Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Хоёр сайхан Дархан аварга төрсөнд их баяртай байна

Д.Энхтүвшин
2014 оны 7 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Далай, даян, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

Маргаашийн мандахын улаан нарнаар та бид Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн агуу түүхт ойн баярын өдөртэй учран золгоно.

Монгол наадмын өмнөхөн Далай, даян, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. 

Тэрбээр Монгол наадмын зүлэг ногоон дэвжээнд 12 удаа түрүүлснээс гадна, самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга болсон эгнэшгүй хүчтэн билээ. 

Харин улстөрч Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

1989 онд Монгол Улсын гавьяат тамирчин, 1990 онд Монгол Улсын Дархан аварга, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд шагналаар энгэрээ мялаалгасан эгнэшгүй хүчтэнтэй энэ удаа өөрийнх нь хүсэлтээр улстөрийн яриа өрнүүлснээ хүргэж байна. 

-Маргааш Монгол түмний хүсэн хүлээдэг улсын их баяр наадам эхэлнэ. Та наадамчин олноо хүндэтгэн зүлэг ногоон дэвжээнээ бяр, хүчээ үзэх үү?

-За энэ жил ёстой л нар хур тэгширч, хангай дэлхий хишиг буянаа хайрласан тэнэгэр сайхан зун болж байна. Хариуцлагагүй эрх баригчдаас болж улс орны эдийн засаг хямралын байдалтай байгаа ч Монгол хүний амны билгээр энэ сайхан баяр наад­мынхаа өмнө таагүй зүйл яри­мааргүй л байна. Гэхдээ л болж өгөхгүй юм.

Миний хувьд ард олон, зүлэг ногоон дэвжээгээ хүн­дэтгэх учир, шалтгаан бий. Мон­гол түмний минь заяа буяныг тэгшилдэг эрийн гур­ван наадам маань энэ жил үнэхээр сайхан болох байх аа. Бидний дараа, дараагийн үеийн шижигнэсэн сайхан залуучууд зүлэг ногоон дэвжээн дээр бяр хүчээ гайхуулж байна. 

-Бид хоёрын яриа наадмын өмнөхөн өрнөж байгаа ч та улс­төрийн талаар ярих сонирхол хэн хэнд маань байх шиг байна. Хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хуульд 50:50, бүр 28:48 гэсэн хувилбар, саналууд яригд­сан. Таны хувьд энэ хуульд ямар байр суурьтай байгаа вэ? 

-Яг өнөөдрийн хувьд сон­гуулийн хуулиас өмнө Монгол Улсын аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг давын өмнө ярих ёстой. Энэ юу вэ гэвэл төмөр замын цариг, газрын тухай хууль бай­на. УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хулгай, луйв­­рын аргаар оруулж, хүч түрэн баталчихаж байгаа юм.

Улсын баяр наадам, дэлхийн хөл бөм­бөгийн аварга шалгаруулах тэм­­цээнийг далимдуулан хү­мүү­сийн анхаарал суларсан үеийг ашиглаад ийм хорлонтой, улс орны эдийн засаг, байгаль орчинд туйлын халгаатай тог­тоолын тө­сөл баталж байгаа өнөөдрийн эрх баригчид хэзээ нэгэн цагт түү­хийн хариуцлага хүлээх л болно.

-Энэ хууль батлагдвал яг ямар асуудал хамгийн эхэнд босч ирэх бол?

-Уг нь Монгол Улсын Ерөн­хийлөгч ашигт малтмалын хай­гуулын лицензүүдийг хяз­гаарлах тухай хууль гаргаж, одоо энэ эрх барьж байгаа этгээдүүд УИХ-ын цөөнх байхдаа гар өр­­гөн дэмжихэд нь эрх барьж бай­­сан МАН олонхоороо санал нэгдэн баталсан түүхтэй.

Нэ­гэнт олгогдчихсон хайгуулын ли­­­­цензүүд, эрдэс баялгийн сал­барт нүүрлэсэн эмх зам­бараа­гүй байдлыг цэгцлэх ажил хийг­дээд явж байтал эрх барьсан жи­­лийн хугацаанд энэ хуулийг цуцлах асуудлыг нэг ч удаа хөндөж гаргаж ирээгүй хэрнээ яг ийм эгзэгтэй цагийг ашиглаад луйврын аргаар хүч түрээд ба­талж байна.

Ашигт малтмалын салбарт төрийн оролцоог үгүй хийх арга замыг маш хорлонтой, нарийн бодож олсон байгаа юм.

Хэлэлцүүлгийн явцад сөрөг хү­чин хуулийн хүрээнд яаж ч эсэргүүцээд үнэндээ олонхын хү­чинд автлаа. Эрх баригчид энэ удаа Монголын тал эрдэс баял­­гийнхаа 34-50 хувь хүртэл эзэмшиж болно гэсэн заалтыг хэвээр нь үлдээгээд хамгийн гол нь “Алтан хувьцаа” эзэмших шинэ заалт оруулж ирсэн байна.

Энүүгээрээ Оюутолгойн 34 ху­вийг “Алтан хувьцаа” гэдгээрээ солих, цаашлаад Эрдэнэтийн 51 хувийг сольж, хулгайлан зав­ших гэсэн булхайтай аж­луу­даа хөвөнд боож, өнгөлөн далд­­лаад оруулж ирж байна. 

-УИХ-ын Байгаль орчин орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнг­­ын хорооны дарга Г.Баяр­сайхан та нарын санаачлан бат­­­луулсан Урт нэртэй хуу­лийг өөрчлөх ажлын хэсэг бай­гуу­лагдсан сурагтай. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Урт нэртэй хуулийг хү­чин­­гүй болгох ажлын хэсэг бай­гуу­лаад МАН-аас урваж АН-ыг бараадсан Д.Арвин гэдэг хүн ахлаад явж байгаа. Энэ ажлын хэсэгт УИХ-ын 15 гишүүн орсон. Харин энэ 15 гишүүний найм нь Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахын эсрэг байгаагаа мэ­­дэгдэж, Засгийн газрын өр­гөн барьсан өөрчлөлт оруулах хуулийн төслийг буцаагаад Зас­гийн газарт өгчихсөн байгаа. Урт нэртэй хуулийг өөрчлөх ажил нь явахгүй гэдгийг мэдэнгүүтээ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг яаравчлан оруулж ирээд батлуулчихаж бай­­гаа юм.

Ашигт малтмалын ту­хай хуульд ямар нэмэлт, өөрч­лөлт оруулах гэж байна вэ гэвэл тусгай зөвшөөрөл эзэм­шигчийг цуцлахдаа нөхөн олговор олгоно, гэхдээ тусгай зөвшөөрөл эзэм­шигч нь төрөөс нөхөн олговор олготол үйл ажил­лагаагаа эрхлэх эрхтэй гэсэн заалт оруулаад ирж байгаа юм.

Энэ нь бүхэлдээ Урт нэртэй хуу­лийг хүчингүй болгох л гэсэн тун нарийн бо­дож олсон, хулгай, луйврын хор­лонтой ажиллагаа явж бай­гаа хэрэг юм. Тэгээд Ашигт малт­­­­малын хуулийг хэлэлцэхэд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийн ихэнхийг хасчихаж байгаа юм.

Бие даагч Х.Болорчулуун, манай намын бүлгээс орсон Я.Содбаатар, бас миний бие, мөн Д.Дэмбэрэл даргыг хүртэл ажлын хэсгээс хасчихсан байна лээ. Харин бид­нийг гаргангуутаа шинэ ажлын хэсэг байгуулчихсан. МАН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хууль дээр тодорхой байр суурь, дүгнэлтээ гаргасан.

Хайгуулын лицензийг эмх цэгцэнд оруултал хуучин олгогдсон лицензийг нээж болохгүй, төрийн оролцоог хэвээр нь авч үлдэх ёстой гэсэн байр суурин дээр санал нэгдсэн байгаа. “Шударга ёс” эвслийг бас ийм байр суурьтай байгаа гэж итгэж байна. 

Мөн бие даагчид ч ийм байр суурин дээр зогсож байгаа. Харамсалтай нь АН-ын бүлэг дангаараа буюу Иргэний зориг намтай нийлээд Ашигт малтмалын хууль дээр шинэ ажлын хэсэг гаргаад хууль бу­саар тогтоолын төслийг нь ба­таллаа. Ийм завхарсан, хулгай луйврын УИХ байснаас тарсан нь дээр.

Миний хувьд бүлгийнхээ тодорхой гишүүдтэй хамтраад ийм хариуцлагагүй, Монголын ард түмний язгуур эрх ашгаас урвасан УИХ-ыг тараах талаар гишүүдийн гарын үсгийг цуг­луулна гэж бодож байгаа. 

-УИХ-ын сөрөг хүчин хуу­лийн хүрээнд эсэргүүцэн тэм­цээд дийлэхгүй байгаа нь ха­рагдаж байна. Хойшид энэ байд­лаараа яваад байх уу, аль эсвэл Иргэний нийгмийн байгууллагуудтай нэг­дэх ч юм уу, ард тү­мэндээ хандах зэрэг асуудал байх уу? 

-Ард түмэн бүхнийг харж л байгаа шүү дээ. Өнөөдөр Ир­гэний нийгмийн бай­гууллагууд байхгүй болсон. Идэвхтэй тэм­цэгчдийг нь хомроголон бариад шоронд хийчихлээ. Зарим нэгийг нь албан тушаал, эрх ямбаар ху­далдаад авчихсан. Ард иргэдэд үгээ хэлдэг, нийгмийн болж бүтэхгүй байгааг шударгаар шүүм­­жилдэг Иргэний нийгмийн байгууллагууд зоригтой ажил­лаж байж нийг­­мийг эрүүл­жүү­лэхэд тодорхой хувь нэ­мэр оруулдаг жамтай.

Гэтэл өнөөд­рийн эрх баригчид тэдгээр бай­гууллагуудыг хүчээр тараах, аль эсвэл албан тушаал, өнгө мөнгөөр худалдаж аваад үндсэндээ үгүй хийчихлээ.

Одоогийн эрх ба­риг­чид ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон тайван жаг­саал цуглаан хийж үзэл бод­лоо чөлөөтэй илэрхийлэх бүх бо­лол­цоог хууль, шүүхээр да­лайл­­ган боомилж, улан дороо дэвсэлж байна.

Үндсэндээ Мон­гол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй болсон шигээ ард ир­гэд Үндсэн хуулиар олгогдсон хүний түгээмэл эрхээ ч эдлэх бо­лолцоогүй боллоо. 

-Саяхнаас төрийн тусгай хам­гаалалттай Дарьгангын Алтан овоог хайгуулын ли­цен­зээр хувийн компанид олго­сон та­­лаар шуугиж эхэллээ. Та Хэн­­тий аймгийн унаган иргэн, тэнд­хийн ард түмний эрх ашгийг хамгаалдаг төрийн түшээгийн хувьд Сүхбаатар аймгийн бай­галийн үзэсгэлэн бүрдсэн энэ га­зарт удахгүй хайгуулын ажил өрнөх гэж байгааг юу гэж дүгнэж байна? 

-Өө наадуул чинь тэр байтугай хулгай, луйвар нь эрээ цээрээ алдсан шүү дээ. Дорноговийн Улаанбадрах суманд хэчнээн ир­гэн, мал сүрэг ураны аюулд хордож байна. Тэндхийн иргэд хэдэн үеэрээ ямар их аюулд унаж байгааг үнэндээ өнөөдөр бид төсөөлөх ч үгүй л явж байгаа шүү дээ.

Тэнд жинхэнэ аюул тарьж байгаа компанийн захирал нь “Бид 2019 оноос уран олборлож эхэлнэ” гээд хэдхэн сарын өмнө хэнэг ч үгүй яриад сууж байсан. Нарийн яривал энэ эрх баригчид уран олборлохыг чимээгүйхэн дэмжиж байгаа нь ч тодорхой болсон асуудал. Бид ийм л этгээдүүдийг толгой дээрээ гаргачихаад сууцгааж байна. 

-Та бид хоёрын яриа нэг л мэдэхэд жаахан базаахгүй зүйл рүү орчихлоо. Өнгөрсөн да­ваа гарагт монгол бөхийн түүхэнд нэг өдөр хоёр Дархан аварга төрөн гарсан бэлэг дэм­бэрэлтэй үйл явдал болсон. Та энэ талаар ямар бодолтой явна?

-Сүүлийн үед болсон хамгийн сайхан үйл явдал нь чухамдаа А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр маань Дархан аварга хэмээх эрхэм дээд цолыг хамгийн сүүлд миний гардаж авснаас хойш 24 жилийн дараа энгэртээ зүүсэн нь үнэхээр тэнгэрлэг сайхан үйл явдал боллоо.

Р.Гончигдорж даргын санаачлан батлуулсан хуулийн дагуу монгол бөх хоёр сайхан Дархан аваргатай болсон нь хойч үеийн маань бөхчүүдийн урам зоригийг бадраасан үнэ­хээр зөв шийдвэр гэдэгтэй хэн ч мар­гахгүй болов уу.

Авах ёстой цо­лоо гардсан Дархан аваргууд маань ард олноо баясгаж, залуу бөхчүүдэд их сайхан үлгэр дуу­риалал үзүүлэх нь ч тодорхой. Энэ утгаар нь би тун их баяртай байгаа. Ингээд Монголын ард тү­мэндээ дэнж хотолзуулан, дэлгэр сайхан наадаарай гэж ерөөе. 

Зураг