Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цэнэглэхтэй холбоотой буруу ойлголтуудаа өөрчилье

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 6 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Олны дунд ам дамжин яригддаг домог мэт болсон асуудлуудад нэг мөр хариулт өгч байна. 

  • Гар утсаа шөнөжин цэнэглэх асуудал биш

Удаан хугацаанд гар утас, зөөврийн компьютерээ цэнэглэгчид залгаатай байлгахад зай тэжээл нь нурдаг гэсэн ойлголт бий. Энэ бол хоцрогдсон ойлголт. Орчин үеийн техникүүд цэнэглэгдэж дууссаны дараа өөрөө цэнэглэх процессоо автоматаар зогсоодог тул ямар ч аюулгүй.

 

  • Өөр үйлдвэрлэгчийн цэнэглэгчийг ашиглаж болно. Гэхдээ…

Тухайн утасны үйлдвэрлэгч болон өөр үйлдвэрлэгчийн цэнэглэгч хоёрт ялгаа бий юу?

Бараг ялгаа байхгүй. Ингэхдээ сонголтоо зөв хий. Жишээ нь Apple-аас өөр үйлдвэрийн цэнэглэгч авахаар бол Belkin, Monoprice мэтийн нэр хүндтэй брэндийн цэнэглэгчийг ав. Үгүй бол Apple-ынхыг ав.

Үл таних брэндийн цэнэглэгч гар утсыг эвдэх аюултай. Мөн үйлдвэрийн оригиналь цэнэглэгчид ихэнхдээ брэнд нэргүй байдаг. Тиймээс дуураймал цэнэглэгчийг ялгахад хэцүү. Баталгаатайг нь авна гэвэл нэрийн дэлгүүрээс нь авах хэрэгтэй.

 

  • Халуун, хүйтэн цаг агаарын нөхцөлд гадаа орхих аюултай

Тухайлбал зуны халуун өдөр, эсвэл өвлийн хүйтэнд гар утас мэтийн төхөөрөмжөө машинд орхих маш муу. Хэт халуун, хэт хүйтэн орчинд зай тэжээл эрс мууддаг.

Төхөөрөмжнийхөө бичиг баримтыг үз. Тэнд баттерейн ажиллахад тохиромжтой агаарын хэмийн дээд, доод хязгаар байгаа. Аль болохоор тэр завсарт байлгахыг хичээвэл зохино.

 

  • Цэнэглэхээсээ өмнө зайгаа дуустал хоослох хэрэггүй

Хуучны Nickel-Cadmium баттерейн хувьд “ой санамжийн үзэгдэл” хэмээх зүйлээс болж заавал тэг хүртэл хоослоод цэнэглэх шаардлага гардаг байсан. Харин одооны бүх төхөөрөмжийн хэрэглэдэг Lithium-ion баттерейн хувьд энэ үзэгдэл байхгүй болсон.

Одоогийн Li-ion баттерей 40-80 хувийн цэнэгтэй тогтмол байлгаж чадвал эдлэгдэх хугацаа нь хамгийн урт байдаг байна. Бас ийм зайг цэнэггүй хэт удаан байлгавал баттерей нь нэг мөсөн сөнөх аюултай.

Li-ion баттерейн хувьд нэг л асуудал бий.

Эдгээр баттерейнуудад цэнэгийн хэмжээг бүртгэдэг мэдрэгч байрладаг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ мэдрэгчийн заалт жинхэнэ баттерейн цэнэгийн хэмжээнээс аажмаар зөрж эхэлдэг. Харин үүнийг тэнцүүлэхийн тулд утасаа нэг удаа бүрэн цэнэглээд баттерейн цэнэгийг дуусах анхааруулга (улаан шугаманд хүрч сануулах мэдэгдэл гарч ирэх) хүртэл хэрэглээд дахин бүрэн цэнэглэх хэрэгтэй. Гэхдээ энэ үйлдлийг доод тал нь гурван сар тутамд нэг хийвэл тохиромжтой.

Гэхдээ сүүлийн үед ингэх шаардлагагүй болсон байна. Жишээ нь Apple компани төхөөрөмжийнхөө бичиг баримт дээр ингэж байхыг зөвлөсөн байснаа сүүлийн үед хассан гэнэ. Яах ёстойг бичиг баримтнаас нь харах хэрэгтэй.

 

  • Шөнийн цагаар компьютерээ унтрааж байх хэрэгтэй юу?

Хуучны компьютеруудад ингэх хэрэгцээ байсан. Учир нь түүний хатуу дискний толгой нь болхи хийцтэй байсан тул шөнөдөө толгойг нь салгаж хонуулах нь удаан эдэлгээнд хэрэгтэй байв.

Харин өнөөдөр ингэх шаардлагагүй. Хувь хүний үзэмжийн асуудал болсон. Эрчим хүч хэмнэх, өрөө тасалгаанд цахилгаан соронзон орон үүсгэхээс зайлсхийх зорилгоор ингэж болно.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад ямар ч төхөөрөмж унтраалгүй удаан ажиллуулахад хурд нь удааширч, ажиллагаанд доголдол гарч эхэлдэг. Тиймээс компьютер чинь удаан ажиллаад байвал унтрааж асаах нь хамгийн зөв арга. Интернэт сүлжээ удаад эхэлбэл модемоо 60 секунд унтраагаад асаахад хурдан болдог нь батлагдсан туршлага.

Тиймээс ашиглаагүй үедээ унтрааж байхад илүүдэхгүй.

 

Эх сурвалж: FoxNews