Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жаргалсайхан: “Шугарын Ганаа”-г бариагүйдээ л харамсдаг

Б.Энхзаяа
2015 оны 6 сарын 5
Зууны мэдээ
 

Зарим бөхчүүдийн дунд балга юм хүртэж, баар саваар хэсээд нударга зөрүүлсэн тохиолдол бишгүй олон дуулддаг. Үүний нэгэн тохиолдлоор манай нэг гарьд шөнийн цэнгээний газарт агсам согтуу тавьж аархаж гэнэ л дээ. Ёс юм шиг дүүргийн цагдаагийнхан очиход эр бяраа гайхуулсан гарьд ер хавьтуулаагүй аж. Тэгээд цагдаа нарт хүч нэмэхээр тусгай албаныхан иржээ.

Залуусаа орхиод түрүүлээд орсон Тусгай ажиллагааны газрын бүлгийн даргыг харсан гарьд “Монголын цагдаад үүнээс өөр хүн олдоогүй юм уу” гэх утгатай үг хэлж орилж байснаа таван минут хүрэхтэй үгүйтэй мөлхөх шахам гарч ирсэн гэдэг. Гарьдтай халз тулсан тусгай ажилтан бие жижигтэй ч ур чадвараар хэнийг ч дагуулахааргүй байснаас ийн явдал болсон гэх.

Цагдаагийнхан дунд ам дамжин яригддаг энэ явдлыг дундаас нь сонссон учир хачирласан, хассан утга байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гарьдтай гар зөрүүлсэн тусгай албаны ажилтны ур чадвар, амжилт цагдаагийн байгууллагын түүхэнд тод мөртэй байдгийг энэ салбарынхан бахдан ярьдаг юм билээ.

Тэр хүн бол “Баки” Жагаа буюу ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын бүлгийн дарга, цагдаагийн хошууч Д.Жаргалсайхан юм.

Монголын цагдаа тусгай албатай болсон нь одоогоос 25 жилийн өмнөх үйл явдал байв. 

Хошууч залуугийн тухай ярихын тулд албаных нь талаар эхэлж өгүүлэх нь зүй. Учир нь түүний энэ албанд хүчин зүтгэсэн хугацаа Тусгай ажиллагааны газар байгуулагдсан он жилтэй бараг чацуу. Монголын цагдаа тусгай албатай болсон нь одоогоос 25 жилийн өмнөх үйл явдал байв. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын “Хамгаалалтын тусгай тасаг байгуулах тухай” тушаалаар 1990 оны тавдугаар сарын 7-нд одоогийн ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрыг “Гуравдугаар тусгай тасаг” нэртэйгээр байгуулж байжээ.

Тасгийнхан олон нийтийн жагсаал цуглаан, зэвсэглэж оргож зугатах, барьцаалах, бүлэглэж хүний аминд хүрсэн этгээдүүдийг баривчлах, гал, үер, ослын үед дайчлагдан хэргийн газрыг хамгаалах, гардаж ажиллах үүрэгтэй. Тасаг байгуулагдсаны жилийн дараа Цагдаагийн дунд сургуулийн шинэхэн төгсөгч нэг ангийн шижигнэсэн дөрвөн залуу тусгай албанд тэнцэн орж байсны нэг нь Д.Жаргалсайхан хошууч байж.

Тусгай тасгийнхан галт зэвсэг, авто машиныг бүрэн эзэмшихээс гадна бие хамгаалах урлаг, тэр дундаа байлдааны самбо, карате тэдний үндсэн чадвар. Мөн усанд сэлэх, өндөрт авирч, буух, газрын зураг унших, техникийн мэдлэгтэй байхын хамт сэтгэлзүйн өндөр бэлтгэлийг шаардана. Жагаа хошуучийн хувьд карате, байлдааны самбо, галт зэвсгийг өндөр төвшинд эзэмшснийг цагдаагийнхан онцолдог.

Зочин маань энэ чадвараа гадаадын тусгай албадын сургалтын ач гавьяа гэж үздэг аж. Тэрээр ОХУ, Израйль, БНСУ, Египет, БНХАУ, АНУ-ын тусгай ажиллагааны албан хаагчидтай суралцжээ. Тэр дундаас АНУ-ын “Тамын долоо хоног” сургалт хамгийн ихээр ур чадвар, тэсвэр тэвчээр сорьсон хүндхэн сорилт байсан гэнэ.

Түүнийг 75 удаагийн онц ноцтой хэргийн дуудлагад явж үүргээ амжилттай биелүүлснийг албаны танилцуулгад нь дурджээ. Үүнээс Авдрантын хоригдлуудынх шиг зартай баривчилгаа олныг нэрлэж болох. Тусгай ажиллагааны албаны түүхийг хамт бичилцэж буй түүнээс өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн ажиллагааны тухай товчхон хөөрөлдсөн юм.

-Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг баярын мэнд хүргэе?

-1990 оноос хойш байгуулагдаад ажиллаж байсан үе үеийн дайчид, дарга нар, бидний арыг хамгаалж ирсэн ар гэрийнхэнд нь 25 жилийн ойн мэнд дэвшүүлье.

-Таныг олон зартай баривчилгааг гардаж хийсэн гэдэг. Ялангуяа Авдрантын хоригдлуудын баривчилгаа өндөр ур чадвар шаардсан гэх юм билээ?

-Тэр талаарх мэдээлэл тийм ч нээлттэй байдаггүй. Рецедив гэмт этгээдүүд үгсээд шоронгийн эмчийг барьцаалж ууланд бүгсэн хэрэг гарсан. Бид цагдаагийн дарга нарын тушаалаар шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллагааг дуусгаж байсан.

Өөр баривчилгаануудаас гэвэл, 1998 онд Сэлэнгийн Түр саатуулах байрнаас хүн амины хэрэгтэй нөхөр бусдыгаа уриалаад зургуулаа оргосон байдаг юм.

Монголд болсон бүх онгоцны сүйрэлд явж байсан. 

Хянагчаа буудаад Эрдэнэтээс эксель машин хулгайлж зугтсан хэрэг. Би ч эндээс бүлгээ авч гараад Заамарын хөндийд отолт хийж байтал ороод ирдэг юм байна.

Тэд цагдаагийн машин байгааг харангуутаа буцаад зугтаасан. Бараг 90 гаруй км газар хөөж байж гүйцэж билээ. Энэ мэтчилэн олон хэрэг байдаг. Харин харамсч явдаг нэг тохиолдол бий.

-Ямар?

-2000 оны үед байх. Шугарын Ганаа гэх хочтой нөхөр Мөнгөнморьтын хорихоос оргохдоо хорихын мал малладаг хүмүүс дээр очоод хуяг, энгийн ард хоёрыг буудаж хөнөөгөөд модонд бүгсэн хэрэг. Түүний араас зургаан сар яваад олж баривчилж чадаагүй юм. Одоо ч заримдаа олж байна гэж зүүдэлдэг шүү.

-Онгоцны ослууд дээр бас очиж байв уу?

-Монголд болсон бүх онгоцны сүйрэлд явж байсан. Хөвсгөлийн нутагт болсон Марзын, Байшингийн тагт гэх газрын сүйрэл, мөн Дундговийн онгоцны сүйрэл бий. Нисдэг тэрэгний сүйрэл олон. Тэнд бид хэргийн газрыг хамгаалж цогцос гаргах, ар гэрийнхэнд нь таниулах ажиллагааг хийдэг байлаа. Бүтэн цогцос дээр ажиллана гэж байхгүй.

-Сэтгэл санааны хувьд дарамттай байсан байх. Энэ албанаасаа халширч байв уу?

-Яахав, сүйрэл, ослын үед олон хоног ажилласан манай зарим албан хаагчид “Төчнөөн үхдэл” гэж зүүдлээд босч ирсэн тохиолдол байдаг юм. Нэгэнт л тангараг өргөсөн хүмүүс эргэж буцалтгүй. Би анхнаасаа сонирхлоороо орсон болохоор тийм тохиолдол гарсангүй.

Ууланд ч тэд хоног явна, өөдөөс нь буутай этгээд угтана гэсэн байнгын бэлтгэлтэй явдаг учраас айж эмээж байсангүй. Харин тасгийн дарга Уугангэрэлээс их айдаг байлаа. Хүн юм хойно, заримдаа алдаа гаргана. Тэгэхэд тасгийн даргын үг, тушаал бараг л гудамжинд номхон явахад хүргэдэг байсан.

-Сайн удирдлага байжээ. Чухал үүрэгтэй энэ албаараа бахархах үе олон биз?

-Хүний амь аврах алба гэдгээрээ маш их бахархдаг. Нэг үгээр би хүн аврах “ажил” хийж байгаа гэж боддог. Төөрсөн, барьцаалагдсан хүнийг аврах сайхан. 1996 онд Хандгайтын аманд нэг охин өвөөтэйгөө халиар түүж байгаад төөрчихсөн юм.

Хүний амь аврах алба гэдгээрээ маш их бахархдаг. 

Хөвчөөс хүн хайхад бухал өвсөн дундаас зүү хайхтай адил. Чоно нохой элбэг газарт охин хүүхэд удаан тэсэхгүй. Бид ч хайгаад долоо хоног дээрээ олж билээ. Аав ээж нь ч бөөн баяр, тэднээс дутахааргүй бид ч баяртай байлаа. Тэр охин манай албаны 25 жилийн ойгоор ээжтэйгээ ирж баяр хүргэсэн.

-Эрсдэл гарч байв уу. Гэнэтийн дуудлагад байнгын бэлэн байдалд байдаг байх?

-Энгийн иргэдээс ялгарах онцлог бол тэр. Утас дуугарахыг хүлээх нь реплекс болчихсон. Дуудлага ирэх бүрт цаана нь хүний амь байгаа учир байнгын бэлэн байдалд байна. Аз болоход 20 гаруй жил ажилласан хугацаанд эрсдэлийг үзсэнгүй. Манайхнаас эрсдэж байсан тохиолдол байхгүй.

-АНУ-ын тусгайгийн сургалтад амжилттай суралцсан гэх юм билээ?

-АНУ-ын бүх муж хотын тусгай албадын албан хаагчид оролцдог “Тамын долоо хоног” сургалтад хамрагдсан. Хоногт нэг цаг унтаад 23 цагт нь бүх төрлийн сургалтад хамрагдана. Дундаас нь шантарч буцсан албан хаагчид золон бий. Манай албан хаагчид нэр төртэйгээр сураад ирсэн. Ялангуяа, карате, байлдааны самбоны ур чадвараар манайхан өндөр. Биднийг эх орондоо ирсний дараа тэр сургалтын газраас манайхаас бие хамгаалах урлагийн багш гэрээгээр авч ажиллуулъя гэсэн санал тавьж байсан.

-Таныг бөхчүүдийг айлгаж байсан удаатай гэдэг?

-Тийм тохиолдол байгаа. Ухамсартай нэгэн нь буруугаа хүлээгээд яваад өгнө. Зарим нь архиндаа халуурч арга хэмжээг авхуулах тохиолдол бий. Бяртай хүмүүсийг номхруулахад юу байхав. Бие томтой ч гэсэн аймхай хүмүүс байдаг юм.

-Баки Жагаа гэдэг хочийг яагаад авав?

-Тусгайгийн тасагт ороход ах нар маань өгсөн хоч. Тэр үед залуу ч байж. Бие жижигтэй ч бэлтгэл, сургуулилт хийдэг байснаас тэр байх.

Тэрээр үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна авто спортын хоббитой нэгэн. 2014 оны Дакараллид монгол залуустайгаа гадаадын 130 орны тамирчидтай 9,000 бээр уралджээ. Энэ амжилтаараа спортын мастерын болзлыг хангасан юм байна. Түүнээс гадна албанд орохоосоо эхэлж каратегаар хичээллэн улсын аваргыг хэдэнтээ авч, Ази, дэлхийн аваргад өрсөлдөж байжээ.

Д.Жаргалсайхан хошуучийг эрүүгийн ертөнцийнхөн Баки Жагаа гэдгээр нь анддаггүй гэх. Учир нь тусгай албаныхаа үүх түүхтэй эн тэнцүүхэн хөгжсөн цагдаагийн шилдэг бэлтгэгдсэн дайчин тэрээр “Буу барьж сурснаас үзэг барьж сураагүй” гэх нь албандаа хэр сэтгэлтэйг харуулах биз ээ.

Зураг