Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ ДАХЬ ТАМХИНЫ ЭСРЭГ 10 КАМПАНИТ АЖИЛ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Тамхичин ба тамхи татдаггүй хүний нүүрний байдлыг харьцуулсан нь

- Америк дахь тамхины эсрэг тэмцэл 50 жилд -

Америкт 1964 оноос эхлэн тамхины тухай Эрүүл мэндийн газрын тайлан жил бүр гарах болсон билээ. Тэр цагаас хойш Америк дахь тамхины хэрэглээ алгуур буурсаар ирсэн юм.

Энэ тайланг анх гарч байх үед АНУ-ын насанд хүрсэн иргэдийн бараг тал хувь нь тамхи татдаг байсан бол одоо таван хүн тутмын нэг нь тамхичин гэнэ.

 Манай улс  Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн батлаж өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ хуультай холбоотой олон талархал, шүүмжлэл байдаг. Энэхүү хуулийг дахин шинэчлэх асуудал яригдаж байна. Хууль санаачлагчид АНУ-ын жишээнээс санаа авч болно. 

Ингээд Америкчуудын тамхины эсрэг тэмцсэн 10 ажлыг харцгаая. 

1. Америкт анх тамхины хайрцган дээр анхааруулга хэрэглэсэн
1966 онд засгийн газрын шийдвэрээр дэлхийд анх удаа тамхины хайрцган дээр тамхины хор уршгийг сануулсан анхааруулга байрлуулдаг болсон.

2. Нийтийн эрүүл мэндийн сурталчилгаа, тамхины сурталчилгаатай тэмцэл хийж эхэлсэн
1960-аад оны үед тамхины сурталчилгаа бүх ТВ, радио сувгаар гардаг байжээ. Гэвч 1967 оноос эрүүл мэндийн байгууллагуудаас тамхины сөрөг сурталчилгаа хүчтэй нэвтрүүлж эхэлжээ. Тэгвэл тамхины хамгийн сүүлчийн сурталчилгаа 1971 онд Жонни Карсоны үдшийн шоуны үеэр цацагдаж, түүнээс хойш хориглогдсон юм.

3. Дам тамхины хор уршиг яригдаж эхлэв
1972 оны Тамхины тайланд анх удаа дам тамхидалтын талаар дурджээ. Гэхдээ энэ тухай бүрэн тоо баримт 12 жилийн дараа л анх гарсан байна. Тэгвэл 1964 оноос хойш 2.5 сая тамхи татдаггүй хүн хэт тамхины хэрэглээтэй орчинд удаан хугацаагаар байсны улмаас эрүүл мэндээ хохироож амь насаа алджээ.

4. Тамхийг хориглосон анхны муж Аризона
Аризона муж улс анх удаа 1973 онд хууль гаргаж засаг захиргааны байрнууд, эрүүл мэндийн байгууллагууд болон бусад олон нийтийн газарт тамхи татахыг хоригложээ.

5. Арми дахь тамхины хорио
Арми, зэвсэгт хүчин бүхэлдээ 1975 оноос цэргүүдэд  тамхи хуваарилахыг зогсоожээ. 1994 оноос дотор орчинд тамхи татахыг бүрэн хориглосон боловч шумбагч онгоцны багийнханд энэ дүрэм үйлчилдэггүй байж. Тэгвэл 2010 оноос үүнийг мөн хоригложээ.

6. Татвар авдаг болсон нь
1988 онд Калифорни муж тамхины татвар гаргажээ. Үүнээс цугласан орлогоор мужийн хэмжээнд үйлчлэх тамхины хяналтын хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна. 1995 онд Калифорни  бар, ресторанд тамхи татахыг хориглосон анхны муж болжээ.

7. Никотины нөлөөг бүрэн тогтоов
1988 онд л Тамхины тайланд анх удаа бүх төрлийн тамхинд ордог (электроник тамхинд ч мөн адил) никотин бодис нь донтуулах нөлөөтэйг зарлажээ.

8. Тэнгэрт ч тамхи татах хориотой
Конгресс 1990 онд АНУ-ын дотоодын нислэгүүдийн үед тамхи татахыг хориглов.

9. Хяналт бүр чангарав
FDA (The Food and Drug Administration) 1996 онд анх удаагаа тамхины үйлдвэрлэл, сурталчилгааны үйл ажиллагааг хянахыг оролдов. 
Түүнээс гурван жилийн дараа тамхины компаниудад Америкын олон нийтэд худал сурталчилгаа явуулсан асуудлаар хэрэг үүсгэж шүүхэд дуудсан байна. 2006 онд Холбооны шүүх тамхины компаниудыг буруутайг тогтоожээ. Ингээд 2009 оноос “Гэр бүлийг тамхинаас хамгаалах, Тамхины хяналтын тогтоол”-ын дагуу FDA нь тамхи үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд (үйлдвэрлэлээс сурталчилгаа борлуулалт хүртэл) хяналт тавих болжээ.

10. Америк тамхичдын тоо 50 гаруй хувь хорогдсон
1964 онд насанд хүрэгчдийн 42 хувь нь тамхи татдаг байлаа. Өнөөдөр энэ хувь 18 хувь болж буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хангалттай хурдан бүүрахгүй байна. Тухайлбал 1980 онд энэ тоо 33 – 26 хувь болж буурсан бол тэр цагаас хойш 23 жилийн хугацаанд найман хувь буураад байна. 

2010 оны байдлаар 25 мужид тамхи хэрэглэхийг хориглох хууль гараад байгаа гэнэ. Бүр зарим нь утаа гаргадаггүй электрон тамхийг ч хориглож эхлээд байгаа юм.

Хэдийгээр ийнхүү тэмцэл өрнүүлж байгаа ч өнөөдөр  АНУ даяар 88 сая хүн өдөр тутмын амьдралдаа тамхины дам хордолтод өртөж зуурдын үхлийн хамгийн том шалтгаан нь тамхи байсаар байна.

Сүүлийн үеийн бодлогын гол цөм нь ирээдүй үеийг энэ хорт зуршлаас хол байлгахад чиглэж байгаа юм.