Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Түвшин, Э.Лхагва нарын санал болгож буй СЭТГҮҮЛ ЗҮЙН талаарх шилдэг 10 кино

Ч.Болортуяа
2015 оны 2 сарын 22
iKon.MN

Сэтгүүл зүй гэдэг нийгмийнхээ хир буртгийг сануулж, үнэнийг эрэлхийлэх үүрэгтэй тул кино, жүжгийн гол сэдэв болох нь олонтаа. Нөгөө талаараа киногоор дамжуулан сэтгүүл зүйн ач холбогдол, сэтгүүлчдийн үүрдэг эрсдлийг нийгэмд таниулах нь түгээмэл тул бараг энэ чиглэлийн кинонуудыг тусгай нэг жанр ч болгочихмоор. Юутай ч кинонд ч, сэтгүүл зүйд ч хорхойтой Г.Түвшин , Э.Лхагва хоёр доор сэтгүүл зүйн талаар хийгдсэн шилдэг 10 киноны жагсаалтыг өөрсдийнхөөрөө тодорхойлон та бүхэнтэй хуваалцаж байна.


Жагсаалтад аль болох сэтгүүл зүйн өндөр шалгуур, ёс зүй, түүнийг нь дагалддаг хүндэтгэл, хариуцлагыг харуулсан кинонуудыг сонгож авахыг урьтал болголоо. Монголын сэтгүүл зүй өөрийгөө шинэчилж, ёс зүйг эрхэмлэдэг болох гэж оролдож байгаа энэ үед эдгээр кинонуудыг үзэж, дор бүрнээ хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал болов уу. Мөн Оскар ч хаяанд ирж, дэлхий нийтээрээ кино урлагаар амьсгалж буй энэ цаг мөчид уг жагсаалт сонирхолтой байна байх аа гэж найдаж байна.

Жич: Тухайн киноны трейллерийг үзэхийг хүсвэл киноны нэр дээр дарна уу 

 

1. "Good Night, and Good Luck"

Эдуард Мурроу бол 20-р зууны телевизийн сэтгүүл зүйн алтан хэмжүүр. Түүний асуудлыг ямар ч улс төрийн үр нөлөөнөөс айлгүйгээр ултай суурьтай сурвалжилж, зоригтойгоор сөрөн зогсож чаддаг зан чанар нь өдгөө Америкчуудын бахархал болсон.

Түүнчлэн түүний нарийн ярвигтай том сэдвүүдээс түвэгшээлгүй үзэгчиддээ чин сэтгэлээсээ хандан ярилцдаг чадвар нь агуу байсан юм. “Сайхан амраарай, амжилт хүсье” кинонд Америкийн нийгмийг хардлага сэрдлэгээрээ айдас хүйдэст автуулж байсан сенатч Жосэф МакКартигийн эсрэг Мурроу хэрхэн зоригтойгоор тэмцэж, өөрийнх нь CBS телевизийн редакци болон улс төрчдөөс ирэх дарамт шахалтыг сөрөн зогсож үнэнийг өгүүлж чадаж буй тухай нь гарна.

Good Night, and Good Luck

 

2. "All the President's Men"

Боб Вүүдвард, Карл Бэрнстийн хэмээх хоёр сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоны авлига, гэмт хэргийг хэрхэн цуцашгүй хайгуул, мэргэжлийн ур чадвараараа илчилж, бүр огцруулж байсан бодит түүх дээр энэхүү киног үндэслэсэн юм. Хэвлэн нийтлэх эрх чөлөө, эрэн сурвалжлах сэтгүүл зүй нийгэмд ямар чухал үүрэгтэй талаар харуулсан уг кино Баруунд сэтгүүл зүйн оюутан бүрийн хичээлийнх нь хөтөлбөрт багтсан байдаг. Бичгийн машины дууг нь сумны тэсрэх чимээгээр орлуулсан гэх уг бүтээл бидэнд сэтгүүл зүй гэдэг ямар өндөр стандарттай, хариуцлагатай байдаг гэдгийг сануулах нь дамжиггүй.

All The President's Men

 

3. "Welcome to Sarajevo"

Магадгүй энэ кино найруулагч Майкл Винтэрботтомын хамгийн мундаг бүтээл нь байх. Югославын дайн, тэр дундаа Сараевогийн бүслэлтийг сурвалжилж буй телевизийн багийн тухай гарах уг кино бага зэрэг хэтрүүлэгтэй боловч дайн мөргөлдөөнийг сурвалжлахад мэргэжлийн, ёс зүйн ямар бэрхшээлүүд учирдаг талаар гайхамшигтайгаар өгүүлнэ.

Welcome to Sarajevo

 

4. "The Killing Fields"

Пол Потын турхирсан Улаан Кхмерүүд Камбожийг хэрхэн сүйдэлж байгааг сурвалжилж буй The New York Times сонингийн хоёр сурвалжлагчийн бодит түүх энэхүү кинон дээр гарна. Уг хоёр сурвалжлагчийн нэг нь алдарт сэтгүүлч Сидни Шанбэрг бол нөгөө нь домогт зурагчин Дит Пран байсан юм. Праны хувьд Шанбэргтэй хамт Камбожоос зугтаж чадаагүй бөгөөд бүхэл бүтэн дөрвөн жилийн турш албадан хөдөлмөр эрхэлж өлсөж үхэхийн даваан дээр Тайландын хилээр дүрвэн гарч Америкт ирсэн байдаг. Сэтгүүлч хүн гэдэг хэдий үнэнийг хөндлөнгөөс ажиглан мэдээлэх ёстой ч хувь хүнийхээ зүгээс ямар их эрсдэл үүрч, эр зориг гаргадаг гэдгийг бидэнд энэхүү кино таниулна.

The Killing Fields

 

5. "Manufacturing Consent"

Алдарт хэл судлаач, улс төрийн тэмцэгч Ноам Хомскийгийн номоор хийсэн “Зөвшөөрлийн үйлдвэрлэхүй” хэмээх баримтат кино орчин үеийн Барууны сэтгүүл зүй хэрхэн ашгийг урьтал болгон элитүүдийн бодлогыг дэмжих эрсдэлтэй байдаг талаар маш нямбайгаар харуулна. Сэтгүүл зүйн эерэг талуудыг магтсан бүтээлүүдийг энэхүү баримтат киногоор даруулан үзвэл нэлээд цэгцтэй мэдлэгтэй болно байх аа.

Manufacting Consent

 

6. "The Wire: Season 5"

The Wire бол телевизийн түүхэнд гарсан хамгийн мундаг олон ангит кино гэж тооцогддог. АНУ-ын Балтимор хотын нийгмийн инстүүцүүд хэрхэн ажилладаг талаарх “Дайн ба энх”-ийн дайтай уг бүтээлийн 5 дугаар бүлэгт орон нутгийн алдарт The Baltimore Sun сонин хэрхэн мэдээгээ бэлтгэж, интернэтийн давалгааг сөрж байгаа талаар өгүүлнэ. Нэг талаараа уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиг орлого, хурдыг голчилдог орчин үеийн сэтгүүл зүйгээс юугаараа илүүг, нөгөө талаараа сэтгүүл зүй гэдэг ултай суурьтай мэдээллийн оронд сенсацийн араас хөөцөлддөг сул талтайг харуулсан энэхүү олон ангит киноны болвол бүх бүлгийг нь зав гарган үзээрэй.

The Wire: Season 5

 

7. BBC Documentary: "On the Frontline"

BBC-гийн Ойрхи Дорнодын талаарх мэдээ бүрээр бидэнтэй мэндчилдэг Жэрэми Бөүэний “Галын цэг дээр” хэмээх 2005 оны баримтат кинондоо дайн мөргөлдөөний сурвалжлага гэж чухам ямар эрсдэлтэй, ямар чухал ажил байдаг байдаг талаар өгүүлнэ.

Исгэрэх сумыг камертайгаа сөрөн гүйх сэтгүүлчдийг бид бишрэхээс өөр аргагүй.

 

8. "The Newsroom"

“Мэдээний өрөө” бол орчин үеийн телевизийн мэдээний өрөөний уур амьсгалыг энгийн үзэгчид хүргэхийг зорьсон драма жанрын телевизийн олон ангит кино юм. Хэдийгээр уг олон ангит кино нь Аарон Соркины бусад бүтээлүүдэдтэй нь харьцуулахад сул болсон ч (түүний хамгийн сайн бүтээл нь алдарт The West Wing) дэлхийн түвшинд жирийн нэгэн мэдээний ард ямархуу том баг ажиллан, хэрхэн ёс зүй, мэргэжлийн шийдвэрүүдээ гаргадаг вэ гэдгийг маш тод томруунаар харуулна.

The Newsroom

 

9. "Shattered Glass"

Арван зургаан жилийн өмнө алдарт The New Republic сэтгүүлийг бараг буулгахаа дөхсөн Стивэн Гласс гэгч сэтгүүлчийн дуулиант хэргийн талаарх кино. Тэрээр уг сэтгүүлд гурван жил ажиллахдаа нийтлэлүүдээ баримт дээр бус харин өөрийнхөө уран зөгнөл дээр тулгуурлаж бичсэн аж. Хариуцлага алдсанаас энэ сэтгүүлч уг үйлдлээсээ болж өдгөө 16 жилийн дараа хүртэл сэтгүүлчээрээ ажиллах нь битгий хэл өөр ажил ч хийхэд бэрхшээлтэй байгаа явдал нь сэтгүүл зүйн ёс зүйг нийгэмд маш чухлаар авч үзэх ёстойг харуулна байх аа.

Shattered Glass

 

10. "Page One: Inside the New York Times"

The New York Times бол маргаангүй сэтгүүл зүй, хүн төрөлхтөний мэдэх эрхийн ноён нуруу. The New York Times нийгмийн эффект гэж үг хүртэл байдаг гэж байгаа. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох сонингийн бизнес хэрхэн чардайж байгаа талаар мөн хэвлэл мэдээллийн бизнесийг хамгийн сайн тайлбарлан бичдэг Дэвид Карр энэ баримтат киноны гол дүрд гардаг. Дашрамд дурдахад Дэвид Карр ердөө саяхан цаг бусаар өөд болж сэтгүүл зүйд хайртай олон мянган хүн түүнийг дурсан санаж байгаа билээ.

Page One: Inside the New York Times

 

Бонус:

Kill the Messenger

Эрэн сурвалжлах сэтгүүлч Gary Webb-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн тус кинонд CIA хэрхэн Никарагуа улсын хар тамхины орлогоор иргэний дайн санхүүжүүлсэн талаар сэтгүүлч 3 цуврал нийтлэл хийсэн талаар гарна. Хар тамхинд орсон олон мянган иргэдийн бухимдлыг төрүүлсэн тус нийтлэлээс болж тагнуулын байгууллага болон америкийн засгийн газар хэрхэн асуудлыг өөрсдөөсөө холдуулж сэтгүүлч рүү буюу хувь хүн рүү чиглэсэн дайралт хийж буй талаар тус киноноос үзэж болно.

Kill the Messenger

 

Frost/ Nixon

Телевизийн шууд ярилцлагад оролцож буй ямар ч том албан тушаалтан тухайн сэтгүүлчийн, болон редакцийн дүрмээр тоглох шаардлага гардаг. Том даргын эрх мэдэл сэтгүүлчийнхээс давдаггүй гэсэн үг. Америкийн ерөнхийлөгч Ричард Никсон алдарт Watergate дуулианы дараахан английн телевизийн хөтлөгч Дэйвид Фросттой хийсэн ярилцлагийн үеэр өөрийнхөө хийсэн буруу үйлдлийг зөвтгөх гэж оролдоод буюу "Ерөнхийлөгч хүн хууль зөрчиж болно гэж үү?" гэсэн асуултад "Ерөнхийлөгч өөрөө үйлдсэн бол хууль бус биш юм" гэж хэлээд улс төрийн карьераа дуусгаж байсан талаар үйл явдал өрнөнө.

Frost/ Nixon

 

Nightcrawler

Үзэгчдийн рэйтингийн хойноос хөөцөлдсөн телевизийн мэдээнүүд юуг үзүүлэх, юуг үзүүлэхгүй байх вэ? гэдэг жанжин шугамаа алдаж буй талаар энэ кинонд гардаг.

Гэмт хэргийн зураг авч түүнийгээ борлуулдаг шөнийн зураглаачид ажиглагч биш гол дүрд орж эхлэх ба энэ үйл явдал олон хүний аминд хүрнэ. "When it bleeds, it leads" буюу цус асгарсан газарт мэдээ бий гэдэг үгийг энэ кино өөр түвшинд аваачна.

Nightcrawler

 

Fifth Estate

Julian Assange гэмт хэрэгтэн үү? сэтгүүлч үү? Викилийкс сайт хэвлэл мэдээллийн байгууллага уу? энэ кино эдгээр асуултуудын хариултыг олоход туслана. Дэлхий нийтийг цочроосон олон мянган авилгал, тагнуул, дайны гэмт хэргийг илчилсэн тус сайтын болон Julian Assange-ийн амьдралын талаар өгүүлсэн тус киноноос магадгүй нэрээ нуугаад бүхнийг илчилж болдог индэр байвал нийгмийн 5 дахь засаглал гэж хэлж болохоор мэт.

Fifth Estate

 

 Г.Түвшин

Э.Лхагва