Монгол Улс архидан согтуурах явдалтай олон янзын аргаар, багагүй хугацаанд тэмцэж үзсэн ч төдийлөн үр дүн гарахгүй байгаа билээ.
Тиймээс ЭМЯ архидан согтуурахтай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргах, архины тухай ойлголтыг үндсээр нь өөрчлөх шинэ хууль, хөтөлбөрийг 2013 оноос боловсруулж эхэлжээ.
Тодруулбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн Архины хяналтын тухай хууль, халдварт бус өвчинтэй тэмцэх гэх мэт хөтөлбөрүүдэд хавсарга болж явдаг байсан архидалтын асуудлыг бие даасан “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр” болгон боловсруулж байгаа юм.
ЭМЯ энэхүү төсөлдөө аймаг орон нутгийн төлөөллүүдийн саналыг тусгах, төслийн талаарх мэдээллийг салбар, төлөөлөлд танилцуулж, саналыг нь аван хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгох зорилгоор цуврал хэлэлцүүлгийг орон даяар ээлж дараатай зохион байгуулж байгаагийн нэг нь өнгөрсөн сарын сүүлээр Дорнод аймгийн Чойбалсан хотод явагдсан юм.
Аймгуудыг архины хэрэглээгээр нь жагсаахад Дорнод, Өмнөговь зэрэг хилийн боомт олонтой аймгууд эхний байруудад жагсчээ.
Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Энхтуяа, Боддогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Бямбатогтох, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Г.Цэцэгдарь, Дорнод аймгийн ЭМГ-ын дарга Х.Хулан, Дорнод аймгийн засаг дарга С.Ганбат, Чойбалсан хотын удирдлагууд, цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцжээ.
Үндэсний хөтөлбөрт архины хортой хэрэглээг бууруулах ямар, ямар арга байдаг, тэдгээрээс аль нь үр дүнтэй, өртөг зардал багатай байдаг гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл өгсний дараа багийн Засаг дарга, цагдаагийн байгууллагын төлөөлөгчид Үндэсний хөтөлбөрт зайлшгүй тусгах шаардпагатай гэж үзэж байгаа тулгамдсан асуудлаа хэлж, харилцан ярилцсан юм.
“Архигүй Дорнод” хөтөлбөр хэрэгжүүлж байна
Хөтөлбөр зохион байгуулагдаж байгаа Дорнод нь нэг хүнд ногдох архины хэрэглээгээрээ улсдаа тэргүүлдэг, архины хортой хэрэглээ тулгамдсан асуудлын нэг болоод байгаа аймаг юм. Тиймээс Аймгийн ЗДТГ, ИТХ таван жилийн хугацаатай “Архигүй Дорнод” хөтөлбөрийг боловсруулан өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байгаа аж.
Хөрш зэргэлдээ Хэнтий аймаг 2013 онд 50 гаруй сая төгрөгөөр “Архигүй Хэнтий” хөтөлбөрийг хэрэгжүүлж, архинаас хэт хамааралтай 258 иргэнийг хамруулан 193-ыг нь архинаас гарган, гэмт хэргийн гаралтыг 32 хувиар бууруулсан туршлага дээр үндэслэн хөтөлбөрөө боловсруулжээ.
Хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээсээ хойш аймгийнхаа Эрүүл мэндийн газар, ТББ-уудай хамтран иргэдийг архины хамаарлаас гаргах, гарсан иргэдээ ажил орлоготой болгох асуудлыг цогцоор нь шийдэхийг эрмэлзэн ажиллаж байгаа ажээ. Хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш архинаас хамааралтай болсон 50 гаруй иргэнийг эмчилгээнд хамруулаад байгаа бөгөөд дээрх иргэдийг Хөдөлмөрийн бирж дээрээ бүртгэн, ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамруулах ажлууд давхар явагдаж байгаа юм байна.
Аймгийн ИТХ-аас энэ онд архидан согтуурахтай тэмцэх ажилд 21 сая төгрөгийн төсөв суулгаж, бүх шатны байгууллага, төрийн бус байгууллагуудыг нэгдэхийг уриалан, “Бор дарсгүй гэр бүл, хамт олонд аз жаргал, амжилт бүтээл үргэлж нээлттэй байдаг” хэмээх уриалга илгээмжийг өгсөн байна.
Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг долоон ресторан, 20 кафе, 22 баар, худалдан борлуулдаг 105 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт явуулж, зөрчил дутагдал илэрсэн 51 аж ахуй нэгжид сануулга өгч, есөн аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Б.Бямбатогтох: Үндэсний хөтөлбөрөө ирэх сард УИХ-аар батлуулахаар зорьж байна
/ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн/
Монгол Улс архидан согтуурах явдалтай олон жил тэмцсэн ч энэ чиглэлээр гаргасан хууль тогтоомж нь бүгд архи уусных нь дараа тэмцэх утга агуулгатай байсан. Харин одоо хийж байгаа хууль, хөтөлбөр нь урьдчилан сэргийлэх агуулгатай.
Хэлэлцүүлгийг Дорнод аймагт явуулж байгаагийн учир нь, нэгдүгээрт, тус аймаг архины хэрэглээгээр улсдаа тэргүүлдэг, хоёрдугаарт, орон нутгийн удирдлагууд энэхүү байдлаа өөрчлөхөөр “Архигүй Дорнод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа зэрэг шалтгаанаар Чойбалсан хотыг сонгосон юм.
Аливаа асуудлыг зөвхөн дээд бодлого боловсруулах төвшинд авч үзэх нь учир дутагдалтай учраас “Архины хортой хэрэглээг бууруулах” үндэсний хөтөлбөрийг нийгмийн бүх давхаргад хэлэлцүүлж байгаа. Өнөөдөр бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн хэмжээнд юуг анхаарах ёстой талаар ярилцаж байна. Дараа нь бид хэлэлцүүлгийнхээ үр дүнг нэгтгэж, Үндэсний чуулганаа зохион байгуулна. Үүний дараа хөтөлбөрөө эцэслэн боловсруулж, Засгиин газраар батлуулна. Оноос өмнө батлуулах зорилго тавиад ажиллаж байна.
Б.Ариунсанаа: Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг буурсан ч, архидалт буураагүй
/Дорнод аймгийн Цагдаагийн газрын ОНХХ-ийн ахлах байцаагч, хошууч/
Манай аймаг архидалт ихтэй. Улсын хэмжээнд гэмт хэргийн тоо ялангуяа согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоогоороо дээгүүрт ордог. 2014 оны эхний есөн сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Гэвч архидалт буураагүй.
Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлагын дийлэнх нь архидан согтуурахтай холбоотой хэвээр байна. Аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа. Ажлын байранд архидан согтуурахыг хориглох Аймгийн Засаг даргын шийдвэр гарсны дагуу энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн “Архигүй Амьдрал” хөтөлбөр хэрэгжиж, архинд донтох өвчтэй, зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн ажил эрчимтэй явагдаж байгаа.
Хилийн боомттой аймгуудад архины хэрэглээ хамгийн өндөр байна гэв
Хэлэлцүүлэг явагдсанаас хойш Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж, архины хамааралтай иргэдэд хордлого тайлах, дуршил бууруулах үнэ төлбөргүй эмчилгээ болон хортой хэрэглээ түүний хор уршиг сэдэвт лекцийг Сэтгэц наркологийн мэргэжлийн эмч нар явуулж эхлээд байна. Долоо хоногийн мягмар, баасан, бямба гарагт явагдаж байгаа энэхүү лекцэд өөрийгөө архины хамааралтай болсон гэж үзэж байгаа иргэн бүр хамрагдах боломжийг олгож байгаа аж.
Аймгуудыг архины хэрэглээгээр нь жагсаахад Дорнод, Өмнөговь зэрэг хилийн боомт олонтой аймгууд эхний байруудад жагсчээ. Монгол Улсын гадаад бодлогод тодорхой өөрчлөлтүүд гарсантай холоотойгоор, ойрын ирээдүйд ОХУ, БНХАУ-тай хийх худалдаа үлэмж нэмэгдэх төлөвтэй байгаа.
Үүнтэй холбоотойгоор хилийн боомтуудын тоо нэмэгдэж, зарим боомтуудын ажиллах хугацаа нэмэгдэж буй. Тиймээс хилийн боомт олонтой аймгууд архины хортой хэрэглээг бууруулах ажилдаа онцгой анхаарал хандуулахыг цаг үе биднээс шаардаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!