Хархираа хөөмий, “Жаран цагаан адуу” ардын дуунаас эхлээд Рокит Бэйгийн “Нэг өдрийн хаан”, “A Sound” хамтлагийн “Чин зүрхний хайр” дууг чадварлаг дуулах өнгөт арьстай, зузаан уруултай залуугийн бичлэгийг “Youtube” хуудаснаас үзээд түүнээр бахархах, өөрөөсөө ичих мэдрэмж төрснийг нуух юун. Трил Ноэл хэмээх энэ залуу манай нутагт хөл тавьж үзээгүй атлаа Монголын түүх, соёл уламжлалд ухаангүй дурлаж, монгол хэлийг өөрөө сурч буй. Ингээд түүнтэй өрнүүлсэн сонирхолтой яриаг хүргэе.
-Та Монгол орны түүх, соёлыг сонирхох болсон шалтгаан юу вэ?
-Би хүүхэд байхаасаа л түүхэн баатруудыг их сонирхдог байсан. Үндэстэн бүрийн баатруудын тухай уншиж, судална гэдэг миний хобби байсан гэх үү дээ. Агуу Александр, Спартак, Ахиллес, Тунисийн Ханнибал, Хятадын дайчин Сан Зу, самурай Ода Нобунага, Атилла гээд бүх удирдагч, баатруудын тухай судалсан.
Тэр дундаас Чингис хаан хамгийн хүчирхэг бөгөөд сонирхолтой удирдагч байсан учир би багаасаа л түүнийг сонирхдог байв.
Мөн дунд сургуульд байхдаа Байгаль нуурын ойролцоо амьдарч байсан хэт, цаатан болон тува үндэстнүүд Америкийн уугуул индианчуудтай холбоотой болохыг олж мэдсэн юм.
Энэ үеэс хойш Монголын соёлд татагдаж эхэлсэн. Би уугуул индиан гаралтай учраас тува үндэстэн Их Монгол улсын нэг хэсэг байсан тухай сонсоод маш их сэтгэл хөдөлсөн. Хожим “Нууц товчоо”-ны орчуулгыг уншаад Чингис хаан, Сүбээдэй нарыг ямар гайхалтай, ухаалаг баатрууд байсныг олж мэдсэн л дээ.
-Таны гэр бүл ч мөн адил Монгол Улсын түүх, соёлыг сонирхдог уу?
-Үгүй. Би гэрийнхнээсээ хол амьдардаг учраас тэр бүр уулзаад байдаггүй. Өнгөрсөн сард “Монгол HD” телевизэд өгсөн ярилцлагыг маань үзээд тэд их гайхсан шүү. Манай америк найзууд заримдаа монгол хөгжим сонсдог. Би тэдэнд бага зэрэг зөвлөгөө өгсний дараа тэд хөөмийлөхийг оролддог. Гэвч яг л зүлэг тэгшлэгч машин шиг дуугараад байдаг юм, ха ха.
-Монгол хэлийг хэдэн жил сурч байна вэ?
-Хоёр жилийн өмнө “Алтаргана” дууг дуулсан бичлэгээ цахим хуудсанд тавьсны дараа монгол, буриад хэлээр маш олон коммент ирж байсан. Тухайн үед би тэр дуунаас нэг ч үг ойлгодоггүй байв.
Маш олон хүмүүс надаас асуулт асууж, ярилцахыг хүсэж байсан. Би хэлийг нь мэдэхгүй, тэгсэн хэрнээ тэдэнд бүдүүлэг хандахыг хүсээгүй тул англи-монгол өгүүлбэрүүдтэй жагсаалтыг интернэтээс олж, эхний ээлжинд өөрийгөө танилцуулах болон ойр зуурын зүйлс ярьж сурсан.
Тэр үеэс хойш олон монголчуудтай харилцаж, хэлээ сайжруулж байгаа. Одоо бараг л чөлөөтэй ярьж чадах хэмжээнд ирээд байгаа шүү.
-Монголд ирж байсан уу. Ирэх төлөвлөгөө бий юү?
-Би Монголд огт очиж үзээгүй. Мэдээж очихыг маш их хүсэж байгаа. Гэвч мний хүслийг хазаарлаж буй ганц зүйл бол хөрөнгө мөнгөний асуудал. Би удахгүй их сургуулиа төгсөөд сайн ажилд орж, Монгол руу аялах мөнгө цуглуулах зорилготой байна.
Хэрвээ надад боломж байсан бол би аль хэдийнэ Монголд оччихсон, хүүхдүүдэд багшилж, эсвэл кино продюсеруудтай хамтран кино урлагийн хөгжлийг нэг шат ахиулахад туслах ажил хийж байх байсан. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд би сургуулилтаа хичээнгүйлэн суралцаж байна. Монголд очиж танай улсын тухай, хүмүүсийн тухай, бас Чингис хааны тухай баримтат кино хийхийг хүсдэг.
-Чингис хаанаас өөр сэдвээр кино хийхийг хүсдэггүй гэж үү?
-Хэрвээ надад кино хийх боломж олдвол би Монголын бүх жижиг ястан үндэстний амьдралыг харуулмаар байна. Үндэстэн бүрийн хүүхдүүд өөр өөрийн уламжлалт үндэсний гэртээ тоглож байгааг харуулах болно. Хэдий тэд өөр өөр харагдаж болох ч түүх, соёл нь ижил гэдгийг харуулна.
Монголчууд мориор уралдаж, казах монголчууд бүргэдээр ан хийж, халимагууд морин хуурын тэмцээн зохиож, тува хүмүүс олон төрлөөр хөөмийлж гэх мэтээр бүгд өөр өөрийн ёс уламжлалыг харуулж байвч өдрийн ажил дуусмагц тэд бүгд нэг ширээнд хамтдаа суун хооллож, үндэсний бүжгээ бүжиж, наргин цэнгэх болно. Мөн тэд бөх барилдаж, морь уралдуулж, хөөмий, морин хуур, сур харвааны тэмцээн зохиож буй аз жаргалтай кино бүтээхийг хүсэж байна.
-Таны хувьд монгол үндэстний дуунуудаас хамгийн хэцүү нь аль вэ?
-Монгол ардын дуу, ээж, аавын тухай дуу, уртын дуу, хөөмийн дуу гээд монгол үндэстний бүх дуунууд маш гайхалтай. Эдгээрийг сурахад тийм ч хэцүү санагддаггүй. Гэхдээ уртын дуу дуулахад хүнд, бас өвөрмөц төрөл шиг санагддаг. Хөөмийг ч бас сурахад амаргүй. Гэхдээ би өөрийгөө бага багаар дасгалжуулж, сурч байгаа. Мэргэжлийн хөөмийчин шиг хөөмийлнө гэдэг үнэхээр бэрх.
Учир нь тэд багшаар заалгаснаас гадна төрөлхийн гайхалтай хоолойтой байдаг. Харин би хөөмийг өөрөө сурах гэж хичээж байна. Миний хувьд намуухан хэрнээ хурц аялгуугаар, нэг авианаас нөгөөд шилжих явц хөөмийн хамгийн хэцүү хэсэг байдаг. Энэ үед маш сайн төвлөрөх хэрэгтэй. Энэ зуур хоолойгоо хөгжмийн зэмсэгтэй хоршуулна гэдэг чамгүй бэрх. Гэхдээ энэ сорил намайг улам илүү хичээхэд түлхэц болдог шүү.
-Хэрвээ та монгол дуу зохиовол юуны тухай, ямар урсгалын дуу хийх байсан бэ?
-Би Хамаг монголын тухай дуу хийхийг хүсдэг. Монголыг чухам юу ийм чухал үндэстэн болгодог тухай, мөн Чингис хаан өдийд амьд сэрүүн байсан бол ард түмнийхээ юугаар бахархах байсан тухай дуулах байсан. Тэр дуугаараа би “Чингис хаан амьд байсан бол өнөөдрийн төрийн жолоодогчдод сэтгэл хангалуун байх байсан болов уу? Монголын ард түмний нэг үндэстэн нөгөөдөө дургүйд баярлах байсан уу? Хүмүүс уул, усаа сэндийлж буйг хараад аз жаргалтай байх уу? Монголчууд түүх, соёл уламжлалаа мэдэхгүй байгааг хараад яах вэ” хэмээх асуултуудыг тавих байсан.
Би монголчууд нэгнээ хүлээн зөвшөөрч, хайрлахыг уриалсан дуу хийхийг бас хүсдэг. Та бүхэн тува, буриад, ойрад, өвөр монгол, казах монгол, халимаг гээд бүхий л үндэстнийг өөрсдийн адил хайрлах ёстой.
“Чи бол жинхэнэ монгол хүн биш” гэж хэн нэгэн рүү чичлэхийн оронд гар гараа бариад хамтдаа ажиллаж, амьдрах хэрэгтэй.
Чингис хаан “Миний ард түмэн бүгд ах дүү шиг байдаг учраас л Монгол улс хүчирхэг. Тэд бүгд хамтдаа ажиллаж, нэг ширээнд хооллодог” хэмээн хэлж байсан шүү дээ.
Мөн Монголын ард түмэн гайхамшигт соёлоо түгээж, бас биширдэг байхыг уриалсан утгатай хөгжим хийхийг хүсэж байна. Миний хөгжмүүд морин хуур, хөөмий болон соул хөгжмийн нийлэмж байх болов уу.
-Монголоос хамгийн дуртай дуугаа нэрлээч?
-Д.Энхжаргалын дуулсан “Алсын газрын зэрэглээ”, Буриад ардын “Алтаргана”, Тувагийн дуучин Конгар-оол Ондарын “Конгурэй”, Халимагийн дуучин Окна Цагаанзамын “Ээжийн дуун” гээд олон сайхан дуу бий.
-Хэрвээ танд Монголын иргэн болох боломж тохиовол төрсөн нутгаа орхиод явж чадах уу?
-Би ердөө 24 настай. Дөнгөж их сургуулиа төгсөх гэж байж ийм том шийдвэр гаргах боломжгүй. Магадгүй би арай ухаан сууж, нас ахисан хойноо Монголд ажиллаж, амьдарч болох юм. Тэгвэл маш их шинэ боломж, сурах зүйл гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр Монголын тухай илүү ихийг мэдэж, түүнийгээ дэлхий ертөнцтэй хуваалцах боломжтой болно.
-Монгол орны чухам юу нь танд хамгийн үнэ цэнэтэй санагддаг вэ?
-Монголд өөрийн биеэр очиж үзээгүй ч Монголоос олж харсан хамгийн агуу зүйл бол хүмүүсийн өгөөмөр сайхан сэтгэл.
Монголчууд нэрийг тань мэдэхгүй хэрнээ танд ямар нэгэн зүйл өгч чадах хүмүүс. Нүүдэлчин ардууд огт танихгүй зочин гийчинг ч хамгийн түрүүнд гэртээ уриад хоол ундаар дайлдаг.
Орчин үеийн залуус бүдүүлэг байж магадгүй л юм. Харин ахмадууд бүгдээрээ маш сайхан сэтгэлтэй, нөхөрсөг, тусламж хэрэгтэй хүн бүхэнд гар дэлгэн туслахыг хүсдэг. Би нэг гайхалтай түүх сонсож байсан юм. Нэг айл огт малгүй өөр нэгэн гэр бүлд амьдрахад нь дэм болж ямаан сүргээсээ тасалж өгчээ.
Хэдэн жилийн дараа өнөөх гэр бүл баярласнаа илэрхийлж тэдэнд өгсөн ямаануудаас хоёр дахин олон адуу бэлэглэсэн гэдэг. Би монголчуудын ийм сайхан сэтгэлд л хайртай байдаг. Цагаан сараар айлууд нэгнээ урьж, дайлдаг. Өвлийн цагаар ядарч даарсан найз нөхөд болон хөршүүдээ сүүтэй цайгаар дайлдаг. Бүх зүйл нь үнэхээр хайр татам. Сайхан сэтгэл гэдэг ийм зүйл миний төрж өссөн газар их ховор байдаг юм даа.
“Гэрэг” сэтгүүл – Г.Ариунзул
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!