Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Эрх мэдлийн төлөөх шунал ардчилсан улсад байж болохгүй

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Жилийн өмнөх энэ өдөр Шинэчлэлийн Засгийн Газар огцорсон байдаг.

Ардчилсан намын түүхэнд хамгийн удаан засаг барьсан Ерөнхий сайд /819 өдөр/ Н.Алтанхуягийн огцрохоосоо өмнө УИХ-ын чуулганы танхимд тавьсан илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Оршил

Бид цаасан дээр ажиллаж, цэцэрхэж хийрхэн цаг алдалгүйгээр хийж бүтээхэд бүхий л цаг хугацаа, ажил үйлс, хүсэл зорилгоо дайчлан зориулсан нь өнөөдөр та бүхний өмнө нүүр бүтэн, зоригтой зогсох боломж олгож байгааг шуудхан хэлмээр байна.
Хийж бүтээсэн бодитой ажлууд, цаашдаа хийж бүтээх ажил үйлс маань бүгдийн нүдэн дээр ил тод, хангалттай хурдтайгаар үргэлжилж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй харж байгаа.
Огцор гэж сөрөг хүчин шаардсан. Огцрохын тулд бодит шалтгаан хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлтийн талаар

Эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байснаа 6.3 хувь боллоо. Энэ тоо бодитойгоор ингэж гарсан нь үнэн. 
Эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байх үед Оюу толгой зэрэг томоохон үйлдвэрийн нөлөө бараг үүний тал хувийг бүрдүүлсэн.

Өнөөдөр бид нар бодитой хөрсөн дээрээ буусан, гадны хөрөнгө оруулалт, гадны дэмжлэг туслалцаагүй болсон энэ цаг үед өөрийнхөө дөрвөн булчингаараа хийж бүтээснээрээ энэ эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа юм.

2014 оны хагас жилийн статистикаас үзвэл 5.3 хувийн өсөлтийн 3 функтийг уул уурхайн импортын бус салбар бүрдүүлсэн. 
1.9 хувийг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бүрдүүлж байгаа. Энэ бол дотоодын эдийн засгаар бүрдүүлж байгаа цэвэр өсөлт юм.
Монголчууд бид нар ингэж л амьдрах хэрэгтэй. Айлаас эрэхээр авдраа уудал.

54,337 ААН-ын үйл ажиллагаа зогссон тухай

54 мянга гэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд нэг өдөр үйл ажиллагаагаа зогсоогоогүй.
Үүний 50 орчим хувь нь байгуулагдсанаасаа хойш тайлан ирүүлээгүй, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүд.
Монгол 999 гэх ажиллагаагаар Таван толгойн хувьцаа авах зорилготой олон зохиомол компаниуд бүртгэлийн төдий үүссэн байсан.

Өмнөх Засгийн газрын өрийн тухай

Өрийн асуудлаар бид нар тогтож ярилцаж, ард иргэдээ нэг мөр ойлголт өгөх шаардлагатай байгаа юм.
Өмнөх Засгийн газар Оюу толгойгоос 250 сая долларын урьдчилгаа төлбөр нэртэй хүүтэй мөнгө авсан.
Урьдчилгаа төлбөр нэртэй боловч хүүтэй мөнгө!
Үүнээс бид нар 166 сая долларыг нь төлчихөөд одоо цаана нь 90 гаруй сая доллар төлөгдөөгүй байна.

Оюу толгойн 250 сая долларыг өмнөх засгийн үед амласан 21 мянга, нэг сая төгрөгийг иргэдэд тараахад зарцуулсан.

Хоёрт, Эрдэнэс МГЛ компани 416 тэрбум төгрөгийн өртэй ирсэн. Чалкотой гэрээлж, нүүрсээ өгнө гэж хэлээд мөнгийг нь аваад тараачихсан юм.
Өнөөдөр бид нар энэ өрийг хараахан төлж дуусаагүй байна. 2014 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 97 орчим тэрбум төгрөгийг төлөөд байна.
Гуравдугаарт, Монголбанкны зээлийн өр 361 тэрбум төгрөг. Үүнийг бид тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан.
Ингээд нийтдээ Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойших 2 жилийн хугацаанд 2 их наяд 600 тэрбум төгрөгийн өр төлөөд байна.
Өмнөх Засгийн газраас үлдсэн бүх өр төлөгдсөн үү гэвэл төлөгдөөгүй. Одоо 500 тэрбум төгрөгийн өр үлдэж байна.
Чалкогийн өрийг бүрэн төлж чадаагүй, 200 орчим тэрбум төгрөгийн өрийг төлж дуусгана. Хуучин 1 тонн нүүрс гаргадаг байсан бол одоо 3 тонн нүүрс гаргаж байж тэр хэмжээний мөнгийг олж байгаа учраас энэ процесс удааширч байгаа.
Чалкогийн 200 тэрбум, Эрдэнэс Таван толгойн тавьсан 100 тэрбум, бондын үлдэгдэл 190, ингээд 500 орчим тэрбум төгрөгийн өрийг бид нар төлнө.

Бондын зээлийн тухай

Чингис бондоос 2.5 их наяд төгрөг буюу 1.5 тэрбум ам.доллар бий болгосон.
Үүнээс гадна 580 сая ам.долларын Евро бонд, 30 тэрбум иений Самурай бонд гээд нийтдээ 2 их наяд гаруй төгрөг болж байгаа юм.
Эдгээрийг хоёр эх үүсвэрээс төлнө. Бондын нэг хэсгийг нь төсвөөс заавал төлөх ёстой хөрөнгө оруулалт руу хийж байгаа. Аймгуудын зам, станц гээд энэ бол дандаа төсвөөс төлөгдөх мөнгө.
Нөгөө хэсэг нь цементийн үйлдвэр, гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр, ноосны үйлдвэр, ноолуурын үйлдвэр гэх мэт төслийг дэмжсэн зээлүүдэд явж байгаа.
Зээлийг 2017, 2022 онуудад хоёр хувааж төлнө. 2017 онд үүнд төлөгдөх төсвөөс гарах мөнгө 660 тэрбум төгрөг.
Бондын үлдэгдэл төлбөр нь арилжааны банкаар дамжуулаад компаниудад өгсөн зээлээс төлөгдөнө.

Улс төржилтийн тухай

Бид улс орноороо 25 жилийн өмнө ардчиллын замыг сонгосон.

Ардчилсан улс гэж өөрсдөө ярьж байгаа ч яг өөрсдийнхөө бодож, хүсэж, зүтгэж байсан зөв замаараа явж байна уу, үгүй юу гэдгийг эргэж нэг бодож, эргэцүүлэх цаг ирж байна.

Хэт их улс төржсөн, талцсан, толхилцсон, өөр өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн, амин хувийн нэр хүндээ дээдэлдсэн, ашиг хонжоо хайсан, явцуу үзэл, явцуу үйл ажиллагаанууд хэрээс хэтэрлээ.
Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгч нараа зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо.
Манай зарим улс төрчид хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо.
Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гүтгэлэг доромжлолыг хангалттай амссан.
Дуугуй байна гэдэг нь би доройдоо дуугуй байсан юм биш. Гагцхүү монгол төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг хэрүүл тэмцэл, хов живээр бохирдуулахыг би хүсээгүй учраас хоёр жил хүлцлээ.

Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь хэрэгтэн болгодог, найзынх нь ажлыг өгүүлэхийн тулд нөхөрлөлийг нь барьцаалдаг эрх мэдлийн төлөөх шунал ардчилсан улсад байж болохгүй.

Бид төрт ёсоор, төрт ёсны мянганаар хэмжигдэх түүхтэй, туршлагатай ард түмэн.
Ёс зүй, хэм хэмжээ гэдэг бол Монгол төрийн дархлаа юм.
Бид Монголын улс төрийг зарчим дээр тулгуурласан, шударга өрсөлдөөний талбар байлгах ёстой.
Бид Монголын улс төрийг хувь хүний тавилан, амь насаар дэнчин тавьж, шунал хүслээ гүйцэлдүүлдэг бохир тоглоомын оромж болгох ёсгүй юм.

Засгийн газрын төлөвлөсөн ажлын тухай

Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаа.

Зам, барилга, үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт улам эрчтэй өрнөж, хоёрхон жилийн дараа бид нар 21 аймагтайгаа хатуу хучилттай замаар бүрэн холбогдоно.

Аймаг, сум бүрийн иргэд эмнэлэг оношилгооны төв, дэд бүтцийн асуудлууд нь бүрэн шийдэгдсэн тохилог орчинд амьдарч, Монголчууд бид өөрсдийн хэрэгцээнийхээ нэлээд хувийг дотоодынхоо чанартай үйлдвэрлэлээр хангадаг болноо.
Төрийн үйлчилгээ улам шуурхай, нээлттэй болж, төмөр замын бүтээн байгуулалт саадгүй үргэлжилж, шинэ нисэх буудал, цахилгаан станцууд ашиглалтад орно.
Монголчууд хоёр хөршөөрөө дамжиж далайд гарцтай болж, дэлхийн хамгийн том хэрэглэгч, нийлүүлэгч хоёр хөршөө холбосон транзит тээврийн сүлжээтэй болох ажлуудын бодит эхлэл тавигдаад байна.
Таван толгойн уурхайн бүтээмж ашиглалтыг эрс нэмэгдүүлж, стратегийн олон том төсөл хөтөлбөрүүдийг шинээр эхлүүлэх ажлууд эрчимтэй өрнөж байна.
Монгол бол газар нутаг өргөн уудам, газар зүйн байршил онцгой давуу талтай, ард түмэн нь авьяас билэгтэй, ахуй соёлын өвөрмөц зан заншилтай ард түмэн юм.
Монгол бол найрсаг гадаад харилцаа, нээлттэй чөлөөт эдийн засаг, шавхагдашгүй байгалийн асар их баялаг, эрх чөлөөт ардчилсан засаглалтай ард түмэн.
Монгол бол хөгжлийн зам дээр нэгэнт гарч, хүн төрөлхтний эдийн засгийн гол тоглогч болох нөхцөл боломж нь дүүрэн бүрдсэн ард түмэн.
Би Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын ирээдүйг Монгол хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил гэсэн гурван зүйл дээр анхаарах ёстой гэж үзэж байна.

Монгол хүний хөгжлийн тухайд

Монголчууд бид нэн яаралтай өөрийнхөө монгол үндэстний онцлог шинжийг тодорхойлж, ард түмнээрээ нэгдмэл үнэт зүйл, хүсэл тэмүүлэлтэй болох энэ ажлыг бид хийнэ.

Монгол иргэний үнэлэмжийг өсгөх, суурь судалгааны ажлуудыг нэгтгэж, Монгол хувь хүний хөгжлийн түгээмэл хэм хэмжээг тодорхойлж дэвшүүлнэ.

Монгол хүн бүрийг боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр өрсөлдөх нөхцөл боломжийн төлөө ажиллана.

Эдийн засгийн хувьд

Дэлхийн эдийн засгийн шинэ төв болж байгаа хоёр хөршөө хооронд нь холбосон транзит тээвэр, санхүүгийн зах зээлийн гол тоглогч улс орон болно.
Уул уурхайн баялгаас олсон орлогоороо бааз сууриа бүрдүүлж, эко хүнс үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан, интернэт технологийн салбарт дэлхийн хэмжээнд өрсөлддөг улс болно.
Монголчууд бид бүтээгч, үйлдвэрлэгч ард түмэн болж, тэргүүлэгч эдийн засагтай ард түмэн болноо.

Нийгмийн хөгжлийн хувьд

Монгол иргэн бүр эрүүл аюулгүй, эрдэм боловсролтой, элбэг хангалуун амьдрах бодит нөхцөлөөр хангагдана.
Монгол орныхоо өргөн уудам газар нутгийнхаа хаана ч дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдсэн тохилог орчинд тухтай амьдрах боломжтой болно.
Энэ бүхэн шинэчлэлийн Засгийн газрын маань хийж бүтээх ажлын гол алсын хараа юмаа. Бид эх орноо хөгжил дэвшил, хүсэл зорилгод нь хүргэхийн төлөө цаг нартай уралдан, амралтгүй, хагас бүтэн сайнгүй ажиллана.
Миний бие Монгол оронд гэрэлтэй өдрүүд олон бий гэдэгт итгэлтэй байгаа. Бидний хийх ёстой үүрэгт ажлын ердөө хагас нь л хийгдлээ.
Хийж бүтээх итгэлийн галыг монгол хүний сэтгэлд асааж чадсан энэ цаг үе зогсолтгүй үргэлжлэх ёстой гэж би бодож байгаа.
Бөхөх ёсгүй тэр галыг унтраахгүйн тулд төлөвлөсөн ажлаа хийх цаг бидэнд хэрэгтэй байна.
Ард түмнийхээ язгуур эрх ашгийг би эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална.