МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нартай МАХН болон МАН-ын ахмад гишүүд МАХН-ын төв байранд уулзлаа. Ахмадууд 2016 оны сонгуульд МАХН МАН-тай хамтарч эвсэл болж орохыг уриалж өргөх бичгээ МАХН-ын удирдлагад гардуулав.
Өргөх бичигт ”Манай орны улс төр, эдийн засагт тохиолдож байгаа өнөөгийн ноцтой нөхцөл байдалд МАХН, МАН-ын удирдлага хатуу дүгнэлт хийж, ажлын хариуцлага, зохион байгуулалтаа эрс сайжруулах шаардлагатай байна. Тиймээс үзэл бодол, үндэс нэгтэй МАХН, МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон, ард түмний эрх ашгийн үүднээс 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд хоёр нам эвсэж орох саналд ажил хэрэгчээр хандаж, албан ёсны шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. МАХН, МАН 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэж орох нь парламентад олонх болж, Хууль тогтоох засаглалын өрөөсгөл тогтолцоог өөрчлөх, улс, эх орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө үр бүтээлтэй хүчин зүтгэх боломжийг бий болно гэж бид үзэж байна” гэжээ. Мөн МАХН, МАН-ын ахмадууд тус хоёр намын дарга нар хамт байлцаж, өргөх бичигт нэгдсэн ахмадууд, эрдэмтэн докторууд, хөдөлмөрийн баатруудтай уулзах уулзалтыг зохион байгуулж өгөхийг хүссэн байна.
Эдгээр ахмадууд өмнө 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус хоёр намыг эвсэн орох тухай саналыг гаргаж байсан ч ажил хэрэг болоогүй юм. Тиймээс энэ удаагийн саналд ажил хэрэгчээр хандаж албан ёсны шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Өргөх бичгийг гардаж авах үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр ахмадуудад хандан, “Ахмадуудынхаа өргөх бичгийн агуулгыг сонсоход та бүхний сэтгэлийн зовнил, өнөөдрийн хүнд хэцүү байдлыг дүгнэн энэ байдлаас гарах гарцыг хоёр нам эвсэх гэж дүгнэж тунгаажээ. Энэ бүхэнтэй би санал нэгтэй байна. Гэвч нэг хүн санал нэгдэхээс илүүтэй өөр олон хүмүүсийн санал нэгдэж байж энэ асуудал цааш өрнөх ёстой. Ялангуяа МАХН, МАН-ын удирдах бүрэлдэхүүний санал нэгдэх ёстой. Тийм учраас бид хойшоо суухгүй, тойрч гүйхгүй идэвхтэй оролцъё.
Өнөөдрийн тухайд та бүхэн МАН-тай хамтар гэсэн үүд хаалгыг зааж байна. Та бүхний тавьсан саналын дагуу нөгөө талтай уулзъя. Уулзахад буруу зүйл гэж байхгүй” гэдгийг онцлоод хэрэв эл уриалга, санаачилга бүтэхгүй бол хэнээс болж, яагаад болсонгүй вэ гэдийг маш зөв ойлгох хэрэгтэйг санууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!