Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн ОНЦЛОХ ЕСӨН ӨӨРЧЛӨЛТ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг УИХ-ын даргад боловсруулсан хуулийн төслөө өргөн барилаа.

Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвсэл буюу Ардчилсан нам, Монгол Ардын нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам, мөн бие даагч гишүүдийн төлөөлөл болох Улсын Их Хурлын нийт гишүүний 60 гаруй хувь нь гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн байгууллын талаар Үндсэн хуульд тусгасан зарчмыг хөндөхгүйгээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцан хамаарал, тэнцэл, эрх мэдэл хоорондын ялгаа заагийг тодорхой болгохоор тусгажээ. Ингээд өргөн барьсан төслийн ОНЦЛОХ заалтуудыг танилцуулж байна.


1. Монгол Улсын Үндсэн хууль биш “Монгол Улсын Эх хууль” гэж нэрлэнэ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуулийн нэрнээс эхлүүлжээ. Уг төслийн хамгийн эхэнд энэ тухай заасан байна.

ӨӨРЧЛӨЛТ: “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг “Монгол Улсын Эх хууль” гэж нэрлэсүгэй”
 

2. Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛНА

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно хэмээн өөрчлөх санал оруулжээ. Ингэснээр Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь давхар дээлээ тайлна гэсэн үг.

ӨӨРЧЛӨЛТ: Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно гэсэн 3 дахь өгүүлбэр нэмсүгэй”
 

3. Ерөнхийлөгчийг ард түмэн СОНГОХГҮЙ

Үндсэн хуульд оруулж буй бас нэг томоохон өөрчлөлт бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн биш УИХ, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нар нууц санал хураалт явуулж сонгохоор болжээ.

ӨӨРЧЛӨЛТ: “Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг Улсын Их Хурлын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана”
 

4. Засгийн газар ЕСӨН яамтай байна

ӨӨРЧЛӨЛТ: 3асгийн газар дор дурдсан яамтай байна хэмээн шинэ хуулийн төсөлд тусгажээ.

  1. Сангийн яам;
  2. Дотоод хэрэг, хууль зүйн яам;
  3. Гадаад хэргийн яам;
  4. Байгаль орчин, хөгжлийн яам;
  5. Батлан хамгаалах яам;
  6. Гэгээрлийн яам;
  7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам;
  8. Хөдөө аж ахуйн яам;
  9. Дэд бүтцийн яам.

 

5. Ерөнхий сайд Засгийн газрын ГУРВАН ГИШҮҮН НЭМЭХ ЭРХТЭЙ

Засгийн газарт гурав хүртэлх гишүүн нэмэх эрхийг шинэ хууль Ерөнхий сайдад олгох нь. Ингэхдээ Ерөнхий сайд саналаа УИХ-д өргөн мэдүүлэх ажээ.

ӨӨРЧЛӨЛТ: “Монгол Улсын Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болно. Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүний саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ"
 

6. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг ТОМИЛНО, ЧӨЛӨӨЛНӨ, ОГЦРУУЛНА

Өмнө нь энэ асуудлыг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар батлуулдаг байсан бол одоо зөвхөн ТАНИЛЦУУЛАХАД л хангалттай.

ӨӨРЧЛӨЛТ: “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, Улсын Их Хуралд танилцуулсанаар уг шийдвэрийг батламжилсан Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно”
 

7. Монгол Улс ГУРВАН ХОТТОЙ БОЛНО

Өмнө нь Дархан, Эрдэнэтийг хот хэмээн тодорхойлсон заалт Үндсэн хуульд байсангүй. Доорх өөрчлөлтийг хийснээр Монгол Улс гурван хоттой болж байна.

ӨӨРЧЛӨЛТ: “Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, аймаг нь сум, хотод, сум нь багт, хот нь хороонд хуваагдана. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нь засаг захиргааны тусгай нэгж мөн бөгөөд түүний удирдлагын эрх хэмжээ, тухайн нэгж доторх засаг захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно
 

8. УИХ 99 гишүүнтэй болно

УИХ-ын 76 гишүүний тоог нэмэгдүүлж 99 болгохоор болжээ.

ӨӨРЧЛӨЛТ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж өөрчилсүгэй”
 

9. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа СУНГАГДАНА

Өмнө нь дөрвөн жилийн хугацаатай ажилладаг байсан Засгийн газар нэг жилээр илүү буюу таван жил бүрэн эрхтэйгээр ажиллах боломжтой болох нь.

ӨӨРЧЛӨЛТ: “Дөчдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж өөрчилсүгэй”

 

Уг хуулийн төсөлд дээр дурдсанаас гадна Ерөнхий сайд дээд шүүхийн шүүгч, прокурорыг нэрийг дэвшүүлэх тухай, засаг захиргааны нэгж болох аймаг сумдын засаг дарга нарыг томилох, огцруулахтай холбоотой олон өөрчлөлтийг оруулжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.