувьд ямар зохиолууд дээр ажиллахаар төлөвлөж байгаа вэ?
-Гарагийн нөгөө талд буй Иран, Африк, Энэтхэгээс ч юм уу гарч ирж буй зохиолч, эсвэл бүр нэг хуучин зөвлөлт хавийн хүмүүсийн улс төрийн утгаараа ч бай, хүний мөн чанар, нийгмийн үнэт зүйлсийг хөндсөн,одоогийн манай амьдралтай ойр, тэр хэрээр монголчууд уншаад өөрсдийгөө харьцуулах боломжтой зохиолууд орчуулъя гэж бодож байгаа. Үүнээс гадна орчуулагч нөхөдтэйгөө нийлээд хүн төрөлхтний нэг асар том өв дээр хамтарч ажиллах талаар ярьсан. Одоохондоо ингээд болчих уу? (инээв).
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!