Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хүдэр-Ян: Засгийн газрын хагарлын дохиог М.Энхболд өгчихлөө

Д.Гэрэлцэцэг
2015 оны 3 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янтай ярилцлаа.

-Эдийн засаг хүнд хэвээр байна. Та үүний шалтгаан, гарах гарцын талаар ямар бодолтой байна вэ?

-Монголын эдийн засаг өмнө нь 17 хувийн өсөлттэй байсан. Тэр өсөлт бодит байдал биш хөөс байжээ. Одоо эдийн засаг байнга уруудаж байна. Ер нь манайд гадаад орчны нөлөөлөл нь бага. Харин өөрсдийнхөө эдийн засгийн төсөөллийг их муу хийсэн. Мөн улс төрийн намуудын төр барих аргаас их хамаарч байна. Төрд гарахын тулд янз бүрийн популист амлалтууд өгдөг, түүнийгээ биелүүлэхийн тулд улс орноо хөлдөө чирдэг.

Энэ бүхний үр дүнд өнөөгийн эдийн засгийн хямрал боллоо. Түүнээс энэ том газар нутаг, хэмжээлшгүй баялагтай гуравхан сая хүн амын 40 хувь нь ядуурах ёсгүй. Захын хорооллоор гэдэс цувдаа олдохоо байсан. Нохойн хоол авъя гээд явахад гэдэс цувдаа чинь нохойн хоол байхаа больсон гэдэг болж. Талхаа хувааж, ургамлын тосоо граммлаж авч байна. Үнэхээр Монголын эмгэнэлт өдрүүд үргэлжилж байна.

-Хүндрэлийг мега төслүүдийн хүчинд даван туулна гэж Засгийн газар үзэж энэ талаар иргэдээс мессежээр санал авсан. Гэвч Таван Толгой, Оюу Толгой гээд урагшилсан зүйл одоогоор алга байна шүү дээ?

-Өнөөдөр Таван Толгой, Оюу Толгойн ордууд ашигтай ажиллах эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Оюутолгойн гэрээ үргэлж маргаан дагуулж байна.

Хөрөнгө оруулагч нартайгаа тохирч чадахгүй, гэрээн дээрээ анхнаасаа будилж эхэлсэн. Зургаан жил будилсаар анхны хөрөнгө оруулалт нь нэмэгдээд явчихдаг.

Төрд гарахын тулд янз бүрийн популист амлалтууд өгдөг, түүнийгээ биелүүлэхийн тулд улс орноо хөлдөө чирдэг.

Монгол хэзээ ашиг олох нь мэдэгдэхгүй. Нэгдүгээрт, энэ бол өнөөдрийн хүндрэлээс гарах зам биш. Хоёрдуаарт, Таван Толгойн ордын нууц гэрээ нь ил боллоо гээд байгаа.

10 жилээр “Чалко”-д нүүрсээ өгнө гэсэн гэрээ хийснээс болж хөрөнгө оруулалтын гэрээ үндсэндээ зогссон. Тухайн үеийн эрх барьж байсан хүмүүс ард түмнээсээ нууж далдуур өөрсдөдөө ашигтай гэрээ хийж, ард түмнээ золиосонд хаяж байна. Энэ том ордууд Монголыг хэдэн зуун жилээр тэжээгээд явах нөөцтэй. Гэтэл үүнийгээ ашиглах гэхээр алдагдалд ордог.

Хажууд нь Эрдэнэт үйлдвэр Монголыг 30 жил тэжээсээр ирлээ. Сүүлийн үеийн гэрээгээр хийсэн мега төслүүд яагаад явж чадахгүй байна. Үүнд ганцхан эрх баригчдын алдаа байгаа. Хүн бүхэн хөшигний араар орж наймаа хийх гэж оролддог. Гадаадын хөрөнгө оруулагч ирлээ гэхэд би асуудлыг чинь шийдээд өгнө гэж дагуулаад явдаг. Нөгөөхөөсөө мөнгө горьдоод явахаар нөгөө төслийн үнэ өртөг, анхны шинж чанараа алддаг. Эцэстээ тухайн хүндээ ашигтай, ард түмэн, улсдаа хохиролтой гэрээ хийгдэж байна.

-Тэгвэл өөр ямар гарц байгаа бол?

-Би гадаадын хөрөнгө оруулалтыг буруу гэж үздэггүй. Гэхдээ шударга, нээлттэй, ил тод зүйл дээр орж ирэх нь зөв. Үнэхээр төслөө бариад, ТЭЗҮ-ээ хийгээд манайд ийм хэмжээний ашигтай гэж байвал бид авах ёстой. Харин хэн нэгний ард нуугдаж, түүгээрээ шийдвэр гаргуулах гэж байгаа бол буруу.

Энэ хямралаас бид хэрэглэгч байгаад хэзээ ч гарахгүй. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж эхлэх хэрэгтэй. Үйлдвэрлээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийж, түүнээсээ  хуримтлал бий болгож, хуримтлалаараа өрөө дараад явах ёстой. Одоо асар богино хугацаа үлдлээ.

2017 онд эхний өрөө төлнө. Энэ хугацаанд үйлдвэр босгоод, хуримтлал үүсгэж амжихгүй. Нөгөө талаасаа Монгол геополитикийн хувьд ашигтай болоод сөрөг талтай. Хоёрхон зах зээлд бүтээгдэхүүн гардаг. Хоёр хөрштэйгөө хаагдсан маягтай учраас тэднээс дэндүү хамааралтай. Тиймээс гурав дахь зах зээлд гарах бүтээгдэхүүнээ одооноос яаралтай хийж эхлэх хэрэгтэй.

-Улс төрийн тогтворгүй байдал нь эргээд бидний ярьж буй дээрх сэдэвтэй холбогдоно. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна вэ?

-Өнөөгийн улс төрийн байдал маш эвгүй байна. Учир нь хамтарсан намууд цаанаа эрх ашгийн маш том нэгдэлтэй байгаа. Тэр эрх ашиг нь хөндөгдөхөд засаг амархан бутарчихна. Одоо бутрах аяндаа орчихлоо. МАН-ын дарга М.Энхболдын ярилцлагыг телевизээр харлаа. Ер нь энэ засагт  сэтгэл их дундуур байгаа.

Тэр хүн зориуд үндэсний телевизээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа бол засаг үндсэндээ хагарах дохио. Тэр дохиогоо өгсөн гэсэн үг. Засаг тогтворгүй болохоор өмнө нь явж байсан бодлогууд бутарч, Монгол бодлогогүй болж байна.

Төрийн албан хаагчдыг намын харьяаллаар сольж байна. Эдийн засаг унахын хэрээр хүмүүсийн амьдрал ядуурч, ядуурахын хэрээр түүнийхээ буруутныг хайж эхэлдэг. Ингээд хүмүүс уур хилэнтэй болно. Гэмт хэргийн гаралт өснө. Нийгэм өөрөө тогтворгүй болно. Энэ бүхэн нийгэм тэр чигээрээ тартагтаа туллаа гэсэн дохио.

-ИЗНН засагт нэг дэд сайдтай. Танай нам засагт хамтарч байгаа гэж ойлгоно биз дээ?

-Засагт хамтарна гэдэг Засгийн газрыг бүрдүүлж байгаа кабинетад орж ажиллахыг хэлдэг. Бид Засгийн газрын кабинетад ороогүй. Өнгөрсөн онд бид ногоон хөгжлийн бодлого гэж Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогыг тодорхойллоо. Энэ бодлогынхоо хүрээнд ажиллахын тулд нэг дэд сайд авч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ажиллаж байна.

Үүнийг бид засагт хамтарч, Засгийн бодлого шийдвэрт нөлөөлж байгаа гэж үзэхгүй. Дэд сайдын хэмжээнд бодлого, шийдвэрт нөлөөлдөг юм гэж огт байдаггүй. Энэ бодлогоор Монгол Улс хөгжиж явах ёстой гэдэг үүднээс тэр хүн тэнд ажиллаж байгаа. Тэгээд ч энэ бодлого цааш явах эсэх нь эргэлзээтэй болчихлоо.

-Засгийн газар огцрох дохио өгчихлөө гэлээ. Хэрэв Засгийн газар солигдвол танай нам яах вэ?

-Нам намаараа л байна. Нэгэнт бид засагт өөрсдийгөө ороогүй гэж тооцож, засагт хамтраагүй гэж бодож байгаа болохоор засгаас гарна, орно гэж ярих хэцүү. Та нар энд юу хийгээд байгаа юм, засгаас гар гэж хүмүүс хэлдэг. Гэтэл засгаас гаръя гэхэд кабинетад нь ороогүй. Тэгээд юунаас нь гарах юм.

Ганц дэд сайдаа татаач гээд байгаа юм уу. Татлаа гээд юу болох вэ. ИЗНН-ын хувьд энэ засагт нэлээд шүүмжлэлтэй хандаж, асуудлууд гаргаж тавина.

Богино хугацаатай төлөгдөх өр төлбөр, бондуудын хүү, юанийн өрүүд овоорсон. 

Эрүүл улс төрийн хүчнүүд нийлж засаг барих ёстой юм бол үүнийг эрүүлжүүлэх, улс төрийн тал дээр нь хүчтэй дуугарч явна.

Учир нь зөвхөн эрх ашгаараа нийлсэн хүмүүс хувийн эрх ашгийнхаа төлөө нэг жилийн дараа болох сонгуулийг харж, түүн дээрээ багаа бүрдүүлж ажиллаж байгаа улс төрийн хүчнүүд эсвэл тэрнээс санхүүжилт босгож ажиллаж байгаа хүчнүүдийг харвал Монгол хэзээ ч хөл дээрээ босохгүй. 2017 он бол манайд маш хүнд жил болно.

Богино хугацаатай төлөгдөх өр төлбөр, бондуудын хүү, юанийн өрүүд овоорсон. Дээр нь эдийн засаг уналттай байгаа үед өрөө төлнө гэдэг хэцүү. Засгийн газар нь хямрал боллоо гээд айлгаад гарч ирсэн. Ер нь айлгасан гэж хэлнэ. Учир нь хамгийн эмзэг эх, хүүхдийн мөнгө рүү орж тэр жаахан асуудлыг хөндөж байна гэдэг бол хямрал нэлээд гүнзгийрснийг харуулж байгаа. Эсвэл хямраах сонирхол байсан ч байж болно.

-Танай намын тухайд янз бүрийн шүүмжлэл бий. Хэтэрхий хаалттай, зарим хүний бүлэглэл фракцад байдаг, санхүүжилт нь ил тод биш, нэг хүний нам гэх мэт?

-Бид хуульд заасны дагуу санхүүжилтээ бүрдүүлээд явдаг. Сонгуулийн бусад үед гишүүдийнхээ татвараар л амьдардаг. Гишүүдийн татвар нь 2007 онд батлагдсан журмаар явдаг. Үндэсний хорооны гишүүн нь  300 мянган төгрөгийн татвартай. Улс төрийн зөвлөлийн гишүүн жилдээ хоёр сая төгрөгийн татвар төлдөг. Тэрнээс өөрөөр их мөнгө аваад улс төр хийгээд байх боломж хязгаарлагдмал. Бусад нам том байртай болсон байхад бид түрээсийн байрандаа байж байна.

Фракцын тухайд бид нам дотроо фракцлах зүйл байхгүй. Фракцгүй. Ер нь нийгэм бүгдээрээ ингэж ярьж байна гэж бодохгүй байна. Тодорхой зорилготой хүмүүс манай намыг нэг хүний нам гэх зэрэг таагүй байдлаар ярьдаг. Манай нам дотоод ардчилал сайтай. Үүний илрэл нь гурван даргатай болсон явдал. Гурван дарга гэдэг нэг хүний нам гэх ойлголтын эсрэг ойлголт. Гурвуулаа ижил төвшний дарга. Бүгд зөвшилцлөөр асуудлаа шийднэ. Мөн бид хатуу гишүүнчлэлгүй, дэмжигчийн статустай.

Дэмжигч нь манай  намын нэр дээр сонгуульд орох, Их хуралд оролцох бүх эрх нь нээлттэй. Бид ардчилалтай. Оюун гэж хүнийг зөвхөн ахынхаа нэрээр 15 жил улс төрд явлаа гэдэг. Гэтэл ахынхаа нэрээр явсан юм бол өнөөдөр энэ хүн НҮБ-ын том Ассамблейг толгойлоод явж байх уу. Яагаад ардчиллын том шагналууд аваад байгаа юм.

Энэ хүн аль хэдийнэ ахынхаа гэдэг хязгаараас даваад боловсрол мэдлэгээрээ өөрийгөө бий болгосон. Энэ намыг 15 жил авч явж байна. Ганц хүний  нэрээр намыг авч явна гэж байхгүй. ИЗНН байгуулагдсан цагаасаа парламентад төлөөлөлтэй явж ирсэн.

Засгийн газарт төлөөллүүдэд оруулаад, төр барилцаж явсан. Гэхдээ олон хүн оруулаад том болж чадаагүй. Нэг талаар өөрсдийнхөө боломжоос болдог байх. Нөгөө талаар сонгуулиар бусад намуудын дарамт, хавчилтаас болдог байх.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд гишүүнчлэл, дэмжигчидтэй болсон.  Би хувьдаа жижиг нам гэж харахгүй байна. Биднийг нийслэлийн нам, дандаа АН-ын бөөрөнд явдаг, гүзээнд наалдсан дэлүү зэрэг янз янзаар хэлдэг байсан. ИЗНН АН-ын саналыг хуваадаг гэдэг. Бидэнд хуваагаад байх санал байхгүй. Бид өөрсдөө гишүүд, дэмжигчидтэй болсон.

Үзэл бодлын хувьд тэд хөдлөхгүй. Нам гэж батлах өвөртлүүлчхээд, чи намынхаа төлөө санал өг гэсэн хатуу тулгалт байж болохгүй. Зөв бодлоготой байвал түүнийг дэмжих эрх нь нээлттэй байх ёстой. Хэдэн мянган гишүүн элсүүллээ гээд батлах тараагаад, батлахаараа далимдуулан заавал намаа дэмжих ёстой гэж болохгүй.

-Парламентын ажлын хэсгийн төвшинд Сонгуулийн тухай хуулийг ярьж байгаа. Танай нам байр сууриа эцсийн байдлаар тогтсон уу?

-Сонгуулийн хуульд хоёр тогтолцоог хоёуланг нь аваад явсан нь зөв байх. Нэг хийсэн зүйлээсээ ухраад хэрэггүй. Түүнийгээ улам сайжруулаад явах ёстой. Сонгуулиар их мөнгө зараад үүнийгээ мөнгөтэй хүмүүсийн тоглоом болгодог зарчмаас салах ёстой. Салах механизмыг нь хийж өгөх хэрэгтэй.

Ижил тэгш өрсөлдөх эрхийг нь нээх ёстой. Төрийн албан хаагч бол төрд ажиллаж байгаа шилдгүүд нь. Гэтэл тэдний сонгогдох эрхийг нь хаасан байдаг. Төрийн албан хаагч сонгуульд өрсөлдвөл зургаан сарын өмнө ажлаасаа гарна гэсэн заалтууд бий. Үүнээс болж төрийн албан хаагчид шат шатны сонгуульд орох эрхээ хасуулдаг.

Мөн иргэний нийгмийн байгууллагууд өөрийн тодорхой бодлого зорилтын хүрээнд олон хүнийг дагуулдаг. Гэвч иргэний нийгмийн байгууллагууд өрсөлдөх эрх нь хаалттай байдаг. Зөвхөн улс төрийн намууд нэр дэвшүүлдэг. Бидний хувьд 50:50 байвал зөв болов уу гэж ярилцсан. Эцсийн байдлаар тогтоогүй. Хуулийг хэлэлцэх үеэр үзэл бодлоо илүү тодорхой гаргана. Тойрог дээр өрсөлдсөн хүмүүсийн оноогоор жагсаалтад байгаа хүмүүс нь гардаг учраас тэр хүмүүс л гол ачааг нь үүрдэг.

-Нэгэнт сонгууль ярьсных таныг 2016 онд нэр дэвших эсэхийг мэдмээр байна?

-Улс төрд нэг орсон бол цаашаа зорилгодоо хүртэл явах л ёстой. Би нэр дэвшинэ.

-Энэ өвөлжин Ноён уулын талаар нийгэм бүхэлдээ талцлаа. Энэ тухайд танай нам ч гэсэн аль нэгэн байр суурийг баримталдаг байх?

-Энэ их баялаг, нөөц Монголчуудыг үеийн үед сайхан амьдруулахын төлөө заяагдсан. Үүнийг өөрсдөө ашиглаж, өөрсдөдөө нааж чадахгүй гадагш нь зөөгөөд байвал хэзээ ч сайхан амьдрахгүй. Энэ баялаг хамгийн түрүүнд Монгол хүний сайн сайхны төлөө зориулагдах ёстой. Үр өгөөжөө өгч байх учиртай. Ийм шалгуур тавихгүйгээр Хятадад нүүрс, төмөр хэрэгтэй гэнэ гээд зөөгөөд байж болохгүй. Үүнийг ухахын тулд чамд надад ямар ашигтай гэдгийг эхлээд тооцох ёстой.

Ноён уулын хувьд одоогоор шийдэлд хүрээгүй байна. Магадгүй, тэнд булш байж болно. Байхгүй ч байж болно. Ухаж, эсвэл ухуулахгүй байж болно. Эцсийн үр дүн юу вэ. 200 сая ам.доллар 10 жилийн дараа олно гэж байгаа. 200 сая ам.долларыг гурван сая хүнд хуваахад 70 ам.доллар. 70 ам.доллар чамд оногдохын тулд баялгаа канадуудад ухуулах шаардлага байна уу.

Нэг жилд долоон ам.доллар чамд оногдоно. Долоон ам.доллар гэдэг 14 мянган төгрөг. Сардаа хуваахад 1,100 төгрөг. Тэр ордоос чамд ердөө 1,100 төгрөг л оногдож байна. Энэ ашигтай юм уу, үүнийг л бодох ёстой. Ер нь өв соёл руугаа дайрдаг нь буруу. Нэгэнт эдийн засгийн үр ашиг гарахгүй бол Ноён уулаа дархалсан нь дээр. Ноён уулаа дархан цаазтай болговол хойч үедээ хэрэг болох юм.

-Мөн гавьяат С.Жавхлан янз бүрийн хөдөлгөөн өрнүүлж, Төрийн гурван өндөрлөгийг мэтгэлцээнд дуудах гэх мэтээр үзэл бодлоо хүчтэй илэрхийлж буй нь сүүлийн үед олны анхааралд байна. Та ч гэсэн энэ үйл явцыг ажиглаж байгаа болов уу?

-С.Жавхланг үндэсний үзэлтэй сайн залуу, сайхан дуучин гэж хүндэлж явдаг. Гэхдээ Төрийн гурван өндөрлөгтэйгөө мэтгэлцэнэ гэж дууддаг нь  болоогүй, түүхий байгаагийн илрэл. Юу мэдэж мэтгэлцэх гэж байгаа юм. Төрийн бодлого зангидаж яваа тэр хүмүүсийн  төвшин, Жавхлангийн төвшинг нэн тэргүүнд харах хэрэгтэй.

Мэтгэлцээн хийнэ гэдэг ижил төвшний хүмүүс  байж болдог. Өнөөдөр би таван настай хүүхэдтэйгээ мэтгэлцэнэ гээд суувал юу болох вэ. Хэн ялах нь ойлгомжтой. Сонгууль дөхсөн шоу, өөрийгөө сурталчлах гэсэн арга байх. Геополитик, эдийн засгаар мэтгэлцэхийн тулд тэр төвшний мэдлэгтэй байх шаардлага тулгарна.

Тэгэхгүйгээр Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа дуудахад очих ёстой юу. Тэгвэл гурван сая хүн бүгдээрээ л мэтгэлцье, уулзъя гэнэ шүү дээ. Ийм боломж байхгүй. Бүтэхгүй асуудал гэж бодож байна. Үүний оронд уулзаж, санал бодлоо солилцоно гэвэл өөр хэрэг. Үүнтэй яг адилхан аварга маань айлын ботго тэврээд, Арвин гишүүн шал хана угааж бусдад таалагдах гээд байж байдаг. Үнэхээр таалагдах гэж байгаа бол хэрэгтэй хуулиа л батал.

-Тэгвэл эх оронч  ултөрчид хэр олон байгаа бол?

-Бүгд л эх орны хүүхдүүд учраас байгаа байх. Гэхдээ эх оронч гэдэг зүйл эрэмбэ дараагаа алдсан учраас энэ үзэл нь хаана байгаа нь бүү мэд. Уг нь эх оронч хүн бол улс орныхоо эрх ашгийг бодох байх. Дараа нь нам, бүлэг, фракц, хувийнхаа эрх ашгийг аваад явах ёстой. Гэтэл манайд бүгд хувийнхаа эрх ашгийг урд нь тавьж байгаа учраас эх оронч үзэл нь тээр хойно явж байдаг.

Эхлээд өөрөө болж байх, дараа нь бүлэг фракцаа тэжээгээд, намаа ялуулах ёстой. Ингэж байвал улсын эрх ашиг хаана байх нь хамаагүй гэсэн байдлаар хандаад байна. Урвуугаараа байгаа болохоор эх оронч үзэл ямар хэмжээнд байна гэдэг нь харагдаж байна.

 

Зураг