Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сайнбаярын санал болгох 10 НОМ

Б.Ану
2015 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Уншигч танд санал болгодог 10 ном булан үргэлжилж байна.

Энэ удаад бид Б.Сайнбаярын санал болгох 10 номыг танилцуулж байгаа юм.

Б.Сайнбаяр нь АНУ-ын ФранклинКови компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд тус компани нь дэлхийн 150 оронд өөрийн оюуны бүтээлээ түгээсэн, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг америкийн нэр хүндтэй компаниудын нэг юм. 

Тэрбээр ФранклинКови компанийн боловсролын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлж эх орныхоо боловсролын салбарт эрс шинэчлэл хийхээр зорин ажиллаж байна.

Тиймээс залуус та бүхэндээ Б.Сайнбаярын санал болгох 10 номыг танилцуулж байна.

 

Б.Сайнбаяр -  @Sainbayar_John

 

1. Bible KJV

 

Бурхан Эзнээ бүх чадлаараа хайрла, хөршөө өөрийн адил хайрла гэсэн хамгийн агуу 2 тушаал дээр суурилсан ном. Хүн төрөлхтөнд хэрхэн хайр хамгийн агуу нь бөгөөд бүхнийг дийлж чаддагийг, Еврей ард түмний түүхэн сорилт, амьдралын бэрхшээлүүдээс эхлүүлээд эш үзүүлэгчдийн зөгнөл өнөөдрийг хүртэл хэрхэн биелж ирснийг харах боломжтой агуу судар билээ. 

2. Purpose Driven Life by Rick Warren

 

Хүн бүрийн амьдрал дуудлага буюу хувь тавилан. Хэн хүн өөрийн дуудлагаа эрэн хайж, олж чадна, тэрбээр өдөр бүрийн амьдралдаа тохиолдох зүйлсийг зөвхөн өөрийнх нь сайн сайхны төлөө гэдгийг ойлгох бөгөөд аливаа бүх зүйлс өөрийн цаг хугацаандаа учир шалтгаантайгаар тохиодог болохыг мэдэж байна. 

3. Ordering Your Private World by Gordon MacDonald

 

Хүний амьдралын хэв маяг, өдөр тутмын амжилт бүтээл эмх цэгцээс эхлэлтэй. Хүн өөрийн дотоод хүн буюу сүнслэг амьдралаа олж нээгээгүй тохиолдолд хэрхэн амьдрал урсгалаараа өрнөдгийг олж мэднэ. Өөрийн хувийн ертөнц буюу дотоод хүнээ сайн мэдэрч, амьдралын өнгөө зөв тодорхойлсон хүн бодит ертөнц дэх амьдралаа хэрхэн утга учиртай удирдан жолоодож явж болохыг ойлгуулна. 

4. The 7 Habits of Highly Effective People by Stephen R. Covey

 

Хувийн данс, харилцааны данс, дотоод ялалт, гадаад ялалт, хөрөөгөө ирлэ гэх мэт олон гайхалтай нэр томьёог дэлхий нийтэд таниулж, өндөр бүтээмжтэй хүн бүрийн гарын авлага, хүмүүжил төлөвшлийн нэг хэл, шинжлэх ухааны шинэ ололт мэт бүтээл билээ. Менежментийн загалмайлсан эцэг Петр Дракер бүтээлүүдийн залгамж халаа болдог эл бүтээл өсвөрийнхөнд, гэр бүлд, цэцэрлэгийн багачуулд болон оюутнуудад зориулсан гээд олон “7 дадал” бүтээлийн суурийг тавьж өгсөн гайхалтай амьдралын сурах бичиг гэж хэлнэ. 

5. Blue Ocean Strategy by Kim & Mauborgne

 

Шинэ зуун бол өрсөлдөөний бус харин онцгойрлын зуун байна.

Өнөөдрийн бизнесийн амьдралын мөчлөг хагас зууны өмнөхийг бодвол дор хаяж 2 дахин багассан байгаа. Дараагийн 20-30 жилд дахин 2 дахин багасна. Учир нь өнөөдрийн эдийн засгийн чадамжтай дэлхий шинэ компанийг маш хурдан босгож чадна, бас зах зээлээс тэр хэмжээнд хурдан шахан гаргаж чадна. Тиймээс өрсөлдөж биш өрсөж шинэ бизнес хийдэг, түүнийг хэрэгжүүлэх менежерийн ёс зүйн хэм хэмжээ юу байж болохыг эндээс илхэн харж, суралцаж болно. 

6. Genghis Khan and Making of the Modern World by Jack Weatherford

 

Дэлхийг эзэлсэн, эзэгнэсэн гэх Чингис Хаан үнэндээ юуны төлөө дэлхийн тал ба тухайн үеийн хуурай газрыг тэр чигт түрэмгийллээр ч бай гартаа оруулах шаардлага байв? Монголын Эзэнт Гүрэн байгуулагдах хүртэл олон зүйлс мухардалд хүрч байлаа. Өнөөгийн дэлхийн хамаг л үнэт зүйлс Монголын Эзэнт Гүрнээр дамжуулан олгогдсон шударга ёс, эмх журамтай ахуй амьдрал, шашин итгэл бишрэлийн эрх чөлөө, эрдэмтэн мэргэдийн өндөр үнэлэмж, амар тайван арилжаа бизнес хийх боломж гээд хүн бүрт олгогдсон эрх тэгш нийгмийн ачаар бий болсон бус уу? Эцэстээ өнөөдрийн хүчирхэг гүрнүүд үндсэн хуулиа Их Засаг хууль мэт чанд боловсруулж, бас хуулийн засаглалтай байж чадсанаараа өнөөдрийн энэ ертөнцийг бидэнд авчирчээ. 

7. Schindler's List by Thomas Keneally

 

Эгэл хүн хэрхэн агуу үйлсийг бүтээж, хэдэн мянган гэр бүл, тэдний үр хүүхдүүдэд агуу үйлс хийх боломжоор хангаж болдгийг мэднэ. Бизнес бүр зөвхөн эзнийхээ төлөө бус харин олны сайн сайхны төлөө байж болохыг, мөнгө олохын үнэ цэнэ ямар байж болохыг ухаарах боломж олгоно.  

8. 360 Degree Leader by John C. Maxwell

 

Аливаа хүн бусдад, хүрээлэн буй орчиндоо, тэр ч атугай нийгэмдээ нөлөөлөхөд заавал албан тушаал хэрэгтэй бус юм. Тухайн хүн өөрийн нөлөөллийн тойрогт байгаа хүн бүрийнхээ үлгэр жишээ - үйлдлээрээ манлайлагч хүн байж чадвал ямар ч үр дүнг өөрийн хүссэнээр авч ирж болохыг ойлгуулна. 

9. Smart Tribes by Christine Comaford

 

Орчин үед баг хамт олон, бизнесийн амжилт том жижгээс үл хамаарна, харин ухаалаг шийдлээс хамаарна. Тэр бол ухаалаг баг юм. Тэдний хэв шинж бол аюулгүйн мэдрэмж, хамаарлын мэдрэмж, бас үнэ цэнийн мэдрэмж буюу багийн уур амьсгал үргэлж халуун дулаан бөгөөд хүн бүрийн чадамж ил тод байх явдал болно. 

10. Good to Great by Jim Collins

 

Олон компани хэт амжилттайгаас болж унадаг. Хүн ч мөн адил. Учир нь тэд сайн байгаадаа сэтгэл ханадаг.  Жинхэнэ агуу байх явдал бол даацтай хөгжил, тууштай ухамсарт үйл ажиллагаа юм. Сайндаа үл ханаж үргэлж агууд тэмүүлэгсэд нэрээ мөнхөлж чаддаг. Өнөөдрийн амжилтаас үл хамааран өдөр тутмын нягт нямбай байдал даацтай хөгжил, агуу үр дүнг авчрах боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.