Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн албаны дарга Б.Анхбаатартай ярилцлаа.
-Таны хариуцаж байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн алба яг ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ярилцлагаа эхэлье.
- Шуудангийн салбар нь олон жилийн түүхтэй. Орчин цагийн шуудангийн байгууллага үүсч хөгжснөөс хойш хэдийнээ 93 жил болсон байна. Харин өртөө шуудан нь Өгөөдэй хаанаас эхтэй гэж бодвол шуудангийн салбарын түүх 779 гаруй жилээр хэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, Харилцаа холбооны салбарын ууган байгууллага нь юм.
Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн дэвшлээ дагаад шуудангийн салбар ч эрчимтэй хөгжиж байна. Үүнийгээ дагаад энэ салбарт зохицуулалт хийх олон асуудал шинээр урган гарч ирсэн. Харин энэхүү салбарын хууль эрх зүйн болон төр хувийн хэвлийн хоорондын уялдааг хангах, зохицуулах үүргийг Харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн алба хийж гүйцэтгэдэг юм.
-Яг ямар чиглэлээр зохицуулалт хийдэг юм бэ?
- Монгол Улсын Харилцаа холбооны тухай , Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Шуудангийн тухай хуулиудын хүрээнд шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, зохицуулалтын бичиг баримт, дүрэм журам боловсруулах, Монгол Улсын шуудангийн үйлчилгээний давуу эрхийг бүс болон бүх нийтийн үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох мөн Монгол Улсын шуудангийн стандартуудыг боловсруулах, мөрдүүлэх, хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
-Өнгөрсөн хаврын чуулганаар шуудангийн үйлчилгээтэй холбоотой хуулийн өөрчлөлтүүдийг УИХ баталсан. Олон нийтэд төдийлөн тэр талын мэдээлэл хүрээгүй юм шиг санагддаг. Энэ талаад тодруулж болох уу?
-Хаврын чуулганаар Гаалийн тарифын тухай, НӨАТ-ын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-аар оруулж батлуулсан явдал нь улс хоорондын шуудангийн салбарын хууль эрх зүйн орчинд сүүлийн 10 гаруй жилд орсон ихээхэн ач холбогдолтой заалтууд юм. Юу гэхээр, улс хоорондын шуудангийн илгээмжээс авдаг татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн юм. Ингэснээр шуудангийн салбарын хөгжилд тээг тушаа болдог байсан зүйлийг арилгасан.
-Хуульд яг ямар өөрчлөлт орсон юм бэ?
-Илүү ойлгомжтой болгох үүднээс өмнөх эрх зүйн орчинг ярья. Гаалийн тухай хуулиар өмнө нь улс хоорондын шуудангийн илгээмжийг бараа гэсэн ангилалд оруулчихсан байсан. Тэгэхээр шуудангаар явуулсан нэг ширхэг номыг хүртэл бараа гэж үзээд татвар авах зарчим үйлчилж байсан юм.
Нэгэнт хуулийн зохицуулалт нь ийм учраас гаалийнхан яалт ч үгүй татвар аваад явдаг байв. Өөрөөр хэлбэл, улс хоорондын шуудангаар гэр бүлдээ явуулсан бэлэг, ном дэвтэр, бүр хуучин хувцас ч байсан бараа гэж үзээд татвар авна гэхээр иргэдэд маш их бухимдал үүсдэг байлаа. Энэ нь эргээд төрийн байгууллагууд ажлаа явуулахад хүндрэл үүсгэдэг бөгөөд хүнд явуулсан ном хуучин хувцаснаас бараг л татвар авах хуультай гаалийнханд мөн түүнийг нь гараас гарт хүргэж өгөхөөр хүлээн авсан шуудангийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагадаа ч их хэцүү байлаа.
Улс хоорондын шуудангаар ирж байгаа 2 сая төгрөг доторхи үнийн дүнтэй шуудангийн илгээмж болон 6 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй зөөврийн компьютерээс гаалийн татвар авахгүй болгосон.
Илгээмж болгоноос татвар авдаг энэ байдлаас болоод шуудангаар үйлчлүүлдэг хүмүүсийн тоо ч жилээс жилд буурсан. Иймээс Харилцаа холбооны зохицуулах хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар , Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар хамтарч ажлын хэсэг байгуулсан.
Ингээд шуудангийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын дунд хэлэлцүүлэг явуулаад өнгөрсөн долдугаар сарын эхээр хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар баталсан. Ингэснээр улс хоорондын шуудангаар ирж байгаа 2 сая төгрөг доторхи үнийн дүнтэй шуудангийн илгээмж болон 6 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй зөөврийн компьютерээс гаалийн татвар авахгүй болгосон. Зөвхөн тээврийн зардлаа л төлнө гэсэн үг.
Энэхүү завшааныг ашиглаад хуулийн төсөл дээр хамтран ажилласан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын хамт олон мөн уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар авч хэлэлцэн баталсан Төсвийн байнгын хороо болон Улсын их хурлын нийт гишүүддээ нийт шуудангийн үйлчилгээ эрхлэгчид, шуудангаар үйлчлүүлэгч нарын өмнөөс талархаснаа илэрхийлж байна. Мөн энэ нь шинэчлэлийн засгийн газраас бизнес эрхлэгчид болон ард иргэддээ чиглэн хийсэн ажлуудын нэг боллоо гэж үзэж байна.
-Тэгвэл одоо 2 сая төгрөгийн бараа, 6 сая төгрөгийн зөөврийн компьютер шуудангаар явуулахад татвар авахгүй гэсэн үг үү?
-Яг хуульдаа бол 2 сая, 6 сая төгрөг гэж зааж өгөөгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй гэж заасан. Тэр нь л одоогоор 2 сая, 6 сая төгрөг орчим болж байгаа юм.
Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдээд явахаар энэ мөнгөн дүн ч өсөөд явна гэсэн үг. Хуулийн энэ зохицуулалт 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжинэ.
-Энэ хууль батлагдсанаар гарах өөр эерэг үр дүн юу байх вэ. Мэдээж шуудангийн үйлчилгээг хүмүүс сонгох нь ихсэх байх?
-Тэр ойлгомжтой. Ер нь бол Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс төрийн бусад байгууллагатай хамтарч энэ жил хийсэн томоохон эрх зүйн шинэчлэл бол энэ байсан. Энэ хууль батлагдсанаар шуудангийн онлайн худалдаа нэмэгдээд явах судалгаа бий. Жишээ нь, та онлайн худалдаа буюу еbау-д ороод өөрийн хэрэглээндээ зориулаад эд зүйлс захиалаад авахад үнийн дүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй бол тэр нь татваргүй байх нь.
Эсвэл сайн чанарын зөөврийн компьютер шуудангийн илгээмжээр авахад өмнө нь худалдан үнийн дүн дээр шуудангийн зардлыг нэмээд нийлбэрийн 15 хувиар гаалийн татварт төлдөг байсан. Одоо үнийн дүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлснээс ихгүй бол татваргүй болсон. Энэ нь эргээд хэрэглэгч, үйлчилгээ эрхлэгч байгууллага болон шуудангийн үйлчилгээг гараас гарт хүргэх зэрэгт ихээхэн чухал зүйл болж байгаа. Өөрөөр хэлбэл, шуудангийн салбарын солилцоо нэмэгдэнэ. Шуудангаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ.
-Ер нь манайд шуудангийн үйлчилгээ эрхлэгч хэдэн байгууллага байдаг юм бэ?
-Шуудангийн үйлчилгээг ард иргэдэд хүргэнэ гэж тусгай зөвшөөрөл авсан 44-н аж ахуйн нэгжүүд бий. Эдгээр нь дотороо үйлчилгээ, хамрах хүрээ зэргээсээ шалтгаалан шуудангийн үндсэн, улс хоорондын буухиа шуудан, дотоодын шуудан, улс хоорондын шуудангийн илгээлт, шуудангийн логистикийн үйлчилгээ зэрэгт хуваагдана. Харин Монгол Улсын хувьд шуудангийн үндсэн сүлжээг "Монгол шуудан" ТӨХК эзэмшдэг.
Энэ компани нь Монгол Улсын аймаг, хот болон бүх сум, суурин газарт салбартай юм. Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч байгууллагаа түшиглэн шуудангийн үйлчилгээг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, шударга өрсөлдөх эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр манай шуудангийн алба ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд Шуудангийн харилцан холболтын журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан,илүү нээлттэй, ил тодболсон.
Шуудангийн үйлчилгээг ард иргэдэд хүргэнэ гэж тусгай зөвшөөрөл авсан 44-н аж ахуйн нэгжүүд бий.
Юу гэхээр, та жишээ нь зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлдэг хувийн шуудангийн компанитай байж.
Харин та Баян-Өлгий аймгийн иргэдэд энэхүү улс хоорондын үйлчилгээгээ хүргэмээр байвал тэнд шуудангийн үйлчилгээ эрхэлдэг компанитай харилцан холболтын гэрээг байгуулаад л үйлчилгээгээ үзүүлэх боломжтой юм. Харилцан холболтын нэг гол онцлог нь шуудангийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хоёр компани л хоорондоо гэрээ байгуулдаг юм.
Цаашид шуудангийн байгууллагуудын энэ харилцаа илүү сайжирч, үүнийгээ дагаад шуудангийн үйлчилгээний цар хүрээ улам нэмэгдэнэ.
-Улс хоорондын шуудангийн тухайд татвар тэглэхээс эхлээд таатай мэдээ байна. Орон нутгийн тухайд байдал ямар байна вэ. Хөдөөд шуудангийн үйлчилгээ хэр сайн байдаг вэ?
- Дотоодын шууданд 6-н аж ахуйн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд үүний нэг буюу Үндсэн сүлжээ эзэмшигч Монгол шуудан ТӨХК нь дээр хэлсэнчлэн Монгол Улсын хэмжээнд ганцаараа шуудангийн үйлчилгээг хүргэж байна. Харин үлдсэн нь Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дархан зэрэг хүн ам ихээр төвлөрсөн газар үйлчилгээ үзүүлж байна.
Манай зүгээс эдгээр аж ахуйн нэгжүүдийг хуулийн хүрээнд шуудангаа хяналтын хугацаандаа хүргэж байгаа эсэх, шуудангийн стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөж буй эсэхэд хяналт тавьж ажилладаг. Энд нэг зүйл хэлэхэд, би түрүүнд шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүрэг гэж ярьсан шүү дээ. Монгол Улс өөрөө өргөн уудам нутаг дэвсгэртэй. Тэрийг дагаад шуудан, илгээмж хүргэхэд асар их зардал гардаг.
Жишээ нь, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байгаа хүнд нэг ширхэг захидал илгээмж хүргэхийн тулд яалт ч үгүй машин явна. Суманд бол долоо хоногт байнга хоёроос доошгүй шуудан очиж байх ёстой. Тэгэх үүргийг төрөөс тавьдаг. Яагаад гэвэл иргэд Монгол Улсынхаа аль газар нутагт амьдарч байгаагаас үл хамаарч төрийн үйлчилгээг авч байх ёстой. Тэр үйлчилгээг шуудангаар дамжуулж байгаа бол энийг бүх нийтийн үйлчилгээ гэж ойлгодог.
-Энэ дээр нэмж асуухад, Сагсай суманд хүнд захиа хүргэж өгнө гэхээр тэнд бас шуудангийн салбар ажиллаж байгаа. Бүр жилд ганц ч захидал очдоггүй газар шуудангийн салбарууд байгаа гэж сонссон юм?
-Шуудангийн салбар өөрөө их онцлогтой. Тэр Сагсай суманд ашиггүй юм байна. Жилд нэгхэн захидал явж байгаа гээд тэр салбарыг хааж болдоггүй. Энэ бол шуудангийн салбарын онцлог. Яагаад гэвэл бүх нийтийн үйлчилгээний үүрэг учраас алдагдалтай байсан ч ажиллах ёстой. Тиймээс шуудангийн салбар байх ёстой. Бүх нийтийн үйлчилгээний үүргийг биелүүлэхэд дэмжлэг болгох үүднээс Бүх нийтийн үүргийн сангаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг олгодог.
-Тодруулахгүй юу?
-Шуудангийн үйлчилгээ эрхлэгчид маань хүн ам ихээр төвлөрсөн газар үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг. Энэ нь эргээд шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч компанидаа сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, үндсэн сүлжээ эзэмшигч нь Улаанбаатараас олсон орлогоос нөгөө Баян-Өлгийн Сагсай сумын алдагдлаа нөхөж байгаа шүү дээ. Иймээс бусад шуудангийн байгууллагууд давуу эрхийн бүс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө жилд тодорхой хэжмээний хураамж төлдөг юм.
Тэр төлбөрийн тодорхой хувийг эргүүлээд хөдөө орон нутагт шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болгон үндсэн сүлжээ эзэмшигч байгууллагад хөрөнгө оруулалт хэлбэрээр олгодог. Ийм л зарчмаар явдаг юм. Гэхдээ давуу эрхийн бүсэд үйлчилгээ эрхлэгч шуудангийн байгууллагаас төвлөрүүлж байгаа төлбөрийн хэмжээ бага байдаг л даа.
-Шуудангийн үнэ тарифыг тухайн байгууллага өөрөө тогтоодог уу. Хэт үнэтэй байдаг болохоор хүмүүс бусдад дайх зэргээр "шуудангийн үйлчилгээ" аваад байх шиг харагддаг.
- Шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд Шуудангийн тухай хуулийн дагуу өөрсдөө орлого, зардал, ачааллаа тооцсны үндсэн дээр үнэ тарифаа гарган манай хороогоор хянуулдаг. Сүүлийн үед хүмүүс бичиг захидлаа баталгаатай шуудангаар явуулах нь ихэссэн. Жилд дотооддоо бол 488 мянган орчим бичиг захидал солилцоонд явдаг гэсэн тоо бий.
Мэдээж хувь хүмүүс бусдад дайвраар бичиг цаасаа, илгээмжээ явуулдаг тал бий гэхдээ сүүлийн үед хүмүүс аливаа зүйлсээ баталгаагүй хүмүүст өгснөөс албан ёсны үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандах хандлага эрс нэмэгдсэн байна.
Харин төрийн албаны бичиг баримтыг бол заавал баталгаатай шуудангаар явуулах ёстой. Нөгөө талаар шуудангийн салбарт логистикийн үйлчилгээ, онлайн худалдаанууд нэмэгдэж байна. Манайхаас энэ хоёрыг дэмжсэн зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа.
- Харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн албанаас энэ жил шинээр хэрэглэгчдэд болон үйлчилгээ үзүүлэгч нартаа зориулж ямар ажил хийж байна даа
-Энэ жил Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн салбарт хоёр төсөл хэрэгжүүлж байгаа юм. Нэг нь Шуудангийн бүртгэлийн нэгдсэн систем бий болгох төсөл. Юу гэхээр Монгол Улсын шуудангийн бүх байгууллагыг нэгдсэн нэг проаграмм хангамж ашигладаг, нэгдсэн системтэй болгох төсөл юм. Өөрөөр хэлбэл, шуудангийн аль ч байгууллагаар үйлчлүүлсэн хүн шуудангаа хаана явааг тэр систем рүү ороод харчихдаг болно. Энэ системийг хороо 100 хувь санхүүжилтийг нь гаргаад хийж байна.
Хоёрт, зип кодын асуудал байна.
Хэрэглэгчдэд, ухаалаг утсанд зориулсан зип кодын систем нэвтрүүлнэ. Энэ нь өөрөө тухайн хүн өөрийнхөө харьяалах зип кодыг мэддэг, тэгээд шуудангийн хаягийг авчихдаг байхад л болно.
Хэрэглэгчдэд, ухаалаг утсанд зориулсан зип кодын систем нэвтрүүлнэ. Энэ нь өөрөө тухайн хүн өөрийнхөө харьяалах зип кодыг мэддэг, тэгээд шуудангийн хаягийг авчихдаг байхад л болно. Тэгээд бүртгүүлэхээр өөрийн чинь мэдээлэл шуудангийн байгууллагад хадгалагдчихдаг. Энэ мэдээллийн дагуу шуудангийн байгууллааг өөрт чинь шуудан хүргэхийн тулд хаагуур яаж явах вэ, ямар замаар очих вэ гээд байршил нь хүртэл тэр системд байх юм. Нөгөөтэйгүүр, зип кодыг шинэчилснээр илүү давуу талууд гарч ирсэн.
Томоохон онлайн худалдааны байгууллагууд Дэлхийн шуудан холбооны байгууллагаас мэдээллээ авдаг байсан. Бид сая Дэлхийн шуудан холбооны байгууллагад Монгол Улсын зип кодыг шинэчлүүлэхээр өгсөн. Өмнө нь ямар хүндрэл гардаг байсан гэхээр онлайн худалдааны сайт руу ороод бараа сонгоод захиалах гэхээр шуудангийн хүлээн авах хаяг дээр нь зип кодоо хийхээр болдоггүй байсан. Одоо болж байгаа.
-Монгол Улсын бүх суманд интернэт хүрчихсэн болохоор электрон шуудан их ашиглаж байна. Мөн гар утасны сүлжээ орчихсон болохоор ярьчихдаг, мессеж биччихдэг. Ийм нөхцөлд захидлаар харилцах нь ямархуу хэмжээнд байна вэ. Сонирхуулж болох уу?
-Хүмүүсийн хоорондоо бичдэг хувийн захидал мэдээж багассан. Гэхдээ хүмүүсийн харилцаа байгаа тохиолдолд биет зүйлүүд дамжих нь ойлгомжтой. Иймээс шуудангаар илгээмжээ явуулж л байгаа. Мөн албан бичиг заавал шуудангаар л дамжина.
Ер нь бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нэг хэсэг захидал бичихээ больж байснаа одоо эргээд сэргэсэн. Нэг хүн рүү 10 удаа цахим шуудан бичихээс илүү гараараа нэг захидал бичээд явуулах нь илүү хүрдэг гэдэг.
Нэг ёсны гараар бичсэн захидал нь нөгөө хүндээ үзүүлж буй хүндлэл шиг болсон. Өөрөөр хэлбэл, захидлын мөн чанар нь хүндээ хүрч байдаг. Тэгэхээр хэчнээн техник технологи өндөр хөгжсөн ч гараар бичсэн захидал байсаар байх болно. Цахим шуудангийн хажууд гараараа бичсэн захидал авсан хүн тэр хүнтэй уулзсан юм шиг мэдрэмж авдаг. Тиймээс захидал харилцаа хэзээ ч алга болно эгж байхгүй.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад Шуудангийн салбарт үгүйлэгдэж байгаа хууль, эрх зүйн ямар зохицуулалт байна вэ. Энэ дээр ажил хариуцаж байгаа хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Монгол Улсын Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг төсөл боловсруулж байна. Намрын чуулганаар төслөө өргөн барих бодолтой байгаа. Иргэдээс, шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс хуулийн төсөлд санаа, оноог нь авч байна. Шинэ төслийн агуулга нь бол хуульд онлайн худалдаанд чиглэсэн заалт түлхүү оруулах юм.
Хоёрт, шуудангаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэх заалтуудыг илүү тодорхой болгож өгье. Учир нь дэлхийн ихэнх орнуудад санхүүгийн үйлчилгээг давхар эрхлэдэг.Одоогийнхүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шуудангийн хуулиар "шуудангаар санхүүгийн үйлчилгээ эрхэлж болно" гээд заачихан байгаа.
Тэгсэн хэрнээ нөгөө талдаа Банкны тухай, Монголбанкны тухай хуулиудаар санхүүгийн үйлчилгээг заавал банк санхүүгийн байгууллага явуулна гэдэг. Тиймээс үүнийг илүү тодорхой, зааг ялгааг нь тодорхой, ойлгомжтой болгоё гэж бодож байгаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!