Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чулуунбат: Баталгаажуулалт хийснээр зах зээлээс хуурамч, дуураймал бүтээгдэхүүн шахагдана

ikon.mn
2014 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Манай улсын мэдэлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн хурдац нь дэлхийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн яваа өнөө үед хэрэглэгчдэд чанартай, найдвартай, олон улсын болон үндэсний стандарт шаардлагыг хангасан үйлчилгээг хүргэхийн тулд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүдэд баталгаажуулалт хийж, тохирлын гэрчилгээжүүлэх ажил нэн чухал юм.

Энэхүү баталгаажуулалт хийгдэж, тохирлын гэрчилгээ олгогдсоноор мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж нь чанар стандартын шаардлага хангасан, хүний биед сөрөг нөлөөлөлгүй байхаас гадна зах зээлийг хуурамч, дуураймал бүтээгдэхүүн нийлүүлэлтээс хамгаалснаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой. 

Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг Харилцаа холбооны зохицуулах хороо гүйцэтгэж байгаа бөгөөд энэ баталгаажуулалтын үйл ажиллагаагаа Стандартчлал хэмжил зүйн газрын 2014 оны А/218 тоот шийдвэрээр итгэмжлүүлж, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлээд байгаа юм байна.

Тиймээс2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдах мэдээлэл, харилцаа холбооны салбарын нээлттэй хаалганы өдрийн хүрээнд уншигч та бүхэндээ тус салбарын баталгаажуулалтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Чулуунбаттай дараах ярилцлагыг хийснийг хүргэж байна.

- Юуны өмнө энэ бямба гарагт зохион байгуулагдах танай салбарын нээлттэй хаалганы өдрийн онцлогоос ярилцлагаа эхлэх үү?

- Мэдээлэл, харилцаа холбооны салбарынхан энэ 2014 оныг эрх зүйн шинэтгэлийн жил гэж оны эхэнд зохион байгуулсан салбарын арга хэмжээний үеэр зарласан. Энэ зорилтын хүрээнд тус салбарт хийгдэж буй бодлого, зохицуулалтын чиглэлээр авч буй арга хэмжээнүүдийг иргэд, олон нийтэд таниулж, хүргэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

Хэрэглэгчийн хувиргах төхөөрөмж “set top box”-т хэрхэн баталгаажуулалт хийх зэрэг үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн 2014 оны 07 дугаар сарын 31-нээс Монгол Улс телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээгээ тоон технологид шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэхүү шилжилтийн ажил 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл явагдах юм. Энэ шилжилтийн ажлын талаар иргэд, олон нийт, уншигч үзэгчдэд мэдээ, мэдээлэл хүргэх, мэдээлэл харилцаа холбооны салбарын дэвшилтэд техник, технологи ашигласан үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх, сурталчилан таниулах арга хэмжээ болно.

- Танай байгууллагаас энэ өдөрлөгийн үеэрхэрэглэгч, иргэдэд зориулж ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

- Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик үзүүлэлт, тус салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахад бүрдүүлэх бичиг баримтын бүрдүүлэлтэд мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, цахим тоглоомын газрын бүртгэлийг хэрхэн хийх, мэдээллийн лавлах үйлчилгээ, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж байгаатай холбогдуулан хэрэглэгчийн хувиргах төхөөрөмж “set top box”-т хэрхэн баталгаажуулалт хийх зэрэг үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

- Таны хариуцсан ажил бол баталгаажуулалт. Энэ сэдэв магадгүй зарим хүмүүст шинэ ойлголт боловч бас зарим уншигчдийн маань хувьд эртний ч ойлголт байж болох юм. Тиймээс та мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын талаар уншигчдад маань энгийнээр тайлбарлаж, ойлголт өгөөч?

- Тиймээ, баталгаажуулалт гэдэг ойлголт бол чанар гэсэн ойлголттой хамт яригдах ёстой. Энгийн үгээр уншигчиддаа тайлбарлан хэлэхэд зах зээл дээр борлуулагдаж буй гар утас байнаа гэж бодъё. Хүмүүс энэ утас “ориг” буюу жинхэнэ нь, үгүй ээ энэ хуурамч нь эсхүл “хулхи” буюу дуураймал нь гэж хэлэлцдэг дээ.

Баталгаажуулалт гэдэг ойлголт бол зах зээлд жинхэнэ, үйлдвэрийн албан ёсны бараа, бүтээгдэхүүн байнаа гэдгийг нотлон хөндлөнгөөс баталгаажуулж өгөх процесс гэж ойлгож болно.

Тэгэхлээр баталгаажуулалт гэдэг ойлголт бол зах зээлд жинхэнэ, үйлдвэрийн албан ёсны бараа, бүтээгдэхүүн байнаа гэдгийг нотлон хөндлөнгөөс баталгаажуулж өгөх процесс гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл зах зээл, иргэд худалдан авагчдыг хуурамч, дуураймал, хүний биед хор нөлөөлөлтэй, чанаргүй бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлэх үйл ажиллагааг баталгаажуулалт хийх гэж ойлгож болно.

Харин манай салбарт үйл ажиллагаа явуулж буй оператор компаниудын хувьд өөрийн сүлжээний тоног төхөөрөмжүүдээ баталгаажуулж, хянуулснаар хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ хүргэх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг.

- Баталгаажуулалт хийгдсэн эсэхийг яаж танин мэдэх вэ?

- Уул нь таниж мэдэхэд хялбар лдаа. Олон улсад бол жишээлбэл Америкт баталгаажсан бүтээгдэхүүний хувьд “FCC” , Европт баталгаажсан бүтээгдэхүүний хувьд “CE” гэсэн тэмдэглэгээ байдагтай адил Монгол Улсад баталгаажсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүдийн хувьд “Монгол Улсад баталгаажсан” гэсэн бичлэг бүхий таних тэмдэгтэй байх юм. Тиймээс уншигч, хэрэглэгчид маань мэдээлэл, харилцаа холбооны хэрэглэгчийн төхөөрөмж худалдан авахдаа дээр хэлсэн бичлэг бүхий тэмдэг, тэмдэглэгээ байгаа эсэхийг нягтлан шалгаж байгаарай гэж зөвлөж байна.

- Баталгаажуулалтын чиглэлээр гадаад хамтын ажиллагаа хэр явагдаж байна?

- Зохицуулах хороо өнгөрсөн хугацаанд Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын санхүүжилтээр зөвлөх үйлчилгээ авах, ХБНГУ-ын “Ти Ю Ви Зюд” (TUV SUD) бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллагатай бүтээгдэхүүн баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ болон гадаад хамтын ажиллагааны хүрээнд баталгаажуулалтын өргөдөл, хүсэлт хүлээж авахаас тохирлын гэрчилгээ олгох шийдвэр гарах хүртэл процессийг агуулсан эдгээр үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, техникийн шаардлага, дүрэм, журмуудыг агуулсан дараах багц баримт бичгийг  холбогдох олон улс, үндэсний стандартад нийцүүлэн боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байна. 

- Хэдэн оноос эхэлж баталгаажуултын ажлыг хийж эхэлсэн бэ? Өнөөдрийн байдлаар нийт хэдэн тоног төхөөрөмжийг баталгаажуулж, тохирлын гэрчилгээ олгоод байна?

- Манай байгууллага харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл шаардлагыг тогтоохбүрэн эрхийнхээ хүрээнд 2012 оноос баталгаажуулалтыг хийж байна. Энэ хугацаанд стандарт шаардлага хангасан 18 байгуулагын 36 төрлийн тоног төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгоод байна. 

- Харилцаа холбооны зохицуулах хорооноос ойрын үед ямар тоног төхөөрөмжийг баталгаажуулаад байна?

- Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээгтоон технологид шилжүүлж байгаатай  холбогдуулантелевизийнөргөннэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж(set-top box)-г баталгаажуулах хүсэлтүүд их ирж байна. Ирсэн хүсэлтийг MNS 6401:2013 үндэсний стандартын дагуу техникийн шаардлага хангасан эсэхийг тодорхойлохоос гадна хэрэглэгчдэд ашиглахад хялбар байх үүднээс гарын авлага болон төхөөрөмжийн програмын гарчиг (menu)нь Монгол хэлдээр байх ёстой гэсэн нэмэлт нөхцлийг хангаад байгаа Эн Би Си, Үлэмж Мандала, Тэрбокс компаниуд болон ШУТИС Мэдээлэл, холбоо технологийн сургуульд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгоод байна.

- Баталгаажуулалт хийсний гол зорилго нь юу вэ?

- Дээр дурдсан хуурамч чанаргүй бүтээгдэхүүнээс хэрэглэгчдийг хамгаалах, зах зээлд стандарт техникийн шаардлага хангасан баталгаатай тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх зорилгоор баталгаажуулалтыг хийж байна.  

- Харилцаа холбооны тоног төхөөрөмж гаднаас оруулж ирдэг компаниуд баталгаажуулалт хийлгэхдээ юу юу анхаарах ёстой вэ? Гол нь ямар ямар бичиг баримт бүрдүүлэх үү?

- Монгол Улсад ашиглагдаж байгаа мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдийн ихэнхи нь импортоор орж ирдэг. Зарим тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна. Жишээ нь: Могул брэндийн телевизор, компьютерийн үйлдвэрлэлтэй танилцсан цаашид баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа. Харин  тоног төхөөрөмжийг баталгаажуулахад бүтээгдэхүүний дээж, лабораторийн сорилтын дүн (test report), үйлдвэрлэгчийн мэдэгдэл, тоног төхөөрөмжийн танилцуулга, заавар, эд ангийн жагсаалт, блок диаграм, зураг, хэрэглэгчийн гарын авлагыг бүрдүүнэ. 

- Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас олж авах бололцоотой вэ?

- Харилцаа холбооны зохицуулах хорооны  www.crc.gov.mn цахим хуудас, салбарын мэдээллийг үйлчилгээ эрхлэгчид, орон нутгийн хэрэглэгчдэд хүргэдэг улирал тутмын “Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээ” сэтгүүлээр дамжуулан дэлгэрэнгүй мэдээллийг хүргэдэг. 

- Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа

- Баярлалаа та бүхний ажилд амжилт хүсье.