Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбатыг өнгөрсөн Лхагва гарагт АТГ-аас цагдан хорих арга хэмжээ авсан. Хамгийн гол нь түүнийг одоогоор яг ямар хэрэгт холбогдуулан хорьсон нь тодорхойгүй байгаа юм. Зарим нэг эх сурвалжйн мэдээлж буйгаар С.Насанбатыг бусдаас албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон хэмээгээд байгаа юм. Бид энэ хэргийн мөрөөр өнгөрсөн Баасан гарагт очиж холбогдох хүмүүстэй уулзсан боловч тэд нэгэн дуугаар "С.Насанбатад холбогдох эрүүгийн гэмт хэрэг байхгүй" гэсэн тайлбар өгч байв.
Тэдний мэдүүлж байгаагаар өнгөрсөн зургаадугаар сард С.Насанбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига, хээл хахууль авсан эсэхийг нь шалгасан АТГ, Нийслэлийн прокурор, Дархан-Уул аймгийн прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан олон хуудас тогтоол үйлдсэн нь тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байж.
Тухайлбал, Нийслэлийн прокурорын байгууллагаас түүнтэй холбоотой гэх албан тушаалын гэмт хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Өөрөөр хэлбэл, С.Насанбатыг тус газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад өнгөрсөн тавдугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосон байдаг.
Мөн үүний дараа АТГ болон Дархан-Уул аймгийн прокурорын газраас 033 дугаартай албан бичгээр ч С.Насанбатад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэх тоот бичиг байдаг аж. Гэтэл шат, шатны хуулийн байгууллага С.Насанбатыг гэмт хэрэг хийгээгүй гэдгийг тухайн үед тогтоосон мөртлөө яагаад түүнийг ийнхүү гэнэт цагдан хорих болов гэдэг нь анхаарал татсан асуудал юм. Магадгүй ирэх онд болох УИХ болон орон нутгийн сонгууль хаяанд тулж ирчихээд буй энэ цаг үед олон хүн сандал ширээний асуудлаас болж хууль хяналтын байгууллагад дуудагдан шар махтайгаа хатах цаг хаяанд тулчихаад буй нь нууц биш.
Өөрөөр хэлбэл, сүүлийн үед аливаа өндөр албан тушаалд очихын тулд аль ч намын хүмүүс өрсөлдөгчөө ямар ч үнээр хамаагүй замаасаа зайлуулж, хийгээгүй хэргийнх нь төлөө шоронд суулгадаг орчин цагийн хэлмэгдүүлэлт жинхэнэ утгаараа хүчээ аваад байгаа.
Тухайлбал, Засаг дарга асан С.Насанбат Дархан-Уул аймгийг удирдах болсноос хойш түүний талаар янз бүрийн таагүй мэдээллийг эсрэг намын нөхдүүд нь төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гаргуулж, хууль хяналтын байгууллагад шалгуулдаг байжээ.
Тэгвэл одоо зарим нэг нөхөд улаан цагаандаа гарч, албан тушаалыг нь хууль бусаар булаан аваад ч сэтгэл нь ханахгүй шоронд оруулчхаад “Наад нөхрийн чинь идэж уусан нь тамтаггүй. Болж өгвөл таваас дээш жилийн ял өгөөрэй” хэмээн ил цагаан зарлаж яваа аж. Тэдний гол зорилго нь С.Насанбатыг 2016 оны УИХ,орон нутгийн сонгуулиас ямар ч үнээр хамаагүй хол байлгахаар улайрч байгаа нь ийнхүү тодорхой болж байна. Ингэж хардах ч бүрэн үндэслэл байгаа юм. Учир нь тус намын хэдэн нөхөд өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд нийслэлд хүрэлцэн ирж С.Насанбатыг энэ орчлонгийн хамгийн адгийн муу хүнээр тодруулчхаад нутаг буцаж байж. Ямартай ч Дархан-Уул аймагт улстөрийн ширүүн хар салхи исгэрч, хүн бүр дор бүрнээ айдас хүйдэстэй явах болжээ. Тэгээд ч 2016 оны сонгуулийн бэлтгэл аль хэдийнээ эхэлж, эхнээс нь амыг нь барих кампанит ажил эхэлсний хамгийн эхний золиос нь С.Насанбат бололтой. Тус аймгийн Ардчилсан намынхан улстөрийн явуургүй дайралтаа Н.Төмөртогоо гэгчийн гараар гүйцэтгүүлсэн гэж олон хүн хардаж буй юм билээ. Уг нь тэрбээр замын тендерт хууль ёсоор ялсан мөртөө С.Насанбатад 50 сая төгрөг өгсөн гэж гүтгээд байгаа аж. Бид АН-ын гишүүн Н.Төмөртогоотой уулзах гэж хайсан боловч олдсонгүй. Үнэхээр авлига авч, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон уу үгүй юу гэдгийг С.Насанбат болон түүнд авлига өгсөн гэх Н.Төмөртогоо нарыг нүүрэлдүүлэн байцаахаас өөр сонголт үгүй. Тэгэхгүй бол хэн нэгний шахалтаар түүнийг авлига авсан, түүнд авлига өгсөн хэмээгдэх аюултай нөхцөл байдал бүрдэж ч мэднэ. Уг С.Насанбат өөрийн орон зайг авч үлдэхийн тулд бүхий л хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нягтлуулсан ч түүнийг эцэст нь тодорхой шалтгааны улмаас цагдан хорьчихов.
Уг нь бусдад таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа тухайн хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг тогтоодог. Гэтэл С.Насанбат гэдэг хүн өнгөрсөн хугацаанд төрийн албыг хоёргүй сэтгэлээр хийснийхээ үр дүнд улстөрийн өрсөлдөгчдийнхөө овоо хараанд өртөж удаан хугацааны турш хууль хяналтын байгууллагаар шалгуулан буруугүй гэдгээ тогтоолгосон мөртлөө энэ удаа яалт ч үгүй хүчин мөхөстөж цагдан хоригджээ. Бид Дархан-Уул аймгийн олон жирийн иргэдтэй уулзан санаа бодлыг нь сонсоход тэд ийм л зүйл хэлж байв. Ямартай ч Дархан-Уул аймагт 2016 оны сонгуулиас өмнө улстөрийн хүчтэй өрсөлдөгчөө ямар ч аргаар хамаагүй замаасаа зайлуулдаг XXI зууны хэлмэгдүүлэлтийн машины араа шүд хяхтнан эргэж эхэлжээ. Харин хаа хүрч, хэдэн хүнийг тасар татаж хаях нь одоогоор тодорхойгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!