Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэл мэдээллийн ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ байгуулагдлаа

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Олон жилийн турш яригдаж, биеллээ олж чадахгүй байсан Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг үүсгэн байгуулах чуулган өнөөдөр боллоо. 

Монголын Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллагыг аливаа ашиг сонирхлоос ангид, олон улсын жишгийн дагуу мэргэжлийн түвшинд байгуулахаар сэтгүүлч, ажил олгогч, судлаач, эвсэл холбоо болон төрийн бус байгууллага санал нэгдэн сүүлийн нэг жилийн туршид идэвхтэй ажилласан юм. 

Өнөөдрийн чуулганаар "Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн Зөвлөл" НҮТББ- ийг байгуулах, түүний дүрмийн төслийг танилцуулж, чуулганд оролцогчдын саналыг тусгаж олонхын саналаар дүрмийн төслийг баталлаа. 

"Засгийн газрын мэдээ" сонины Ерөнхий эрхлэгч С.Батбаатар Монголын Хэвлэл мэдээллийн салбарт түүхэн үйл явдал тохиож буйг онцолсон бол МХЧБФ-ын тэргүүн У.Тамир энэхүү зөвлөл байгуулагдсанаар сэтгүүлчдийг шүүхийн хаалга татахаас сэргийлэх, олон нийтийн мэдэх эрхийг хангах, сэтгүүлчдийн ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг тэмдэглэв. 

Зөвхөн 1999 - 2011 оны хооронд ХМХ, сэтгүүлчийн эсрэг 297 иргэний, 16 эрүүгийн хэрэг шүүхээр орж байсан байна. 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь:

  • хэвлэлийн эрх чөлөө,
  • хэвлэл мэдээллийн нэр хүнд,
  • сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах,
  • чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилгоор сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах чиг үүрэгтэй Монгол Улсын хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага байх юм.

Хэвлэл мэдээллийн зөвлөлд хэвлэмэл (сонин, сэтгүүл), өргөн нэвтрүүлэг (телевиз, радио), цахим сайт, мэргэжлийн байгууллагууд, сэтгүүл зүйн их, дээд сургуулийн төлөөлөл багтах бөгөөд тэдгээрээс эзэд/ажил олгогч, сэтгүүлч, мэргэжлийн бүлгийн төлөөллийг хангаж байгуулахад онцгойлон анхаарсан юм.  

Өнөөдрийн үүсгэн байгуулах чуулганы өмнө дээр дурдсан таван салбар тус бүр хуралдаж Хэвлэлийн Зөвлөлд ажиллах Удирдах зөвлөлийн болон Ёс зүйн зөвлөлийн гишүүдийг сонгосныг  үүсгэн байгуулах чуулганаар ийнхүү баталгаажууллаа. 

Монголын Хэвлэлийн Зөвлөлийн Удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй, Ёс зүйн зөвлөл нь хоёр хороо бүхий 30 гишүүнтэй байна.  

Өнөөдрийн чуулганаар Хэвлэлийн зөвлөлийн:

  • Удирдах зөвлөлийн даргаар Монгол ТВ-ийн Гүйцэтгэх захирал Ч.Номин, 
  • Ёс зүйн зөвлөлийн Хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээллийн ёс зүйн хороон даргаар "Өдрийн сонин" -ы хуулийн зөвлөх, "Нийслэл таймс" сонины ТУЗ-ийн дарга  Ш.Сүхбаатар, 
  • Ёс зүйн зөвлөлийн Өргөн нэвтрүүлгийн салбарын ёс зүйн хороон даргаар МУБИС-ийн доктор, профессор Ж.Батбаатар нар сонгогдлоо. 
 
Зөвлөл нь дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • 1. Монголын сэтгүүлчийн ёс зүйн дүрмийг батлах, уг дүрмийг байнга сайжруулж, боловсронгуй болгох
  • 2. Хороодын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох “Гомдол барагдуулах журам”-ыг батлах, хэрэгжилтийг хангуулах
  • 3. Монгол Улсад бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчээс түгээсэн аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг, сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой иргэдээс гаргасан гомдлыг хурлаараа хэлэлцэж, дүгнэлт гаргах зэрэг үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.