Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

А.Эрдэнэбаатар: Хөвсгөл аймгийн ирээдүй хамгийн сайхнаар гэрэлтэж байгаа

Д.Энхтүвшин
2014 оны 6 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг
Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарыг хотод ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Аймгийн Засаг даргын ажлыг аваад нэг их удаагүй санагдаж байна. Ажлаа юу­наас эхэлсэн бэ?

-Төрөлх аймгийнхаа За­саг даргаар томилогдоод таван сар болж байна. Би нэг үгийг өөртөө байнга хэлдэг. “Энэ бол зөвхөн ол­ны итгэл, хүндэтгэл шүү” гэж. Улстөрд олон жил явж орон нутагтаа төрийн албыг удаан хашлаа. Улстөрийн орон зайд буюу сонгууль бол­гонд хүмүүс надад итгэлээ харамгүй хайрласаар ирлээ. Тийм ч учраас улстөрд би эрсдэл, ялагдал бараг л үзсэнгүй. Түмний хайр, ит­гэлийг дааж гарч ирсэн нь шагнал, аль эсвэл онцгой хувь тавилан биш гэж боддог.

Тэр ч утгаараа иргэдийнхээ амьдралыг илүү ойрхон мэ­дэрч бодлого зорилгоо эгэл амьдралын бодитой зүйлд хандуулж явна. Засаг даргын мөрийн хөтөлбөрөө “Иргэндээ ээлтэй аймаг” гэж нэрлэсэн. Агуулга нь ерөөсөө л энэ. Миний бод­лоор төр засгийн үндсэн үүрэг нь хүний амьдрах хүсэл сонирхолд дэмжлэг үзүү­лэх явдал. Хүмүүс нэг л хүсэл сонирхолтой. Тэр нь ерөөсөө л сайн сайхан амьдрах шүү дээ. Энэ хүсэл бодолд нь ямар нэг саад бэрхшээл гарахад иргэн төрийн байгууллага, албан хаагчид ханддаг. Тэрэн дээр нь бид үйлчилгээ үзүүлэх ёстой юм.

-Засаг даргын ажлаа нэлээн өвөрмөц арга ба­рилаар эхэлжээ дээ?

-Аймагт улсын төсвөөс 55 тэрбум төгрөг орж ир­дэг. Үүгээр Мөрөн хотыг бай­шин барилгажуулах чиг­лэлд дор­витой анхаарна гэж бодож байгаа. Хэрэг­жүүлэх ч болно.

Бид хяналт, шалгалт, дотоод зохион байгуулалтыг улам эрчим­жүүлнэ. Хамгийн гол нь байшин доторх үйлчилгээ сайн байх ёстой. Тэгвэл төрийн албан дахь сэтгэл ханамж сайжирна. Миний барьж байгаа гол зарчим энэ. Эм­нэлгийн үйлчилгээ, төрийн алба, боловсролын асуудал руу нэ­лээн гүн орж байгаа.

Манайх 6200 төрийн албан хаагчтай, миний командлах ёстой хүн хүч гэж ойлгож, энд зарчим, дэглэм хоёроо тогтоохоор ажиллаж байна. Тэгж байж бид нэгдмэл ойлголттой болж төрийн алба жигдэрнэ. Төрийн албаны ши­нэчлэлийг хү­мүүсийн хүсэл со­­нирхолтой нийлүүлээд явбал үнэ­лэмж нь сайжирдаг. Энэ бол миний үндсэн арга барил.

-Орон нутагт тулгамдсан асуу­дал олон байгаа нь тодорхой. Хам­гийн эхлээд юуг нь барьж авсан бэ?

-Үндсэн асуудал бол ажил­гүйдэл. Манай аймаг хамгийн олон хүн амтай, хамгийн их малтай, зах зээлийн харилцаа боломжийн түвшинд, өргөн хүрээтэй хөгжсөн газар. Гэвч ажилгүйдэл байгаад л байна. Энэ л хамгийн сэтгэл зовоосон асуудал болоод байна.

-Тоймтой тоо хэлж болох уу. Ажилгүйдлийн түвшин яг ямархуу түвшинд байгаа вэ?

-Тоо хэмжээгээрээ улсын дунджийн хэмжээнд яваа. Ажил­гүйд­лийг бууруулах асуудал нь төрийн зорилт байх ёстой юм. Гэхдээ дангаараа шийднэ гэсэн үг биш л дээ. Ажилгүйдэл хэний оролцоотой буурч, багасаж арилах вэ гэхээр гол нь хүмүүсийн амьд­ралын санаачилга юм. Би ийм юм хийж чадна, байгуулж болно гэсэн санаачилгыг төр дэмжих ёстой.

Өөрсдөөр нь ажлын байр бий бол­гуулж, өөрсдөөр нь бү­тээлгэх ме­ханизм их зөв юм. Эхний алхам болгож жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тэд барьцаа хө­рөнгөгүй, зээл авч чаддаггүй бо­лохоор санал санаачилга нь дэм­жигддэггүй. Тэгээд бодлогоо ойлгуулаад арга зүйн сургалт се­минарыг мэр­гэжлийн хүмүүсийг нийслэлээс авч ирж хамруулсан. Дараа нь зээлийн батлан даах санд шууд хамруулж, хөдөлмөр эрх­лэлтийг дэмжих сангийн зээлд “ногоон гэрлээр” оруулан 278 хүн зээл авлаа.

Би тэдэнд “Өөрсдөөсөө гадна хоёр ажлын байр бий бол­гоорой, ингээд бүгдээрээ нийлээд 1000 ажлын байр бий болгоё” гэж хэлсэн. Бүрэн эрхийн хугацаанд 10 мянган ажлын байр бий болгох гэрээг хөдөлмөрийн сайдтай хий­сэн. Түү­нийгээ ч хэрэгжүүлж эхлээд явж байна.

-Өөр ямар тулгамдсан асуудал байна?

-Дараагийн асуудал бол зээ­лийн харилцааг оновчтой өргөн хүрээтэй болгох. Дэд бүтцийн асуу­­­дал үндсэндээ шийдэгдэж бай­­­­гаа. Хойгуураа Улаанбаатар-Булган-Эрдэнэт, дунд чиглэлээрээ Хайрхан-Өлзийт-Дашинчилэн-Лүн-Улаанбаатар гэж засмал за­маар холбогдохоор Засгийн газ­раас концессийн гэрээгээр ороод ирсэн. Босоо тэнхлэгээр Шинэ-Идэр-Жаргал-Ороохын даваа гэсэн зам баригдахаар Засгийн газрын бодлого төлөвлөлтөд орчихлоо.

-Засаг дарга иргэддээ зо­риу­лан бурхан бүтээлгэсэн тухай сонссон юм байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Засаг даргын ажлыг хүлээж аваад удаагүй байхдаа аймгийн шүтээн бурхан нь модоор урласан, хориод жил өнгөрсөн тул шаардлага хангахгүй учраас өөрчлөх гэж байгаа тухай сонссон. Үүнээс өмнө нь надад бурхан бүтээх хүсэл бий болсон юм. Хоёр жилийн өмнө гэр бүлийн хүнээ хүнд өвчнөөр алдаж, их хэцүү байлаа. Залуу сайхан ханиа алдсан болохоор түүндээ зориулж ямар нэгэн зүйл хийж гэмээнэ сэтгэл арай жаахан хөнгөрөх мэт санагдаад болохгүй байсан. Тэгээд Гандангийн хү­мүүстэй уулзаж зөвшөөрлийг нь авсан.

Бурхан бүтээх утга учрыг судалж бурханч лам Г.Пүрэвбат багштай уулзахдаа түмэн олныхоо төлөө бүтээх нь илүү буян хишигтэй гэдгийг ойлгосон. Ингээд хоймор нутгийнхаа 123000 иргэн, 35000 өрх айл эрүүл энх сайн сайхан байхыг бэлгэдэж 90Х75 харьцаатай бурхан багшийг бүтээлгэж залсан.

Нутгийн зон олон маань ч их сайхан хүндэтгэлтэй хүлээж авсан. Цаасан шуумал энэ бурханг Г.Пүрэвбат багшийн шавь нар 40 хоног урласан. Ханийн минь дүү нар, хүүхдүүдтэйгээ нийлж бүтээлгэсэн. Сэтгэл санаа сайхан уужирдаг юм байна.

-Хөвсгөл аймаг дотоодын аялал жуулчлалын томоохон түшиц га­зар. Энэ талаар шинэчилж өөрч­лөх, сайжруулах олон ажил байгаа нь тодорхой?

-Аялал жуулчлалын бодлого нь бидний хөгжлийн гарц, боломж учраас тодорхой бодлого хэрэгтэй. Энэ талд би шүүмжлэлтэй ханд­даг. Аялал жуулчлалын бүсийн төв гээд л байна. Гэтэл жуулчид Мөрөнд буу­гаад юу үзэх вэ, яаж аялах вэ. Энэ бол асуудал. Тийм ч учраас жуулчид Мөрөнд саатдаггүй. Сүүлийн үед хувийн хөрөнгө оруулалтаар гурван ч том зочид буудал барьсан.

Гэтэл өдрийн орлого нь 200 мянган төг­рөг. Үнэндээ хүнд байдалд бай­­на. Тийм учраас Мөрөн хот дотор жуулчны гудамж, цэцэрлэгт хү­рээлэн байгуулахаар ажил эх­лээд явж байна. Засгийн газрын хө­рөн­гө оруулалтаар “Цаатан” му­зей байгуулна. “Цаатан” музей жуулч­дын сонирхлыг татах өвөрмөц үзвэр болно.

-Тухайлбал?

-Урианхай ястны онцлогийг ха­руулсан аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болох Алунгоо эхийн сургаалийн баярыг долоо­дугаар сарын 29-нд хийнэ. Дархад ястны онцлогийг харуулсан Бош­лой хадны баярыг дархадууд са­наачлан гаргаад ирлээ.

Нутгийн сайд Ц.Оюунгэрэл дэмжинэ гэ­сэн. Наймдугаар сард болно. Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас санаачлаад 50:100 дугаар өргөргийн огтлолц­лын цэгт үйлчилгээ нээж сарлаг, тэмээ унуулъя, унага та­туулъя гэсэн. Бүрэнтогтох су­мын­хан Дамдин­базарын 140 жи­лийн ой бо­лох гэж байна.

Чин­гүн­жав болон хутагт­тай хол­боотой түүх дурсгалын газруудыг жуулчлалын үзвэр бол­гоё гэнэ. Арбулаг сумынхан Чингүнжавын буюу Хотгойд овоог аймгийнхаа тахилгат овоо болгоё гэснийг төлөвлөгөөгөө хийгээд ир гээд явуулсан. Энэ бүхнийгээ бид “Мөн­гөн цагираг” гэж нэрлэж байна. Бүгд ажил хэрэг болоод ирэхээр гадаад дотоодын жуулчид, аялагчид “Мөнгөн цагираг”-ийн дагуу хоймор нутгаар аялах юм.

-Хөвсгөл далай бол зөвхөн хой­мор нутгийн төдийгүй Мон­голын бахархал болсон газар. Да­лай хам­гаа­лал болоод их усыг тойр­сон асууд­луудын тухайд та юу хэлэх вэ?

-УИХ-ын гишүүн Л.Энх-Ам­галангийн оролцоотойгоор Хөвс­гөл далайн төлөвлөлтийн асуу­­дал то­дорхой болсон. Хамгийн эхлээд далайгаа дэлхийн өвд бүртгүүлэхээр судалгааны ажил явагдаж байна. Дэлхийн өвд бүртгүүлэх нь нуурын хамгаалалт, хайрлан дээдлэх асуу­дал нь Олон улсын түвшинд баталгаатай болж ирнэ.

Хөвсгөл далайтай хүйн холбоотой Байгаль нуур дэлхийн өвд бүртгэгдчихсэн. Мөн цэнгэг устай нуурыг цэвэрлэх асуудал их чухал. Далайн гүнд асар их бараа бүтээгдэхүүн, машин техник бий. Үүнийг Л.Энх-Амгалан гишүүн санаачлаад оросууд ирж хайгуул хийсэн. Чехүүд оролцъё гэсэн санал тавилаа. Далайн гүнд 110 метрт шумбаж эхний тан­дал­таар живсэн зүйлсийг тоол­сон. Бо­ломжоороо тохирсон хуга­цаандаа цэвэр­лэнэ гэж байгаа.

Да­лайн гүнд хүрч амжаагүй, энэ бол маш хүнд асуудал. Далайг тойрсон жуулчны газруудын үйл ажиллагаатай хол­боотой хөрсний бохирдол бас нэг асуудал болоод байна. Ил задгай хог хаягдал нь нуур руу орж байна. Энэ бол хүмүүс үүрэг хариуцлагаа ухамсарлаж, нэгдмэл нэг ойл­гол­тод хүрэх, ер нь сэтгэлгээний асуу­дал шүү дээ. Аялал жуулчлал эрх­лэгчдийн айм­гийн зөвлөгөөнийг бид энэ зургаадугаар сард хийж бодлогын асуудлаа ярина.

-Энэ жил дулааралтай холбоо­тойгоор мөсний баярыг цуцласан гэсэн. Үүнд далайн эргийн оршин суугчид сэтгэл дундуурхан л үлдсэн байх даа?

-Мөсний баярыг хувийн хэв­шилд шилжүүлэхээр болсон. Ерөө­сөө төрийн мэдэлд байгаад хэрэг­гүй гэдгийг ойлгосон. Энэ жилийн захирамжтай холбоотой хэл ам, гом­дол шүүмжлэл их гарсаан. Тэр үед мөсний зузаан 57 см байсан. 80 см байхад болно л доо. Хэдэн зуун машин, олон мянган хүн цуглана. Тэд үгэнд орохгүй шүү дээ.

Эрсдлээс сэргийлэх нь бидний үүрэг юм. Жуулчны баазынхан, далай дагаж худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд гомдолтой байна лээ. Арга ч үгүй л дээ. Ирэх жи­лээс энэ баярыг аймгийн аялал жуулчлалын холбоо авч явна. “Женко тур” наадмыг авах санал тавьж мөсөн урлаг, fashion шоуг утгаар нь үзүүлнэ гээд гоё гоё юм ярьсан. Гэхдээ бүхэл бүтэн холбоо нь байхад ганцхан компанид өгөхгүй гэсэн санал давамгайлсан.

-Та аймгийнхаа хөгжлийн ирээ­дүйг хэрхэн хардаг вэ?

-Хөвсгөл аймаг бол хамгийн олон хүн ам, мал, ажиллах хүчтэй, аялал жуулчлал хөгжих боломж бүхий зах зээлийн харилцаанд өргөн хүрээнд өсөн хөгжих ирээ­­дүйтэй нутаг. Олон ястны уламж­лалт харилцаа, хандлага энэ газар нутаг дээр тогтчихсон. Энэ бүх зүйлс бидний хөгжлийн тулгуур хүчин зүйлс юм.

Бид одоо улсаас татаас авч амьдардаг цөөхөн айм­гийн нэг. Тэгэхээр өөрөө үйлд­вэрлэдэг, орлогоо бүр­дүүлж ажил амьдрал өөдрөг өнгө, чанартай болгох нөхцөлийг бүрдүүлэх учир­тай. Тиймээс уул уурхай руу, байгаль орчин руугаа ч боломжит хэлбэрээр орохоос өөр аргагүй. Өмнө уламжлагдаж ирсэн уул уур­хайн нэг бодлогыг дэмжиж яваа.

50 дугаар өргөрөгөөс хойших газар нутгийг тусгай хэрэгцээнд авч ухахгүй, төнхөхгүй, малтахгүй гэсэн. Энд алт нүүрс олборлох эсэхийг тухайн газар оршин сууж буй иргэд л мэднэ. Эрхийг нь тэдэнд өгсөн гэсэн үг. Тэрнээс урагших нөөц нь тогтоогдсон газруудыг хөвсгөлчүүд ашиглаж бие даасан хөгжлийн бодлогоо тодорхойлох ёстой гэж боддог. Хүссэн хүсээгүй боломжит энэ нөхцөл рүү орж байж улс орон хөгжинө. Гэхдээ ирээдүй хойч болоод байгаль орчинд эрс­дэлгүй байхыг эн тэргүүнд тавина. Манайд нүүрсний нөөц их бий. Могойн гол, Хорих гээд л.

Мөн янз бүрийн рашаан ус их бий, энэ бүгд сувилал аялал жуулчлалын үйлчилгээ болоод хөгжих ёстой. Би аймгийн Засаг даргын хувьд нутгийнхаа хөгжлийн ирээдүйг бүр ч тод томруунаар хардаг. Ирээ­дүйд дэд бүтцэд суурилсан хөгжил, дэвшил нүргэлнэ. Нийс­лэлтэйгээ гурван чиглэлээр засмал замаар холбогдоно. Бие даасан хараат бус цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болчихсон. Энэ бол манай нутгийн том боломж юм. Нөгөө талдаа хүн хүчний асуудал байна. Бид ирээдүйгээ сайн бэлдэх хэрэгтэй.

Ер нь миний чин хүсэл, сэтгэл бол төр, иргэн хоёрыг ойртуулах. Төр нь иргэндээ үйлчилдэг, сайн сайхан амьдрах хүсэл сонирхлыг дэмждэг, аюулгүй амар амьдрах орчныг бүрдүүлдэг иргэд нь үүнд сэтгэл хангалуун байдаг ийм л Хөвсгөл нутгийн төлөө уйгагүй хөдөлмөрлөнө.

Эцэст нь хэлэхэд иргэддээ төр засгийнхаа энэ ажлыг дэмжиж, оновчтой шүүмжилж ажиллаарай. Энэ дээр бидний хамтын ажиллагаа үр дүн харагдах болно гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Зураг