Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хамгааллын тухай хуулийн онцлох ЕСӨН заалт

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж буйгаас хүүхэд зөрчил, гэмт хэргийн золиос болсоор байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1996 онд баталж, 2003, 2006, 2008 онуудад зарим өөрчлөлтийг оруулсан хэдий ч одоогийн нийгмийн нөхцөл байдалд хүүхдийг хамгаалахад хангалтгүй байгаа юм.

Тиймээс хүүхдийг хамгаалах зорилгоор УИХ-д Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл нь нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс  урьдчилан сэргийлэх, хамгаалах, зорилготой.

Уг хуулийн төсөлд орсон зарим онцлох заалтуудыг хүргэж байна.


НЭГ. /6 дугаар зүйл. Гэр бүлийн үүрэг хариуцлага/

6.4. Эцэг эх,  гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бус харьцах, аливаа хэлбэрийн мөлжлөгт өртөхөөс хамгаалах бүхий л арга хэмжээг нэн тэргүүнд авах үүрэгтэй.

ХОЁР. /11 дүгээр зүйл. Хүүхдийн бие махбод, нэр хүндэд хохирол учруулах шийтгэл хүлээлгэхийг хориглох/

11.1. Хүүхдийг тарчлаах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус, нэр хүндийг гутаан харьцах буюу шийтгэхийг хориглоно.

ГУРАВ. /14 дүгээр зүйл. Хүүхдийн чөлөөт цаг, тоглоом наадам/

14.4. Интернет, компьютер, сүлжээний технологи ашиглан тоглоом тоглуулах буюу цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх этгээдэд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үүднээс тавигдах шаардлага, түүнийг бүртгэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

ДӨРӨВ. /17 дугаар зүйл. Хүүхдийн хувийн нууцыг хамгаалах/

17.1. Хүүхдийн хувийн болон захидал харилцааны нууцыг дур мэдэн, хууль бусаар задалж, хүүхдийн, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулахыг хориглоно.

ТАВ. /21 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэх  үүрэг/

21.1. Хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, халамжлах, эмчлэх зэрэг хүүхэдтэй ажиллах үүрэг бүхий этгээд уг үүргээ гүйцэтгэж байхдаа  бусад хүмүүсийн зүгээс хүүхдийг үл хайхарсан, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашигласан, зүй бусаар харьцсан болон аливаа хэлбэрийн мөлжлөгт өртүүлсэн үйлдэл, эс үйлдэл, нөхцөл байдлын талаар мэдсэн  бол цагдаагийн байгууллага, эсхүл багийн Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ажилтан зэрэг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд  нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

21.8. Энэ хуулийн 21.1-д заасан заавал мэдээлэх үүрэг бүхий этгээд үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.

ЗУРГАА. /30 дугаар зүйл. Мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх/

30.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь хүүхдийн эрхийн аливаа зөрчил, түүний дотор хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн, өртөж  болзошгүй хүүхдийн  тухай иргэдийн болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн мэдээллийг  хүлээн авч шалгах буюу шаардлагатай арга хэмжээ авна.

ДОЛОО. /32 дугаар зүйл. Мэдээллийг шалгах/

32.1. Хүүхдийн эрхийн улсын байцаагч үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн, эсхүл эдгээр нөхцөлд өртөж болзошгүй хүүхдийн тухай мэдээлэл авмагц хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахаар хөндлөнгөөс оролцож, тухайн асуудлыг нэн даруй шалгана.

НАЙМ. /34 дүгээр зүйл. Хүүхдийн аюулгүй орон байраар хангагдах эрх ба асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ/

34.1. Үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхэдтэй зүй бусаар харьцах болон мөлжлөгийн аливаа хэлбэрт өртсөн эсхүл өртөх эрсдэлтэй хүүхэд аюулгүй орон байраар хангагдах эрхтэй. Энэхүү эрхийн дагуу хүүхэд аюулгүй, шаардлагатай үйлчилгээ бүхий орон байраар түр болон урт хугацаагаар хангагдана.

ЕС. /39 дүгээр зүйл. Эрүүл мэнд, сэтгэл зүй, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх тусламж, үйлчилгээ/

39.1. Энэ хуулийг зөрчсөний улмаас хүүхдийн бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учирсан бол түүнд эрүүл мэндийн байгууллага үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.


41 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

41.1. Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, ял шийтгэлийг Гэмт хэргийн тухай хуулиар тус тус тодорхойлно.