2010 онд батлагдсан “урт нэртэй” хууль, 2012 онд батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулиудаас үүдэн гадны хөрөнгө оруулагчид манай улсаас дайжсан гэж үздэг.
Өмнөх Засгийн газар хөрөнгө оруулалтыг эргүүлэн татахаар ажиллаж “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг батлуулан, эдийн засгийн өсөлтийг хангах арга хэмжээ удаа дараа авсан ч 2014 оны хавраас үүдсэн улс төрийн тодорхойгүй байдал, 10-р сарын эхээр засгийн газраа огцруулсан тогтворгүй нөхцөл байдал нь гадны төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдыг ч ажиглалтын байдал руу шилжүүлсэн.
Монгол Улс бол тогтвортой хөгжих боломжтой, байгалийн асар их нөөцтэйгөөс гадна “далайд гарцгүй” гэх сул талаасаа ч илүүтэй стратегийн чухал байршилтай орон юм.
Их Монгол улс цагтаа алдарт “Торгоны зам”, “Цайны зам”-ыг хянаж, Европ, алс дорнодоос ирэх, мөн Дорноос өрнийг зорих худалдааны их урсгалыг хөгжүүлэн, худалдаачдад нь баталгаа гаргаж байсан түүхтэй.
Манай улсын хувьд төв Азийн цээжинд орших газар зүйн байршлаараа ОХУ болон БНХАУ-ын хувьд ч, Европ-Азийг холбох хамгийн товч зам байх боломжийн хувьд ч хоёр хөршийн төдийгүй, бүс нутгийн хэмжээнд анхаарлын төвд байна. Тиймдээ ч өнгөрсөн зун айлчилсан хөрш орнуудын төрийн тэргүүн нарын айлчлалаар Ази-Европыг холбосон 5 шугам буюу “Талын зам” төслийн талаар манай улстай яриа хэлцэл эхэлсэн юм.
2014 оны 5-р сарын 24-ны өдөр Шанхайн хамтын ажиллагааны орнуудын уулзалтын үеэр ОХУ болон БНХАУ 2018 оноос эхлэн 30 жилийн турш байгалийн хий худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг холбосон авто зам, төмөр зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугамыг онцлох “5 шугам” хэмээн нийтэд нь “Талын зам” хэмээн нэрийдэж буй.
ОХУ-ын байгалийн хийн ордуудаас Оросын нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэхийн тулд 4000 км хийн хоолой барьж байгуулах шаардлагатай.
Харин Монголын нутгаар дамжуулан тээвэрлэхэд ердөө 1500 км хийн хоолой байгуулж, тэр чинээгээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэсэн тооцоо байна.
Нийтдээ 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий энэ томоохон гэрээнд Монгол Улс дамжуулагчаар оролцвол ашиг орлогын олон үүд хаалга нээгдэнэ.
Цаашилбал, нүүрсний хамгийн их нөөцтэй манай улс хар алтнаасаа газ, эрчим хүч үйлдвэрлэн энэ шугамыг ашиглан экспортлох ч боломжтой юм.
Харин “Талын зам” төслийн авто замын хувьд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам төсөл дээр Манай улсын Засгийн газар Чингис Лэнд Девелопмент Групптэй 2014 оны 3-р сарын 9-нд концессын гэрээ байгуулж, ирэх оны 5-р сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тохирчээ.
Уг бүтээн байгуулалт бий болсноор ОХУ болон БНХАУ-ыг холбосон алс дорнодоор тойрдог авто замаас 3000 гаруй км дөт байх бөгөөд Монгол улсын хувьд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой төсөл байх юм.
Нийтдээ 12 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн санхүүжилтийг Чингис Лэнд Девелопмент групп олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас босгон барьж 30 жилийн дараа Монгол улсад хүлээлгэн өгнө. Энэхүү хурдны авто зам төсөл нь түүнийг дагаад баригдах худалдаа, ложистикийн томоохон төвүүд, аялал жуулчлалын олон улсын чанартай баазууд, банк санхүү, зочлох үйлчилгээ бүхий дагавар хотуудыг бий болгох тив улсуудыг холбосон ультра-мега төсөл юм байна. Энэ төсөл хэрэгжсэнээр манай улс Евро азийн “Business Hub” болох нь дамжиггүй.
Төмөр замын хувьд манай улс 1953 онд баригдаж эхэлсэн 1 урсгалтай, даац багатай төмөр замаар хоёр хөршийг холбодог. Энэ замаар Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл ачааг дунджаар 5-8 хоног тээвэрлэж буй нь хэт удаанд тооцогдож, энэ замыг хос төмөр зам болгох, улмаар хурдны галт тэрэгний зам барих асуудлууд яригдаж байна.
Манай улс өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед эдгээр томоохон төслүүдийг төр дангаараа санхүүжүүлэх боломжгүй тул үндэсний болон олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах шийдэлд хүрч, одоогийн байдлаар дотоодын групп, компаниуд ОХУ болон Европ, азийн хэд хэдэн корпорациуд талын зам төсөл дээр тооцоо судалгааны ажлаа эхлүүлээд байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!