Удахгүй болох МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН болон эдийн засаг, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар Залуу Ерөнхийлөгчдийн Байгууллагын Дэд тэргүүн, Монголын Эдийн засгийн форум зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Ц.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Энэ жилийн Эдийн засгийн форумын гол сэдэв нь “Итгэлцэл” юм байна лээ. Яагаад энэ сэдвийг сонгож ярилцахаар болов?
-Энэ жилийн сэдэв бол Итгэлцэл буюу англиар Building credibility. Энэ одоо чухал сэдэв болчихоод байгаа юм. Яагаад гэхээр эдийн засгийн хүндрэл хүмүүсийн төсөөлж байснаас илүү урт хугацаанд, илүү хүнд болох магадлалтай байна. Үүний гарц нь төдийлөн сайн харагдахгүй байна. Юунаас болов гээд харахад гадаaд, дотоод орчиндоо бизнесийн итгэлцэл, төр хувийн хэвшлийн итгэлцэл, улс төрийн нам, засгийн итгэлцэл нь байх ёстойгоосоо доогуур байна.
Эдийн засгийн форум өөрөө асуудал шийддэг байгууллага биш. Тухайн жилдээ байгаа гол, үндсэн асуудлууд буюу сэдвүүдээ төр, хувийн хэвшил, улс төрч, судлаачид, олон нийт, хэвлэл мэдээллийн төлөөллөө оролцуулж байгаад хоорондоо ярилцаж авдаг. Түүнээсээ хамаараад тухайн шийдэл гаргах хүмүүс нь өөрсдийн үйл ажиллагаандаа тусгал болгоод явдаг зарчимтай юм. Энэ жилийн хувьд итгэлцэлтэй холбоотой асуудлуудыг барьж ярилцахаар шийдсэн. Зарим хүмүүс форумаар баахан төр засаг руу дайраад байдаг энэ жил бид хамтран шийдлээ ольё гэдэг чиглэл рүү илүү түлхүү анхааръя гэж байгаа.
Итгэлцлийг хэмждэг эдийн засгийн хэмжүүр нь sovereign credit rating буюу улсын зээлжих зэрэглэл. Манай Улсын хувьд зээлжих зэрэглэлээ S&P, Fitch, Moody’s гээд гадны гурван байгууллагуудаар тогтоолгодог. Хэрвээ манай улс ААA-тай болох зорилгоо тавьчихад, зэрэглэлээ сайжруулаад байвал Монгол руу орж ирэх мөнгөн урсгал одоогийнхоос илүү хялбараар шийдэгдэж, хэмжээ нь өсөхөөс гадна өртөг буюу хүү нь буурна. Гол нь хувийн хэвшлийнхэн ч гаднаас мөнгө оруулж ирэхэд амар бөгөөд зардал багатай болно. Одоогоор манай зээлжих зэрэглэл боломжоосоо харьцангуй доогуур байна. Үүн дээрээ бид сүрхий ач холбогдол өгч, анхаарч явсангүй.
Манай зээлжих зэрэглэл боломжоосоо харьцангуй доогуур байна
Энэ болон бусад шалтгаанаас болоод энэ итгэлцэл гэдэг сэдэв их чухал байна. Улсын зэрэглэлээс хамаараад хувийн хэвшлийн зэрэглэл тогтоогдоод явдаг учир орж ирэх мөнгөн урсгалын хэмжээ, түүний өртөг зардал, бусад зүйлсэд их нөлөөлөөд байна.
-Итгэлцэл байх ёстой хэмжээнээсээ муу байгаагийн үндсэн шалтгаанууд нь юу вэ?
-Олон улсын түвшинд Монголд итгэх итгэл муу байгааг харуулах нэг үзүүлэлт нь хөрөнгө оруулсан хувьцаат компаниудын хувьцааны үнэ сүүлийн хэдэн жил тасралтгүй буугаад явчихсан. Сүүлийн үед их яригдаад байгаа Саусгоби Сэндсийн жишээгээр аваад үзэхэд бараг тэрбум доллараар хувьцааных нь тодорхой хувийг зарах тухай тухайн үедээ ярьж байсан. Одоо энэ маань 50 орчим сая долларын асуудал болчихсон. Өөрөөр хэлбэл тухайн үед хэн нэгэн хөрөнгө оруулагч нэг сая доллараар Саусгоби Рэсурс компанийн хувьцааг авчихсан байсан нь одоо 50 мянга хүртэл алдагдал хүлээсэн байна. Тийм хэмжээний мөнгө алдчихсан хүмүүс ахиж Монголтой холбоотой компани руу мөнгө оруулахад ихээхэн итгэлцэл хэрэгтэй шүү дээ.
Дотооддоо бид итгэлцэлтэй холбоотой нэлээд хэдэн юм ярьж байгаа. Ялангуяа төрийн болон корпорацийн засаглалын талаар ярьж байна. Дээрээс нь төрийн ажил тогтвортой залгамжлагдахгүй байгаа байдлын талаар ярьж байна. Улс төрийн томилгоогоор нам, эвсэл болон эвслийн төлөөллүүдийн төрийн ажлын уялдаа ямар байдаг билээ. Олон жилийн үргэлжилсэн энэ байдал нь системийн хямралд хүргэж өнөөдөр илэрч байна. Хэдэн жилийн өмнөөс томоохон төсөл хөөцөлдөөд эхэлж байсан хүмүүс сүүлийн үед улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлаас болоод олон бэрхшээлтэй тулгарч зогсонги байдалд орсон байна. Үүний үндэс нь ахиад энэ итгэлцэлтэй холбоотой.
Итгэлцэл муу байгаа нь эдийн засгийн хүндрэлийн олон шалтгаануудын томоохон нь юм
Ахиад нэг жишээ хэлэхэд хууль, хүчнийхэн бизнесийн салбарын 3,500 гаруй хүнийг шалгаад түүнээсээ хэдэн зууд нь хэрэг үүсгэсэн ч шүүхээр шийдэгдсэн хэрэг нь их бага байгаа гэнэ. Тэгэхээр тэр олон хүнийг ямар учраас шалгав. Бизнесийнхэндээ итгэхгүйгээсээ болоод төрийн шалгалтууд эхэлсэн юм уу. Аль эсвэл өөр учир шалтгаан байсан юм уу гээд бодохоор итгэлцэлтэй холбоотой засаглал талаасаа, хяналт шалгалтын талаасаа болон бусад олон юмнуудыг дотооддоо ярих хэрэгтэй нь харагдаж байна. Энэ бүгдийг энэ жилийн форум дээрээ тал талаасаа ярилцаасай гэж миний хувьд бодож байгаа.
Үүнийг сайжруулах орон зай бидэнд байна. Итгэлцэл муу байгаа нь эдийн засгийн хүндрэлийн олон шалтгаануудын томоохон нь юм гэж зарим хүмүүс, тэр тусмаа бизнесийнхэн үзэж байх шиг байна. Тэгэхээр гадаад болон дотоод олон хүчин зүйлсээсээ хамаараад ерөнхийдөө итгэлцэл маань онц муу биш ч гэлээ онц сайн биш байгаа.
-Энэ жилийн форумын зочдын талаар мэдээлэл өгөөч. Онцлох ямар хүмүүс байна. Жилд хэдэн хүн оролцдог вэ?
-Эдийн засгийн форум дээр Монголчууд бид хоорондоо тухайн жилийн онцлох сэдвээ ярьдаг. Мэдээж гадны донор байгууллагууд, бусад байгууллагуудын төлөөлөл, Элчин сайдууд жил бүр оролцдог. Зарим тохиолдолд тухайн жилийнхээ сэдвээс хамаараад олон улсад нэр хүндтэй эрдэмтэн судлаач, улс төрийнхнийг урьж оролцуулдаг. Тэр жишгээрээ энэ жил ногоон хөгжлийн талаар болон бусад хүмүүс оролцоно. Нэрс нь гараад явж байгаа болохоор яг хэдэн хүн, хэн хэн, аль хуралд оролцохыг одоохондоо хэлж мэдэхгүй байна.
-Энэ жилийн чуулганыг өнгөрсөн жил, түүний өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой гэж үзэж байгаа вэ?
-Ноднин бид хүний хөгжлийн талаар нэлээн ярьсан. Хэрэглээнд тулгуурласан, ДНБ-ийг амжилтынхаа зорилго болгосон ийм эдийн засгийн бодлогоор цааш явах юм уу аль эсвэл Монгол хүн талаасаа харах уу, эдийн засгийн өсөлтийн тоонууд маань олон нийтэд, хүмүүст ямар хүртээмжтэй байна вэ гэх зэргээр ярьсан.
Энэ жилийн онцлог гэвэл сонгуулийн өмнөх жил учир эдийн засагт тогтворгүй байдал анзаарагдчих вий, сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд, хувь хүмүүс маань өөрсдийн сонгогдох зорилгынхоо төлөө эдийн засгийнхаа эсрэг алхмууд хийчих вий гэсэн болгоомжлол хаа сайгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор оролцогчид Монгол Улсын нэгдсэн том эрхэм зорилго, алсын харааг хэлэлцээд авчихъя гэсэн хүсэлт гаргаж байна. Урьд нь хэлэлцэж байсан олон оролдлогууд байгаа. Харамсалтайгаар нэгдсэн ойлголтод хүрч, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нь одоохондоо алга байна.
Бидний хөгжлийнхөө философи нь юу юм гээд алсыг харсан том зүйлсийг хоорондоо ярилцаад нэг тохиролцоонд хүрчихвэл зүгээр байгаа юм. Зарим нэг гадаад харилцаатай холбоотой гэх мэт сэдвээр нэгэнт тохироод авчихвал хүн болгон яриад байх ёстой ч юм уу үгүй ч юм уу.
Саяхан хүртэл эдийн засаг маань ийм хүндрэлд орно гэж бодоогүй байсан. Тэгэхээр бид юмыг зуун хувь баталгаатай байдлаар авч үзэж болохгүй нь. Жишээ нь, бид нар энэ чигээрээ хөгжөөд явчихна гэж бодож байсан. Харамсалтай нь манай эдийн засгийн хөгжлийн гол салбар болох уул уурхайн гол бүтээгдэхүүнүүдийн үнэ болон бусад зүйлсээс хамаараад өөр өөр зүйлс гарч ирээд байна. Тэгэхээр том зургаар нь энэ эрсдэлүүдийг хараад эрсдэлтэйгээ уялдсан алсын хараагаа ярилцах хэрэгтэй байна. Гэхдээ асуудлаа дэвшүүлнэ гэдэг тэр дор нь шийднэ гэсэн үг биш. Тэгэхээр энэ сэдвийн зөвшилцөл урагшлахад дэм болох болов уу гэсэн хүлээлт байгаа.
-Эдийн засгийн хямрал болж байгаа гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрчихлөө. Эдийн засгийн энэ хүндрэлээс гарах арга зам нь гадаадын хөрөнгө оруулалт гэж байна. Тэгэхээр чуулган болсноор гадаадын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлэх боломж бий юу?
-Онолын тодорхойлолтоор хямрал гэхэд хэцүү байгаа юм. Тийм учраас хүндрэл гэдэг хэллэг яваад байна. Гэхдээ бодит байдал дээрээ их хүнд байгааг бизнесийн салбарынхан илүү мэдэрч байна. Энэ нь маргааш өргөс авчихсан юм шиг сайжрах дүр зураг одоохондоо харагдахгүй байгаад учир бий. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлээ даван туулахад бид улс даяараа итгэлцэлтэйгээр хөдөлж байж давахгүй бол үүнээс илүү уруудах магадлал байна. Тийм учраас бид энэ итгэлцэл гэсэн сэдвийг аваад макро эдийн засгийн байдлаа яг одоо ямар байгааг ярилцаад, богино болон урт хугацаанд анхаарах зүйлсээ хэлэлцэнэ.
Гадаад хөрөнгө оруулалтын хуулийг маш ойр ойрхон өөрчилдөг зуршилтай боллоо. Хатуу ч гэсэн тогтвортой, эрсдэлээ урт хугацаанд тооцож болдог тийм эрх зүйн орчинг гадаад хөрөнгө оруулагчид хүсдэг. 2012 оны УИХ сонгуулийн өмнөхөн “стратегийн хөрөнгө оруулалтын хууль” гарч, гол гурван салбараа хязгаарласан. Тэр бол бас нэг том нөлөө болсон. Тэрнээс өмнө хийгдсэн алхмууд, бас одоо гудамжинд яригдаж байгаа асуудлууд маань эдийн засгийн хүндрэлд нөлөөлж байна. Бид ажил хэрэгч шүүмжлэл өрнүүлэх болохоос хэн нэгэн хувь хүн эсвэл аль нэгэн байгууллага, эвсэл бүлгийг шүүмжлэхийг дэмжихгүй. Илүү урагшаа хараасай.
Хатуу ч гэсэн тогтвортой, эрсдэлээ урт хугацаанд тооцож болдог эрх зүйн орчинг гадаадын хөрөнгө оруулагчид хүсдэг
Эдийн засгийн хүндрэлээс гараад урагшлахад бидэнд валютын эх үүсвэр чухал. Одоо болтол уул уурхайгаас л валют орж ирж, гадаад хөрөнгө оруулалтыг ихээр татаж байсан. Тэгэхээр валютын орлого маань гадаад хөрөнгө оруулалт, алт, гадагш зарж байгаа бүтээгдэхүүн зэргээс бүрддэг. Монголд бол нүүрс, зэс, ноолуур зэргээс валют илүү орж ирж байгаа. Валют орж ирэхийн тулд аль ч нөхцөлд бидэнд тогтвортой байдал, итгэлцэл, зээлжих зэрэглэл зэрэг маань сайн байх ёстой. Эдгээр нь сайжирвал хөрөнгө оруулалт нэмэгдэж, бидэнд хүндрэлээс гарахад их дөхөм болно.
Мэдээж хэрэг форум болонгуут эдийн засаг маань сэргээд сайжраад явчихгүй. Гэхдээ форум шиг эдийн засгийн томоохон чуулган дээрээ бид чухал сэдвүүдээ ярихгүй бол өөр хаана ярих билээ.
-Засгийн газрын зүгээс дэмжин оролцож байгаа гэсэн. Жил бүр дэмждэг үү. Энэ жил оролцож байгаа юу?
-Ер нь жил бүр Засгийн газар байр сав болон тодорхой хөрөнгө мөнгөөр дэмждэг. Бусад санхүүжилтийг нь оролцогчдын мөнгө, спонсоруудаас бүрддэг. Дээрээс нь зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахалж байгаа. Засгийн газрын гишүүд, сайдууд ажлын хэсэгт ажиллаж байгаа. Яамдуудаас хүмүүсээ оруулж тал талаас нь дэмжиж байна. Тийм болохоор жинхэнэ утгаараа төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр явагдаж байна гэж ойлгож болно.
Эдийн засгийн форум маань өөрөө төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллагынхаа хувьд хүмүүсийг хооронд нь уулзуулж, гол сэдвүүдээ ярих орчныг бий болгож байгаа юм. Тэр нь өөрөө их чухал.
Зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахалж байгаа
Ялангуяа цаашаа яах вэ гэдэг дээр төлөөллүүдийн санал бодлыг сонсох нь Засгийн газар болон түүний байгууллагууд, холбогдох албан тушаалтнуудад хэрэгтэй байх. Тэд өөрсдөө ирээд судлаачид, олон нийт, хувийн хэвшлийн төлөөллүүд юу бодож байна, яаж мэдэрч байна гэдгийг сайн сонсоод авчихна. Магадгүй Засгийн газар, төрийн зарим салбар, чиглэлүүдэд хандсан шүүмжлэлүүд өрнөх байх. Мэдээж ажил явж байгаа үед, ажил хийж байгаа хүнд шүүмжлэл гарах нь гарцаагүй.
Тийм болохоор энэ шүүмжлэл нь хувь хүн дээр биш тодорхой бодлого чиглэсэн ажил хэрэгчээр яригдаж, гарах арга замын хувилбаруудаа хэлэлцэх боломж талаасаа байгаасай. Мөн ЗГ-ын сайдууд, дарга нар ажил, бодлогоосоо хуваалцах орон зай болно.
-Чуулганы дараа зөвлөмж гаргадаг гэсэн. Энэ зөвлөмжийн талаар тайлбарлаач?
-Чуулган дээр ярилцсан ярианууд маань протокол хэлбэрээр тухайн сонирхсон этгээдүүдэд хүргэгддэг. Оролцогчид нь өөрсдөө зөвлөмж гаргая гэвэл зөвлөмжийг нь гаргаад явдаг.
Энэ чуулган маань асуудал шийддэг газар биш учраас бүх асуудал дээрээ зөвлөмж гаргана гэж байхгүй. Зарим тохиолдолд сэдвүүдээ ярилцаад гарч байгаа нь оролцогчдодоо албан бусаар зөвлөмж болох учиртай.
-Эдийн засагч хүн талаас чинь энэ асуултыг асуумаар санагдаж байна. Манай Улс эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ямар бодлого баримталж явбал зүгээр гэж та хардаг вэ?
-Яг энэ асуудлаар бид үндсэн хуралдаан дээрээ хэлэлцэх юм. Олон эдийн засагчид, судлаачид өөр өөрсдийнхөө түлхүү судалсан, сонирхсон чиглэлээрээ үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх байх.
Миний хувьд эдийн засгийн хөгжил маань хүндээ илүү хүртээмжтэй байгаасай гэдэг чиглэлийг баримталдаг юм. Сүүлийн хорин гаран жилд нэг үе хүчтэй байсан нео-либерал буюу хэт чөлөөтэй эдийн засгийн бодлого манайд тохирохгүй санагдаж байна. Ялангуяа гадаад орчин, тэр тусмаа хоёр хөрш маань их зохицуулалт, хамгаалалттай эдийн засагтай. Ийм орчинд Монгол Улс маань арай илүү бодож, төлөвлөж явах нь зүйтэй болов уу. Жишээ нь Амартия Сен гээд Нобелийн шагналт эдийн засагчийн хүний хөгжил, чадамжтай холбоотой онол байдаг. Тэгэхээр тэр мэт онолуудыг манайд хэрэгжүүлэх талаас илүү судлаасай гэж бодож байна.
Сүүлийн үед эдийн засгаа алсыг харж төлөвлөдөг, хардаг тогтвортой ажилладаг Засгийн газрын яам, томоохон бүтэц байсангүй. Өнгөрсөн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгаад татан буугдаад ажил нь хэдэн газар хуваарилагдаад явж байна.
Цаашдаа үүнийгээ хардаг институци байвал зохимжтой юм уу гэж харж байна. Бодлого маань амьд, бодлоготой холбоотой хэрэгжүүлэлт тухайн үед өөрчлөгддөг. Яагаад гэхээр гадаад орчин маань өөрчлөгдвөл бидний харж байсан эрсдэлүүд өөрчлөгдөнө, хүн, хүчин зүйлс, нөөц, санхүүгийн байдал өөрчлөгдөнө. Тэр болгон дээр нь хараад, төлөвлөлтийг нь хийгээд стратегийг нь боловсруулаад сууж байх институци байх ёстой юм биш үү. Одоохондоо, миний ойлгож байгаагаар Ерөнхий сайд өөрөө энэ асуудлыг хажуудаа аваад явж байгаа учраас зайлшгүй яам байх шаардлагагүй гэж хандсан байх.
Дээрээс нь иймэрхүү бодлогын шинжтэй зүйлс дээрээ бодлого судалгааны байгууллагуудыг дэмжиж, төрийн зарим нэгэн үүргүүдийг тэдэнд зоригтой шилжүүлэх цаг болжээ. Зоригтой шилжүүлнэ гэдэг нь мөнгө санхүүгээр нь дэмжиж, зөвлөгөөгөө авдаг болох хэрэгтэй байна. Бидний харьцуулж хардаг БНСУ, Сингапур, Израиль, Катарыг хараад байхад бодлого судалгааны байгууллагуудаа санхүү мөнгө болон бусад хэлбэрээр их дэмждэг. Ингэснээрээ энэ нь бүхэл бүтэн бодлого, стратеги боловсруулдаг систем бий болгодог. Ингэж яваасай гэж бодож байна.
-Тэр институцид ажиллах хүний нөөцийн хувьд Монгол хэр бэлтгэгдсэн байдаг бол. Монголын судалгааны байгууллагууд эдийн засгийн төлөвөө хэр сайн тодорхойлж чаддаг вэ?
-Монголчууд маань чадна. Тэр тал дээр эргэлзэхгүй байна. Гадаадад томоохон судалгаа, шинжилгээний байгууллагад ажиллаж байгаад ирсэн хүмүүс байна. Өөрөөр хэлбэл дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалыг нь сурчихсан, тэр чиглэлээр нь ажиллаж байсан хүмүүс.
Бас нэг томоохон боловсон хүчний нөөц буюу төрийн өндөр алба хашиж байгаа, мэргэшсэн хүмүүс маань 50-60 хүрээд залуугаараа тэтгэвэрт гарах байдлууд ажиглагдаж байна. Тэд олон жил төрийн ажил хийгээд явж байхдаа өөрсдийнхөө сонирхож байсан чиглэлээр их судалгаа хийсэн байдаг. Тэр хүмүүс маань иймэрхүү бодлого судалгааны институциуд байгуулагдвал, ийшээ ороход өмнөх хийж байсан ажлаасаа илүү эрх чөлөөтэй, юманд баригдахгүйгээр ажиллах боломжтой. Дээрээс нь одоо ажиллаж байгаа хэдхэн сайн байгууллагууд байна. Үүнийгээ дэмжих бодлого систем нь бий болчиход боловсон хүчин тал дээрээ бүрэн боломжтой.
-Бизнес эрхлэгчдэд гадаад хүчин зүйлээс шалтгаалсан ямар ямар хүндрэлүүд байна вэ?
-Бизнесийн гадаад орчны хүчин зүйлс нь Монгол Улсын эдийн засаг болон олон улсын байдалтай холбоотой. Энэ дотроос олныг нэрлэж болох боловч төвлөрөөд яривал хэдэн цөөхөн юмнууд байгаа юм. Тэрний нэг нь төгрөгийн ханш. Мөн улс төрийн орчинтой холбоотой тогтворгүй байдал, засаглалтай холбоотой гэх мэт зүйлс бий. Хууль эрх зүйн орчин маань бас илүү бизнест таатай, бизнесийг ойлгодог болох зайлшгүй шаардлага байна. Жишээ нь Саусгоби Сэндсийн хэргээс харвал хүмүүс татвараас болж шоронд орж байна. Хандивт НӨТ татвар ногддогийг одоо хүртэл хууль дээрээ тодорхой заасан гэж би мэдэхгүй л байсан юм. Хэд хэдэн хүмүүсээс асуухад мөн л тодорхойгүй. Ийм тодорхойгүй юмнаас болоод гэмгүй хүмүүс хуулийн асуудалд орооцолдох магадлал байна.
Хууль эрх зүйн орчин маань бас илүү бизнест таатай, бизнесийг ойлгодог болох зайлшгүй шаардлага байна
Монгол Улсад хүнлэг, энэрэнгүй, ардчилсан, хувийн хэвшил давамгайлсан нийгмийг хөгжүүлнэ гэж бодож байгаа бол хувь хүний хөрөнгө, халдашгүй байдлыг маш сайн хамгаалж өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол их эрсдэлтэй гэдгийг хэд хэдэн тохиолдлууд харуулчихлаа л даа. Түрүүний ярьж байсан шалгалтууд гэдэг дээр нэг гэхээсээ илүү хэд хэдэн байгууллагуудыг нэрлэж болно. МХГ, Татвар, Гаалийнхан гээд цогцоороо. Сүүлд байгуулагдсан АТГ гэдэг байгууллага хүртэл байна. Эдний ажилчид төрийн өмнөөс ажлаа хийх ёстой ч тэдний ажил нь хувийн хэвшил, нийт эдийн засагтаа ямар түвшинд нөлөөлж байгааг ахиж нэг сайн харахгүй бол эрсдэлүүд гарч ирж байна. Үүнээс үүдээд бизнесийнхэн болон зарим холбогдох байгууллагуудын итгэлцэл суларч байгаа.
Үндсэндээ ийм хэд хэдэн зүйлс бизнест сорилт болж, хэвийн ажиллагааг нь удаашруулж байгаа гэж би хувьдаа боддог.
-Жил болгон Монголын эдийн засгийн чуулганыг зохион байгуулдаг. Үүнээс гарах үр дүнг хэрхэн хардаг юм бэ?
-Тухайн жилийнхээ асуудлуудаас хамгийн голыг нь сэдэв болгон дэвшүүлдэг. Энэ нь өөрөө ач холбогдолтой. Мөн энэ сэдвүүдээр хэлэлцүүлэг хийж, тухайн сэдвүүдтэй холбоо хамааралтай хүмүүсийг оролцуулдаг, хооронд нь уулзуулдаг. Энэ нь бас ач холбогдолтой юм.
Ахин хэлэхэд форум маань асуудал шийддэг газар биш. Тухайн жилд тал бүрээс хүмүүс ярилцаж, энэ жил ярилцах ёстой сэдвээ гаргаж ирж, сэдэвтэй холбоотой хүмүүсээ оролцуулдаг. Бусад хүмүүс нь сонирхлоороо оролцооны мөнгөө төлөөд оролцдог. Нөгөө талаасаа Засгийн газар, төрийн төлөөлөл маань сууж байдаг. Хэвлэл мэдээлэл болон бусдынхаа өмнө нээлттэйгээр ярилцаж, шийдвэр гаргагчид маань сэдвээс авсан мэдээллээ өөрсдийнхөө ажилд тусгадаг гэдгээрээ том ач холбогдолтой.
Тэгэхээр бүгдээрээ хамтдаа Монгол Улсад тулгамдаад буй итгэлцлээ улам сайжруулъя. Итгэлцэл маань хамгийн муу цэг дээрээ оччихсон байгаа гэж би бодохгүй байгаа. Гэхдээ үүнээс илүү сайжруулахгүй бол муу үр дагаврууд гарсаар байх болов уу гэсэн бодол байна.
Хамтдаа ярилцсаны дараа шийдвэр гаргагчид болон бүгдээрээ нэгийг тунгаана биз ээ.
ЯРИЛЦСАН: @Byambasuren_b
ЯРИЛЦЛАГЫН ЗОЧИН: @Erdenebat_Ts
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!