Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаяр: Албан тушаал, авлигын хэргүүдийг өршөөвөл бүлэг хулгайчийн нэгдэл болж хувирна

Ж.Нарангэрэл
2015 оны 10 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Оны сүүлч дөхсөн энэ цаг үед уг нь төсөв гээд бужигнадаг байсан. Харин одоо Өршөөлийн хуулийн асуудал нийгэмд хүлээлт үүсгэчхээд байгаа. Таны хувьд асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Авлига, албан тушаалын хэргийг өршөөж болохгүй гэдэг зарчмыг илэрхийлж байгаа. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахдаа хэрхэн хоёр нүүр гаргаж болдгийг үзүүлсэн шүү дээ. 

Хоригийг нь хүлээж авлаа гэж хэлэнгүүтээ Гончигдорж гишүүн буцаагаад бүх хэргийг өршөөхөөр санаа багтаагаад оруулж ирсэн. Түүнийг нь Хууль зүйн байнгын хороон дээр гишүүдийн олонх дэмжихгүй гэж унагаагаад, Бямбацогт, Түвдэндорж гишүүн бид гурав төсөл дээр өршөөхгүй гэдэг зүйл заалтуудыг нь жагсааж байгаад санал хураалт явуулсан. Тэр санал хураалтаар албан тушаалын хэргүүд нь өршөөгдөхөөр.

Авлигын хэргийн авсан нь бус өгсөн, зуучилсан нь өршөөгдөхөөр болчихсон. Тиймээс бидний хэсэг гишүүн Хууль зүйн байнгын хорооны даргад “Байнгын хороон дээр энэ асуудалд цөөнх байсан байж болно. 

Гэхдээ энэ цөөнх болсон саналыг УИХ-ын чуулганы хуралдаанд дахин оруулж ир” гэдэг шаардлагыг тавьсан.

-Байнгын хорооны дарга хэдий шаардлагыг чинь хүлээж авсан ч УИХ-ын чуулган дээр дахиад л олонх хүч түрчихвэл яах вэ?

-Би АН-ын болон “Шударга ёс эвсэл”-ийн гишүүдэд байнгын хорооны хуралдаан дээр “Нэг хальтарсан баасан дээрээ гурав эргэж яах нь вэ” гэж хэлсэн. Олонхоороо хүч түрж байгаад тэр хэргүүдийг өршөөлөө гэж бодъё. Тэгэх юм бол Ерөнхийлөгч дахиад л хориг тавина. Яг үнэндээ парламент зунжин, намаржин хоёр асуудлыг л хэлэлцэж байна. Нэг нь сандал суудал буюу албан тушаал, нөгөө нь авлигачдыг өршөөх эсэх.

Гэтэл энэ хооронд улсын эдийн засаг хямраад Сангийн яам нь дансаа хаахад хүрээд байна. Ийм болчихоод байхад эдийн засгийн асуудлаа хэлэлцэхгүй яах гээд байгаа юм бэ. Гол асуудлаа хэлэлцэхийн оронд хэн нь дарга болох вэ, авлига авсан хүмүүсээ өршөөх үү гээд л зунжингаа маргалаа. Хэрэв Ерөнхийлөгч дахиад хориг тавьчихвал өвөлжингөө хэлэлцэх нь байна. Ийм утгагүй байдалд УИХ-ыг оруулах ямар ч шаардлагагүй. 

-Энэ удаагийн Өршөөлийн хууль өмнөх буюу 2000 оныхтой адил зармаар явах гээд байна уу. Өмч хувьчлалын дараах өршөөл?

-Ийм хардлага байхаас аргагүй. Энэ хууль хэрэгжээд эхэлчихвэл илрээгүй хэргүүд ч хамрагдана. Өөрөөр хэлбэл “Хөгжлийн банкны мөнгийг хэрхэн зарцуулсан”, бондуудын хөрөнгийг хааш нь урсгасан гэдэг асуудлууд гарч ирнэ. Гэтэл хууль энэ хэвээрээ явсаар хэрэгжиж эхэлвэл дээрх төрлийн асуудлуудад хэрэг үүсгэх боломжгүй болчихно. 

Авлигын хэргийн авсан нь бус өгсөн, зуучилсан нь өршөөгдөхөөр болчихсон. 

Тийм болохоор зарим нөхөр батлуулах гэж улааран зүтгэж байгаа. Зарим хүн бидэнд “Танай намын хүмүүс ч байгаа. Тэд чинь өршөөгдөнө шүү дээ” гэдэг үгийг хэлдэг. Энэ бол намын бус, төр байх эсэх тухай асуудал. Хэрвээ сонгуулиар ялж, засгийн эрхэнд гарч ирчихээд, гурван жилийн хугацаанд баахан идэж, уугаад, түүнийгээ өршөөлгөдөг тогтолцоотой байх юм бол төр, улс гэж байгаад яах юм бэ.

Үндсэндээ бүлэг хулгайчын нэгдэл болж хувирна шүү дээ. Манай намын хүмүүсийн тухай янз бүрээр яригддаг. Үнэхээр тэр хүмүүс нь буруутай үйлдэл хийсэн бол намын харьяалал хамаагүй шийтгэлээ авч, хүртэх ёстой. Харин улстөрийн шалтгаанаар хэлмэгдүүлсэн бол цагаатгах хэрэгтэй. 

-Та ч бас хэсэг шалгагдсан биз дээ. Таныг бол зарим хүн өршөөлийн хуулийг дэмжиж өөрөө хамрагдахыг бодох байх гэж харж байсан болов уу?

-Улсын ерөнхий прокурорын орлогч УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийхдээ яригдаад байсан хэргүүдэд намайг сэжигтнээр тооцоогүй гэдгийг хэлсэн. Тэгэхээр миний хувьд өршөөгдөх тухай асуудал байхгүй. Манай гэр бүлийн хүнтэй холбоотой асуудал ч тогтоогдоод, жилийн өмнө прокурорын дүгнэлт нь гараад хэрэгсэхгүй болгочихсон. Тийм зүйл байхгүй учраас хувь хүнийхээ өмнөөс өршөөлгөх асуудал алга. 

-Эхнэрийн тань асуудлыг шалгаж дуусаагүй юм биш үү?

-Дууссан. Өнгөрсөн оны наймдугаар сард дуусч, прокурорын дүгнэлт нь гарсан. 

-Маргааш /өнөөдөр/ төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Сангийн сайдын хэлснээр өмнөх парламентын үед гишүүд нэг тэрбум төгрөгөө аваад олон барилгад хуваан байршуулж, жил дамнуулан төсөвт суулгадаг байсан тухай ярьсан. 

-Царцаасан барилгууд гэдэг бол цэвэр улстөрийн зорилгоор зогсоосон. 2014 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед Ерөнхий сайд Алтанхуяг “энэ бол цэвэр авлигажсан төсөв байна” гэж хэлээд 200 гаруй обьектийг царцаасан. Түүнийг нь аудитын газар шалгаад ямар нэгэн но олж илрүүлээгүй. Дараа нь 2015 оны төсөвт суулгасан. 

Үнэндээ 2014 онд эхлээд 2015 онд үргэлжилж байна гэдэг чинь зураг төсөв нь 2011 онд хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ маягаар төсөвт өртгийн үнийн зөрүү гарсан байдлаас олон барилга гацчихсан байдаг. Манай тойрогт ч зөндөө бий. Царцаана гэдгийн цаад аюул нь энэ шүү дээ.

Хэрвээ энэ удаагийн төсвийн тодотгол болон төсөвт Сангийн сайд барилга царцаана гэж байгаа бол хэзээ ч дуусахгүй, хоосон хаягдаж, тоногдон улсын мөнгө шамшигдах үйл явц болно л гэж бодож байна. Үнэхээр хөрөнгө оруулалтын мөнгө нь хүрэхгүй багаа бол үнэнээр нь хэлээд конссецоор гүйцээх зэрэг өөр шийдлүүд олох хэрэгтэй.

-МАН-ынхан засаг барьж үедээ эдийн засгийг босгодог, АН-ынхан унагачихдаг гэх яриа гарлаа. Үнэхээр ийм асуудал байгаа бол юунаас үүдэлтэй вэ?

-Эдийн засгийг удирдана гэдэг нэгдүгээрт мэргэжлийн ажил, хоёрдугаарт төрийн удирдлагын хариуцлагын асуудал байдаг. АН-ынханы хувьд эдийн засгийн болоод төрийн удирдлагын хариуцлага нь дутагдаад байна гэж харж байгаа. Дээрээ замбараагүйтээд эхлэхээр төрийн алба шат шатандаа замбараагүй байдал дамжигдаад явчихдаг. Дээрээ нэг гаргасан алдаа доошлохдоо 100 давтагдаад, үржигдээд явна гэсэн үг.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид байнга л төсөв, мөнгөний бодлого чинь алдаатай байна, үүнийгээ засаач ээ гэж хэлж ирсэн. Эхний хоёр жилд нь тийм зүйлгүй, сайн байгаа л гээд байсан. Тэгсэн сүүлдээ үнэхээр биш болчихлоо гээд Алтанхуягийн засгийг чөлөөлөөд Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулж, бидэнд хамтарч засаглах санал тавьсан.

Эдийн засаг үнэхээр хүнд болчихож гэсэн. Түүнийг шийдэж чадаагүй байхдаа биднийг засгаас гаргасан. Одоо маргаан нь даамжирчихсан байхад хэрхэн шийдэх юм бэ бүү мэд. Тавантолгой, Оюутолгой зэрэг том төслүүдээ эхлүүлэхгүй бол эдийн засагт мөнгө цуглахгүй. Эдгээр төсөл гацаж байгаа нь манай намаас огт хамааралгүй. АН-ын бүлэг, фракциудын зөрчлөөс үүдсэн шүү дээ. 

-Та төсвийн тодотголыг ямар байр сууринаас харж байгаа вэ. Үнэхээр тогтоогоод, торгоогоод байж чадах болов уу?

-Төсвийн тодотголыг дөнгөж өнөөдөр /өчигдөр/ өгч байна. Тиймээс би сайн харж амжаагүй л явна. Гэхдээ миний ойлгож байгаагаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх мөнгөө хасна гэж байна. Ерөнхий сайд нь ч тэгж үүрэг өгсөн. 

Уг нь миний бодлоор нэгэнт УИХ-аас баталсан төсвийн дагуу өгөх хэрэгтэй. 50 тэрбум төгрөгийг хасах ёсгүй гэж үзэж байна. Өөр зүйлийг хасч болно шүү дээ. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн байгууллагынханы тансаглал арай хэтэрхий болж. Би УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үеэр нэг алдаа гаргадаг юм байна гэж дүгнээд байгаа. 

-Ямар алдаа?

-Төсөв ороод ирэхээр өөр, өөрийн тойрогт анхаарал хандуулаад, манай сургууль, цэцэрлэг байна уу гэх зэргээр хараад, урсгал зардлыг хянадаггүй байж. Гэтэл нөгөө урсгал зардлаар яаж тансаглаж байна вэ. Ерөнхий сайддаа мөнгө аяга авч өгч, нэг аймаг гадаадад төлөөлөгчийн газраа ажиллуулаад л. Болохгүй шүү дээ. Энэ мэтчилэн зардлуудыг хасах хэрэгтэй. 

-Тойрогт анхаарал хандуулдаг нь дараагийн сонгуультай холбоотой байдаг байх?

-Нэгэнт тухайн тойргийн төлөөлөл болж байгаа учраас тэднийхээ эрх ашиг, тэндхийн сайн сайхны төлөө анхаарал хандуулах шаардлага заавал үүснэ. Тойргоос сонгогдсон гишүүдийг энэ асуудлаар буруутгах тун хэцүү. Төрөөр үүнийг шийдүүлчих юмсан гэдэг асуудал олон байдаг. Түүнээс дараагийн сонгуультай холбоотой юм биш ээ. 

Зураг