Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дондогдулам хатан мэндэлсний 140 жилийн ой өнөөдөр тохиож байна

ikon.mn
2014 оны 11 сарын 6
iKon.MN

Өнөөдөр Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Эрх Цагаан дара Дондогдуламын мэндэлсэний 140 жилийн ой тохиож байна. Тэртээ 1874 он буюу намрын адаг сарын 15-ны өдөр Халхын Хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хошууны нутагт Цэндийн гэр бүлд нэгэн охин мэндэлсэн нь хожмын Монгол Улсын төрийн хатан болох хувь ерөөлтэй байжээ.

Тус өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, түүхч О.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс, музейн албан хаагчид өнөөдөр Дондогдулам хатны сэнтийд хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан хэлэхдээ цаашид энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Дондогдулам хатны алдар гавьяаг нийтэд сурталчлах, мөнхжүүлэх үйлсийг илүү өргөн хүрээтэй зохион байгуулж, нийгэмд хандсан үйл ажиллагааг зохион байгуулах болно гэдгээ илэрхийлсэн юм. 



​Цэндийн Дондогдулам нь Хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хатны шадар албат, аягач явсан бөгөөд 1896 онд VIII Богдыг Амарбаясгалант хийдэд заларч, Өндөр гэгээний тугдам шарилд мөргөл үйлдэхээр явахад анх учирсан хэмээдэг. Энэ бүсгүй зургаан мэдэрхүй төгс, эрдэм чадал өндөр, ёслол журамтай хийгээд далдийн мэдэл гүнзгийн учир “увшинз” сахил хүртээж VIII Богд түүнийг өөрийн шадар болгосон хэмээдэг.

1902 онд Богдоос Ачлалт ялгуусан дагина, эрх цагаан дара цол өргөмжилсөн бөгөөд мөн ондБээжингийн Монгол журганаас Эрдэнэ сэцэн цол шагнаж, тэмдэгт бичиг олгон хадгалуулжээ. 1903 он буюу XV жарны харагчин туулай жил Их хүрээний 30 аймгийн нэг болох Эх дагины аймгийг Дондогдуламд зориулан үүсгэн байгуулсан юм.

1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж VIII Богдыг хаан өргөмжлөн Дондогдуламыг хатан хааны сэнтийд залсан түүхтэй. Тухайн үед жил бүрийн намрын адаг сарын шинийн 15-нд сүм хийдүүд эх дагины мэндэлсэн өдөрт зориулан хурал хурал ном хурдаг уламжлалтай байжээ. 

Эх дагина торгонд хөлбөрч, тосонд умбасан хатан дээдсийн хуурмаг ямбанд автсан хүн биш байлаа. Моринд эрэмгий, мэргэн буудагч, оёдол үйлэнд уран, шашин номд ачлалтай жирийн монгол эмэгтэй хүн шиг, сайн эхнэр шиг амьдарч байсан юм хэмээн судлаачдын дүгнэсэн нь бий.

Дондогдулам хатан бол боловсролтой ухаантай эмэгтэй байсны хувьд монгол эмэгтэй хүний нэгэн сайхан дүр төдийгүй Богд хааны туйлын дотно шадар, үнэнч зөвлөх, түшиг тулгуур нь болж байжээ. Мөн тухайн үед Богд хааных маш олон хүүхэд өргөж авч, асарч тэжээдэг байсан нь Монгол хатдын эртнээс улбаатай өнчид, нялхсыг тэтгэн асрах буянт үйлийг үргэлжүүлж байсны илрэл болно.

Түүнчлэн Эх дагина монголын шашны түүхэнд нэрээ дуурсгасан томоохон зүтгэлтэн болохоос гадна шашин болон нийгмийн хүрээнд эмэгтэй хүний байр суурийгдээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан.

Тэрээр 120 гаруй урлаачдыг нэгтгэсэн Сангай аймаг хэмээхийг удирдаж монголчуудын түүхийн нэгэн цаг үеийн хосгүй нандин урлаг, эд өлгийн соёлыг бүтээлцсэн хүн юм.

Өдгөө түүний удирдаж байсан урчуудын бүтээсэн зарим өв Богд хааны ордон музейд хадгалагдан үлдэж хойч үе, дотоод гадаадын олон мянган хүний мэлмийг баясгасаар байна.

Энэ хатан эрдэнэ болсон их хүмүүний зам мөр болоод үйл хэрэг нь арван зүгтээ дэлгэрч тухайн үеийн нийгмийн нэгэн томоохон төлөөлөл болж байлаа. “Эзний нүүрээр ирж, эзэгтэйн нүүрээр буцдаг” гэгчээр Монголд ирсэн жуулчид ч энэ хүнийг ам булаалдан магтсан байдаг нь ийм учиртай.

1923 оны нэгдүгээр сарын 13-наас 14-ний тахиа цагт ертөнцөөс халин, ихээхэн уй гашуу, ёс төртэйгөөр шарилыг нь хайлуулж, одоогийн Улаанбаатар хотын хойно орших Шарга Морьтын амны хойд энгэрт оршуулжээ.

Хатны шарилыг тээж хүргэсэн 9 шарга морийг тэнд нь сэтэрлэн тавьснаар тэр амыг Шарга морьт хэмээн нэрийдэх болсон ажгуу.  Энэ үйл явдлын талаар Зөвлөлтийн Сибирьт суугаа Германы консулаас Гадаад явдлын яамандаа явуулсан бичигт: “ухаантай, арга зальтай энэ хатагтай ертөнцийн мөнх бусыг үзсэнээр Богдын ар талын нөлөө эрс багассан” хэмээн тэмдэглэжээ.

Энэ бол Эх дагинын талаар ойрынхон төдийгүй холынхон зэгсэн эерэг сайн үнэлгээтэй байсныг илтгэж байна.

Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш