Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

IPHONE 6: Бүх таамаглал, цуурхлыг нэгтгэвэл…

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Жил бүр хүмүүс Apple компанийг ямар загвартай iPhone гаргах бол хэмээн хүлээцгээдэг. Энэ хүлээлтийг дагаад олон янзын цуурхал тардаг билээ.

Тэгвэл дараачийн iPhone-ы талаар өнөөг хүртэл гарсан бүх цуу яриаг нэгтгэж байна. Таарах магадлал 50-аас дээш хувьтай гэж бодож байна.

  1. Загварын хувьд iPhone 5/5S-ээс өөр байх болно. Түүхээс харахад Apple компани төхөөрөмжийн хийц дизайнаа хоёр жил тутамд нэг сольдог. Тэгэхээр энэ жил гарцаагүй солигдох байх.
  2. Илүү том дэлгэцтэй гарах магадлал өндөр. Самсунг компани хэрэглэгч том дэлгэцэнд дуртайг баталсан. Тиймээс дараачийн iPhone том дэлгэцтэй гарна гэж үзэцгээж байна. Бүр 4.7, 5.5, 6 инчийн гурван сонголттой гарахыг ч үгүйсгэхгүй байна.
  3. Илүү нимгэн iPhone гарах тухай ярьцгааж байна. Уг нь iPhone хангалттай нимгэн утас. Гэхдээ хүмүүс өшөө илүү нимгэнийг хүсэж байна. Зарим нь 6 миллиметр болох байх гэж байгаа. Одоогийнх нь 7.6 миллиметр л дээ.
  4. Камерны сайжруулалт. Зураг авах нь маш чухал хэрэглээ тул камерны сайжруулалтад эцэс төгсгөл байхгүй. Гэхдээ энэ удаа 8 мегапиксел хэмжээг хэвээр үлдээж харин “optical image stabilization” буюу дүрсийг илүү цэвэрхэн буулгадаг технологи нэвтрүүлэх байх.
  5. Чипийг нь сайжруулж илүү хурдан болгоно. Жил бүр л Apple утасныхаа чипийг сольж хурдыг нь эрс нэмэгдүүлдэг. Энэ уламжлал хадгалагдаж А8 чипээ нэвтрүүлэх байх. Одоогийн чип нь А7 байгаа.
  6. Баттерейны багтаамж нэмэгдэнэ. Мэдээж дэлгэц томорч байгаа болохоор түүнийг тэжээх баттерей нэмэгдэх ёстой. Хэмжээ томорч байгаа тул илүү том баттерей багтаах орон зай ч нэмэгдэнэ.
  7. Нэрний хувьд? Хамгийн амархан хариулт бол iPhone 6. Гэхдээ өөр нэг хувилбар нь Macbook Air, iPad Air гэх мэттэй ижлээр iPhone Air гэж нэрлэгдэх магадлал өндөр байна.
  8. iPhone 5C юу болох бол? Apple iPhone 5C-гээ цааш үргэлжүүлэх үү? Эсвэл зогсоож зөвхөн 5S-ээ үлдээх болов уу? Эсвэл 5C-ын гадаад хэлбэрийг үлдээж 5S-ээр дотор талыг нь солих уу? Сүүлийн үеийн мэдээллээр 5C загвар нь төдийлөн амжилт олоогүй сурагтай. Тэгэхээр бүтээгдэхүүний цувралдаа засвар оруулж нэг тийш нь шийдэх байх
  9. Хэзээ шинэ iPhone гарах вэ? Үүнд хоёр хувилбар яригдаж байгаа. Нэг бол 5 сард, үгүй бол 9 сард. Гэхдээ уламжлалыг харвал 9 сард гарах магадлал нь хамгийн өндөр.