Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Төгөлдөр: Бүртгэлийн хуудсаа баталгаажуулаагүй бол шалгалтад оруулахгүй

Б.Туул
2014 оны 5 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр зэхэж буй хүүхэд бүрт үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс бид БШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвтэй хамтарч та бүхний сонирхсон асуултад хариулдаг билээ.

Тиймээс энэ удаа элсэгчдээс ирсэн зарим асуултад БҮТ-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс дараах хариултыг авлаа.

-Өнгөрсөн жилүүдэд математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэгээр хамгийн олон хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байсан. Харин энэ жил ямар хичээл байна вэ?

-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр нийт 38332 хүүхэд бүртгүүлсэн. Эдгээрээс 32493 нь энэ жилийн төгсөгчид, үлдсэн 5839 нь өмнөх оны төгсөгч байна. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хичээлийн хувьд, өнгөрсөн жилүүдтэй адилхан байна.

-Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүд суудлын хуваариа онлайнаар авч байraa гэсэн үү?

-Тийм ээ, урьд нь суудлын хуваарийг тухайн ондоо төгсөж байгаа бол суралцаж байгаа сургуулиар нь, өмнөх оны төгсөгч бол манай мэргэжилтнүүд тараадаг байсан. Харин энэ жилийн хувьд бүртгүүлэгч энэ сарын 15-аас хойш манай цахим хаягаар ороод, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан, суудлын хуваариа өөрөө хэвлэн авч байгаа.

-Суудлын хуваариа хэвлээд авчихсан хүүхдүүд одоо юун дээр анхаарах вэ?

-Өмнөх оны шалгуулагчид бүртгэлийн хуудсаа Боловсролын үнэлгээний төв дээр ирж гарын үсэг, тамга даруулж баталгаажуулна. Бүртгэлийн хуудсан дээрээ баталгаажуулалт хийлгэж амжаагүй байгаа шалгуулагчид зургадугаар сарын 13-ны 17:00 цагаас өмнө ирж бүртгэлийн хуудсан дээрээ баталгаажуулалт хийлгүүлэх шаардлагатай. Ингэж байж бүртгэлийн хуудас хүчинтэй болно.

Гарын үсэг зуруулаагүй бол шалгалтад оруулахгүй. Мөн шалгалт өгөхөөр ирэхдээ суудлын хуваарь бүхий шар хуудас, бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхээ авчрахаа мартаж болохгүй.

-Энэ жилийн элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалт өгч байж бусад шалгалтад орох эрхтэй болно. Тухайн хүүхдийг шалгалт өгсөн эсэхийг яаж мэдэх вэ?

-Монгол хэл, бичгийн шалгалт өгсөн бүртгэлийн хуудсанд хянагч багш нар ялтас наана.Үүгээр нь шалгалт өгсөн эсэхийг мэднэ. Энэ шалгалтыг заавал өгч байж, элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах эрхтэй. Анх удаа авч байгаа учраас босго оноо тогтоогоогүй.

Ерөнхийдөө монгол хүний эх хэлний хэрэглээний түвшинг сайжруулахын тулд цаашид ямар арга хэмжээ авах, өнөөдрийн бодит байдал ямар байгааг тогтоох зорилготой. Ирэх жилээс босго оноо тогтооно.

-Танай байршил солигдсон гэсэн?

-Боловсролын үнэлгээний төв нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн замын эсрэг талд байрлах “Оюуны Ундраа” группийн байранд нүүж орсон.

Зураг